Цар тахал үүсгэгч SARS-CoV2 вирусийн анхны халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн биед үлдсэн эсрэг биетүүд Африк тэргүүтэй газруудад хувьсаж, тархсан зарим шинэ хувилбаруудын эсрэг тэмцэх чадвар сул хэмээн эрдэмтэд мэдээлжээ.
Судалгаанаас үзэхэд Африкт үүссэн шинэ хувилбар илүү хүчирхэг агаад өмнөх хувилбаруудтай харьцуулахад хүний биед нэвтэрсэн даруйдаа эсийг шууд өвчлүүлэхэд бэлэн байдгаараа аюултай аж. Өмнөд Африкийн тэргүүлэх халдварт өвчин судлаач Салим Абдул Каримын хэлснээр шинэ хувилбар өмнөхөө бодвол 50 хувиар хурдан тархаж байгаа нь дээрх шалтгаантай холбоотой гэнэ.
Шинэ хувилбарын халдварыг өнгөрсөн оны сүүлээр Африкийн мэргэжилтнүүд илрүүлж, 501Y.V2 хэмээн нэрлэсэн юм. Шинэ хувилбар Африкт маш хурдтай тархаж, энэ сарын эхээр гэхэд нэг өдөрт 21 мянган хүн шинээр халдвар авсан аймшигт тоо бүртгэгдсэн билээ.
Түүнээс гадна Англи, Бразил, Орос зэрэг улсуудад өөр өөр шинэ хувилбарууд үүсч, цар тахлын эсрэг тэмцлийг улам хүндрүүлсээр байгаа юм. Абдул Карим “Нарийн шинжилгээ судалгаануудын үр дүнгээс харахад байгалийн жамаар үүссэн эсрэг биетүүд шинэ хувилбарын эсрэг тэмцэх чадвар бага байна. Гэхдээ шинэ хувилбар тээгчээ хүндээр өвчлүүлэх нь харьцангуй бага байгаа юм” хэмээн тайлбарлажээ.
Нэгдсэн Вант улсын эрдэмтэд, улстөрчид шинэ хувилбаруудын эсрэг вакцин хэр үр дүнтэй байх эсэхэд санаа зовних болсноо илэрхийлэх болсон юм.
Эх сурвалж: REUTERS