Нийслэлийн Нэгдүгээр амаржих газарт төрсөн эхээс covid-19-ийн халдвар илэрч, ХӨСҮТ рүү зөөвөрлөхдөө дэндүү хүнлэг бус үйлдэл гаргасныг Eagle телевизээр үзсэн харсан, сонссон бүхэн уурлаж, бухимдаж, зарим нэг нь Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийллээ.
Хасах 25 хэмийн хүйтэнд хүүхдийг нь тэврүүлээд хөл нүцгэн хөөж гаргасан Нэгдүгээр төрөхийнхөнд ядаж ганц хөвөнтэй хөнжил нөмрүүлчих сэтгэл яагаад төрсөнгүй вэ. Эх хүүхдийг эсэн мэнд төрүүлэхээс эхлээд эрүүл мэндэд нь анхаарал тавих нь эмнэлгүүдийн, эмч, сувилагч, асрагчийн үүрэг. Гэтэл цар тахлын үед хэрхэн, яаж ажиллах зохион байгуулалт, бүр сэтгэл зүйн бэлтгэл, бэлэн байдал ч Монголын эмч, сувилагч, эрүүл мэндийн байгууллагын дарга нарт огтхон ч алга. Уг нь цалингаа аваад, ажлаа хийж байгаа хүмүүс шүү дээ.
Энэ бол ганц эмэгтэйд тохиолдсон явдал биш, манай Монголын эрүүл мэндийн салбарын байгаа царай нь ердөө энэ. Сүүлийн 30 жилд эрүүл мэнд, боловсролын тогтолцоогоо Монгол Улс гаргуунд нь хаячихсан. Хэзээ нэгэн цагт энэ байтугай л юм болох байсан, болж ч байсан. Нэгдүгээр төрөхөд өмнө нь өч, төчнөөн нярай хүйн халдвар тусаж амиа алдаж байсан. ХӨСҮТ-д улаан бурханаар олон хүүхэд эндэж, эмнэлэгт нь ганц ширхэг амьсгалын аппаратгүй байлаа.
Энэ мэт олон жилийн турш манай эрүүл мэндийн салбарынхан хайнга, хэнэггүй, хариуцлагагүй, хүйтэн, хүнлэг бус явж ирсэн. Ямар сайндаа л хорт хавдраар өвчилсөн амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүнээс авлига нэхэж суух вэ.
Мэдээж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар нь хангаж ажиллаж буй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УОК-ын дарга Я.Содбаатар нар буруутай. Тэднээс хариуцлага нэхэх нь зүйн хэрэг. Бүтэн нэг жилийн турш монголчууд “дайнд” хөөрснөөс хөрсөн дээрээ огт буугаагүй явсны том сургамж боллоо.
Гэвч, нэг даргыг нөгөө даргаар солилоо гээд нурчихсан эрүүл мэндийн салбарыг тогтолцоогоор нь шинэчлэхгүйгээр нөгөө дампуу байдлаасаа салахгүй.
Тэмцэл, шаардлага, эсэргүүцэл болж Я.Содбаатарыг, Т.Мөнхсайханыг огцрууллаа гээд бас нэгэн намчин, МАН-чин очно. Асуудал нь хэвээрээ бахь байдгаараа, юу ч өөрчлөгдөхгүй юм бол үр дүнгүй л үлдэнэ.
Тэр тусмаа сайд ирж байдаг явж байдаг гэх аль ч салбарт бугшсан хандлагыг өөрчлөхгүйгээр юуг ч өөрчилж чадахгүй. Нэн ялангуяа шат, шатны хурган дарга нарын хандлага, хариуцлагыг дээшүүлэхгүйгээр эрүүл мэндийн салбар шинэчлэгдэх боломжгүй юм.
Нэмээд хэлэхэд хэн нь юу хариуцаж, хэнтэй хэн хариуцлага тооцох вэ гэсэн ойлгомжгүй систем нь өөрөө бүх асуудлын асуултын тэмдэг болсон байна.
Нийслэлийн эмнэлгүүдийн даргын томилгоог Нийслэлийн Засаг дарга томилдог. Тэгэхээр I амаржихын дарга C.Баясгалантай тооцоо бодох хүн нь хотын дарга Д.Сумъяабазар гэсэн үг. Тэрбээр өмнө нь хариуцлага алдсан гэх үндэслэлээр 2019 онд эмнэлгийн даргын ажлаасаа чөлөөлөгдсөн ч шат, шатны шүүхээр заргалдсаар яваад шинэ оны өмнөхөн хуучин албан тушаалдаа очжээ. Очоод удаагүй байхдаа ахиад ажлын хариуцлага алдсан нь энэ.
Үндсэндээ, даргын цүнх баригчид, эрх мэдэлтнүүдийн шахаа, намын шантаачин голдуу хурган дарга нар өнөөдрийн Монголын нийгмийн хамгийн том “хорт хавдар” болсон.
Тиймээс иргэдийн хүсэх зүйл бол хэн нэгэн даргыг нөгөө даргаар солихоос илүүтэй эрүүл мэндийн салбарт реформ хийхийг Засгийн газраас шаардах ёстой юм. Товчхондоо, нэмэгдэхүүний байрлалыг солих нь гол асуудал биш нийлбэр дүндээ л өөрчлөлт оруулахыг нэхэх хэрэгтэй болжээ.
Эмч, мэргэжилтнүүдийн харилцаа, хандлагаас эхлээд хариуцлагын тогтолцоо, цалин урамшуулал, эмнэлгүүдийн орчин нөхцөл, үйлчилгээний чанар, стандарт, төсвийн хуваарилалт, зохион байгуулалт гээд эрүүл мэндийн салбарыг дээрээс нь доошоо, доороос нь дээшээ хүртэл шинэчлэх цаг болсон байна. Алийн болгон ар өврийн хаалга, авлигаар эрүүл мэндийн асуудлаа иргэд шийдэж явах ёстой гэж.
Эрүүл мэндийн салбарынхан гар хардаг, авлига нэхдэг, харилцааны боловсролгүй, хүнд сурталтай, ажилдаа түүртсэн, ядарсан, гомдсон, ялархсан хүмүүс болж хувирсныг Монголын улсын эмнэлгээр үйлчлүүлсэн хүн бүхэн мэднэ. Мэдээд ярих, шүүмжлэхээс цаашгүй явж ирсэн.
Иймээс л иргэдэд эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй, хүнлэг үйлчилгээг хүргэхийн тулд эрүүл мэндийн салбарт өнөөдөр эмчилгээ хэрэгтэй болсон байна.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ