Я.Содбаатар: Стратегийн том алдаа гаргаагүй ч огцрох өргөдлөө өгнө

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

Я.Содбаатар: Стратегийн том алдаа гаргаагүй ч огцрох өргөдлөө өгнө

УОК-ын удирдлага Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцорлоо

УОК-ын удирдлага Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцорлоо#NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, January 20, 2021

НЭМЭЛТ: 

Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Шадар сайд Я.Содбаатар" Монгол Улс цар тахлыг дотооддоо алдалгүй 10 сар ажилласны таван сар нь шинээр бүрдсэн Засгийн газрын ажилтай холбоотой байсан юм. Би энэ хугацаанд Шадар сайдаар ажиллахдаа стратегийн том алдаа гаргаагүй. Бид дэлхийд цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж буй таван орны нэг. Цар тахал нийтийн өвчлөл болоогүй. Удахгүй вакцин оруулж ирж, бүх нийтэд хийхээр төлөвлөж байсан. Энэ хүнд цаг үед хамтран ажиллаж байсан Онцгой, цагдаа, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарынхандаа талархал илэрхийлье. Огцрох хүсэлтээ өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлнэ" гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Ард иргэдээ цар тахлаас сэргийлэхийн тулд бүх л хүч чадлаа дайчлан хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Олон жил явж ирсэн буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажилласан. Үүний үр дүнд тодорхой өөрчлөлт үр дүн гарсан. Хэдэн хариуцлагагүй хүний үйлдлээс болж, хэдэн мянган эрүүл мэндийн салбарынхны ажлыг үгүйсгэж болохгүй. Эрүүл мэндийн сайдын албанаас чөлөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно. Дахин хэлэхэд, ард түмнээсээ уучлал хүсч байна" гэлээ.

Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцорно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа хоёр гишүүнд хариуцлага тооцон, огцруулахаар болжээ. Тодруулбал, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт хариуцлага тооцон огцруулахаар болсон гэх мэдээлэл байна.

Covid-19 цар тахал дотоодод дэгдсэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нээс Монгол Улс хатуу хөл хорионы дэглэм тогтоон ажилласан. Үндсэндээ дэглэм хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилж байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбартай холбоотойгоор асуудал үүсч иргэн амиа алдсан харамсалтай хэрэг болсон бол хамгийн сүүлд буюу өчигдөр Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхийг Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү тусгаарлахдаа хүнлэг бус хандсан явдал нь олон нийтийн шүүмжлэлтэй тулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй дээрх нэр бүхий хоёр сайдад хариуцлага тооцох ёстой гэх саналыг сөрөг хүчин болон иргэдийн зүгээс тавьсан. Иймээс Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд хоёр сайддаа хариуцлага тооцохоор болсон нь энэ бололтой.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 19.00 цагийн орчимд мэдээлэл хийнэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
БурууБуруу
18
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
11
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж