“Гэрээ байгуулсан ТҮЦ-ийн цахилгааны төлбөрийг тэглэнэ”

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

“Гэрээ байгуулсан ТҮЦ-ийн цахилгааны төлбөрийг тэглэнэ”

“Гэрээ байгуулсан ТҮЦ-ийн цахилгааны төлбөрийг тэглэнэ”

Засгийн газраас цахилгаан, дулаан, усны хэрэглээний төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл чөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн оны сүүлээр гаргасан. Гэвч эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдсэн тул өмнөх оны мөн үетэй дүйцүүлсэн цахилгааны төлбөрийг төр хариуцна гэдгийг албаныхан мэдээлсэн. 

Тэгвэл эрчим хүчний зохисгүй хэрэглээ буурсан эсэх, мөн энэ долоо хоногийн Даваа гаригаас ажиллаж эхэлсэн Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийн үйлчилгээ эрхлэгчид цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах эсэх асуудлыг УБЦТС ТӨХК-ийн Албаны дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.


-Шийдвэр гарсан даруйд нийслэлийн хэмжээнд эрчим хүчний хэрэглээ огцом өссөн. Одоо эрчим хүчний зохисгүй хэрэглээ буурсан уу, дахин хяналт шалгалт хийж байгаа юу?  

-УБЦТС ТӨХК нь цахилгаан эрчим хүчний тасралтгүй найдвартай байдлыг хангах, цахилгаанаас үүдэлтэй галын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд  цахилгааны хэрэглээг хэтрүүлснээс хэт ачаалал нэмэгдэж байгаа дэд өртөө, шугам тоноглолд ээлжит болон ээлжит бус үзлэг шалгалт тогтмол хийж байна.

Нэгдүгээр сарын 10-ны байдлаар  9250 дэд өртөө, 1179 фидер,  хэрэглэгчийн 11939 щит, 45934 цэгт хэмжилт, хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Үзлэг шалгалтын явцад 2935 гэмтлийг засч, 6250 хэрэглэгчдэд ачаалал бууруулах талаар зөвлөгөө өгч ажилласан. Айл өрхийн цахилгаан хангамжид үзлэг хийхэд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгүй, тоолуур салгаж холболт хийсэн, хэрэглэгчийн эзэмшлийн тоолуурын хайрцаг газардуулгагүй, зөвшөөрөлгүй 380 ватт шугам татсан гэх мэт зөрчлүүд бүртгэгдсэн байна.

Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын эрчим хүчний ачаалал өмнөх оны мөн үеэс тогтмол өсөлттэй байгаа нь хэрэглэгчид хэрэглээгээ нэмсэнтэй холбоотой юм. Хэрэглээ нэмэгдсэнийг дагаад хэрэглэгчдэд тэр хэмжээгээр төлбөр нь өндөр гарч байна.

Айл өрхүүдийн цахилгааны төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой санал гомдол  хэр ирж байна вэ?

-Эрчим хүчний сайдын тушаалаар баталсан Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог зохицуулах түр журам хэрэгжиж эхэлснээр арванхоёрдугаар сард тоолуурын бичилттэй холбоотой гомдол их ирж байсан.

Тоолуурын бичилтийг зургаан циклд хувааж хийдэг. Өөрөөр хэлбэл,  арваннэгдүгээр сарын хэрэглээ арванхоёрдугаар сарын хэрэглээтэй хамт бичигдсэн гэсэн үг. Жишээлбэл, арванхоёрдугаар сарын 14-нд бичилт хийгдсэн бол энэ нь тухайн хэрэглэгчийн арваннэгдүгээр сарын 14-нөөс арванхоёрдугаар сарын 14-ны хоорондох хэрэглээ юм. Үүнээс арванхоёрдугаар сарын 1-14-нийг хүртэлх хэрэглээг төрөөс хариуцаж байгаа.

Сүүлийн өдрүүдэд гомдол санал ирэх нь буурсан. Шинэ хэрэглэгч болон шинээр халаалтаа цахилгаанаар бүрэн шийдсэн хэрэглэгч төлбөр тооцоог ямар журмаар тооцох талаар лавлаж байна. Мөн мэдээлэл хүссэн иргэдэд Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог зохицуулах түр журмын талаар танилцуулж байна. Хэрэглэгчдэд зориулсан 7004-7004 утаснаас гадна хэрэглэгчийн санал, хүсэлтийг хүлээн авах нэмэлт дугааруудыг цагийн хуваарийн дагуу ажиллуулж эхэлсэн. Иргэдийн гар утсанд цахилгааны төлбөрийг мессежээр илгээдэг байсан. Энэ үйлчилгээ нь программын шинэчлэл, нэхэмжлэлийн загвар өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор түр саатсан. Удахгүй энэ үйлчилгээ хэвийн болно.

-ТҮЦ-үүд Даваа гаригаас ажиллаж эхэлсэн. Эдгээр түргэн үйлчилгээний цэгүүд цахилгааны төлбөрөөс чөлөөлөгдөх үү?

Манай компанитай цахилгаан эрчим хүчээр хангагдах гэрээ байгуулсан хэрэглэгчид Эрчим хүчний сайдын тушаалаар баталсан Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог зохицуулах түр журамд хамрагдаад өмнөх оны мөн үетэй дүйцүүлсэн цахилгааны төлбөрийг нь төр хариуцна.

-Ихэнх ТҮЦ-үүд цахилгаан халаагуур хэрэглэдэг. Зарим худалдаачид сарын цахилгааны төлбөр 400 мянган төгрөг гардаг талаар ярьж байна. Энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдийн цахилгааны төлбөр сард хэд орчим гардаг вэ?

-Хэрэглэгчид ямар хүчин чадалтай халаагуур ашиглаж байгаагаас шалтгаалаад цахилгааны төлбөр харилцан адилгүй гарна. Гэрээтэй бүх байгууллага, аж ахуй нэгжийн цахилгааны төлбөрийг тэглэх болно.

Нэг айл сард дунджаар хэр цахилгаан хэрэглэж байна вэ?

-Орон сууцны айл өрхийн сарын дундаж хэрэглээ зундаа 152.8 кВт.цаг, өвөлдөө 207.8 кВт.цаг байдаг. Харин гэр хорооллын айл өрхийн сарын дундаж хэрэглээ нь зундаа 230.6 кВт.цаг, өвөлдөө 701.3 кВт.цаг байсан байна. /2020 оны нэг болон долдугаар сарын байдлаар/

 А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж