НЭМЭЛТ:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэн батлав. УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилуулах саналаа ирүүлсэн юм.
Хуульд зааснаар Үндэсний статистикийн хорооны даргыг зургаан жилийн хугацаатай томилдог.
УИХ-ын нэр бүхий гишүүд Үндэсний статистикийн хорооны даргад нэр дэвшигчид хандан “Үндэсний статистикийн хорооноос гаргадаг мэдээллийг шинэ төвшинд хүргэх. Үнэн бодитой байхад анхаарах ёстой” гэсэн захиас дайв.
Б. Батдаваа нь 2002 онд ерөнхий боловсролын сургууль, 2007 онд Тайваний Минг Чиуны их сургууль, 2012 онд Люксембургийн их сургуулийг тус, тус төгссөн байна. Англи, хятад хэлтэй. 2007-2012 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Валют, эдийн засгийн газарт нягтлан бодогч, эдийн засагч, нөөцийн мэргэжилтэн, дилер, ахлах мэргэжилтэн, ахлах дилер, 2013-2016 онд Төлбөрийн тэнцлийн статистикийн судалгааны хэлтсийн захирал, 2016-2019 онд Гадаад валютын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал, Зах зээлийн газрын захирал, 2019 оны хоёрдугаар сараас Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллажээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Б. Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар батлахыг дэмжив.
Мөн чуулганы хуралдаанаар Патентын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн бол Музейн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Чуулганы өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлээд байна.
АН-ын бүлэг Хөдөлмөрийн хуулиар завсарлага авав
НЭМЭЛТ:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат дахин гурав хоногийн завсарлага хүслээ. Завсарлага хүссэн үндэслэлдээ "Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг сайтар хэлэлцэж, нягтлахгүй бол ажил олгогч болон ажилтан, албан хаагчийн хөдөлмөрлөх эрхэнд халдсан засах шаардлагатай заалт байна" гэж тайлбарласан юм.
Мөн тэрбээр Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд хүнлэг бус хандсан энэ үйлдэлд Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт хариуцлага тооцох ёстой гэж мэдэгдлээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 9-нд товлов
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс Лхагва гаригт чуулганы нэгдсэн хуралдааныг товлосны дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Чуулганы хуралдааныг эхлүүлсэн даруйдаа УИХ-ын дарга Г.Занданшатар Нэгдүгээр төрөх эмнэлэгт нярайлсан эхийг Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шилжүүлэхдээ хүнлэг бус хандлага гаргасанд УИХ-ын нэрийн өмнөөс уучлал гуйж, байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс мэдэгдэл ирүүлсэн. Цар тахлын үед онцгой дэглэмийн горимыг мөрдүүлэхдээ хүнлэг бусаар, хүний эрхийг зөрчсөнд харуусал илэрхийлж, уучлал гуйжээ. Мөн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардсан байна. Ээжээс төрөөгүй хүн байхгүй. Тэр дундаа монголчууд бид ээжийгээ их дэлхийтэйгээ зүйрлэж, хүндэлж ирсэн уламжлалтай ард түмэн. Өнөөдөр хүнд хэцүү цагт ч бид монгол ёс заншил, үнэт зүйл, хүний эрхийг зөрчих ёсгүй. Нэгдүгээр төрхөд төрсөн Covid-19 халдвартай ээжид гаргасан хандлага, бүдүүлэг арчаагүй алдааг бид тэвчиж дуугүй өнгөрөх ёсгүй. Халдвар дотооддоо алдсан байгаа энэ цаг үед халдвар хэнд ч халдаж болно. Энэ үйл явдал нийгмийг бүхэлд нь цочроолоо. Сэтгэл, ухаан дутсан, ажилдаа хүйтэн цэвдэг хандаж байгаа дүр зурагтай эвлэрэх ёсгүй. Энэ асуудлаар Улсын онцгой комисст шаардлага тавьж, ярьсан. Шадар сайд Я.Содбаатар холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүрэг чиглэл өгч ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Энэ хүнд цаг үед ч төрийн бүх шатанд хүнээ дээдэлсэн, хүнлэг үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлэх болсон нь энэ жишээ харуулж байна. хариуцлагагүй үйлдлүүдэд хариуцлага тооцож, нийгмийн хүлээлтэд шударга хандахыг чухалчлан анхаарахыг шаардаж байна. Шинэ төрсөн ээжээс, гэр бүлээс нь, ард иргэдээсээ уучлал хүсч байна. Монголын төр ард иргэдийнхээ төлөө тасралтгүй шударга ажиллах үүрэгтэй. Асуудлыг улстөржүүлж болохгүй. Хариуцлага сахилгыг хаана хаанаа сайжруулж, иргэнээ дээдэлсэн төр Үндсэн хуулийг сахин ажиллах үүрэгтэй гэдгийг онцгой анхааруулж байна” гэлээ.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхэд олонхи нь дэмжин, батлав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-н байхаар тусгасан юм.
Мөн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулахад 28 тэрбум төгрөгийн зардал шаардаж буй бол УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэг тэрбум орчим төгрөг шаардагдах тооцоо гарсан байдаг. Иймээс зардал хэмнэх үүднээс УИХ-ын нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамт нэг өдөр хийх зохицуулалт тусгаад буй.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөлд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг тус тус зөвшөөрөхөөр тусгасныг санал нэгтэй батлав.
Дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахын өмнө Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат дээрх хуулийн төсөл нь банк, түүний харилцагч хоорондын асуудлыг хөндөж байгаа учраас Монголбанкны мэдээллийг сонсож нэгдсэн ойлголттой болох, бүлэг дээрээ сайн ярилцаж байр сууриа нэгтгэх, түүнчлэн Байнгын хороо, ажлын хэсгийн хүрээнд дахин сайтар нягтлах шаардлагатай байна гэсэн үндэслэлээр хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага аваад байв.
Намын бүлгийн авсан завсарлагын хугацаа дууссан тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 23 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 4.2 дахь хэсгийг “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани хэлбэртэй, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй байна." гэж, төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу 3.1.20 дахь заалтыг “банкны системд нөлөө бүхий банк" гэж банкны хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал зэрэг шалгуурыг нэгэн зэрэг баримтлан банкны тогтолцоонд нөлөөтэй гэж Монголбанкнаас тогтоосон банкийг”гэж тус тус өөрчлөн найруулах ажлын хэсгийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Мөн төслийн 2 дугаар зүйлийн "30.3 дахь хэсгийн “бүрэн эрхт төлөөлөгчийн" гэсний дараа “оролцоо", “саналаар” гэсний дараа "хурал, хурлын шийдвэр” гэж" гэснийг “банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрхээс үл хамааран бүрэн эрхт төлөөлөгчийн оролцоо, шийдвэрээр хурал, хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.” гэж өөрчлөн найруулж, 2 дугаар зүйлээс хасаж 3 дугаар зүйлд шилжүүлэхээр тогтов.
Төслийн 2 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтын "хувьцаа эзэмшигчийг" гэсний дараа “банкны хувьцааны эцсийн өмчлөгчийн эрхийг шууд бусаар хэрэгжүүлдэг этгээдийг;” гэж," гэснийг “3.1.12."банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, тэдгээрийн эцсийн өмчлөгч хүн, эсхүл банкны бодлого, шийдвэр болон удирдлагад нөлөөлөхүйц хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч хүнийг;" гэж өөрчлөн найруулах саналыг дэмжив. Харин төслийн 2 дугаар зүйлийн "3.1.16 дахь заалтын “хяналт шалгалтаар” гэсний дараа "банкны зохистой засаглал алдагдсан буюу" гэж," гэснийг “3.1.1б.“банкны нөхцөлт удирдлага" гэж Монголбанкны хяналт шалгалтаар банкны зохистой засаглал алдагдсан, эсхүл банк богино хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. эсхүл банкны удирдлагыг хэрэгжүүлж байгаа этгээд, албан тушаалтан хуулийг ноцтой зөрчсөн нь банкны үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл үүсгэсэн, эсхүл банк их хэмжээний алдагдал хүлээх эрсдэл нэмэгдсэн, төлбөрийн чадвар муудаж байгаа нь тогтоогдсон бол тухайн банкны хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн байдлыг нь сайжруулах зорилгоор банкны удирдлага, зохион байгуулалт, санхүү. үйл ажиллагаатай нь холбогдуулан хуульд заасны дагуу Монголбанкнаас авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээг;” хэмээн өөрчлөн найруулж, 2 дугаар зүйлээс хасаж 3 дугаар зүйлд шилжүүлэхээр тогтов.
Холбоотой мэдээ