Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив | News.MN

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

Байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдрийн (2021.01.20) хуралдаан 9 цаг 10 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” тус Байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэв.

Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдвийг хуульд заасны дагуу Төсвийн байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор баталжээ. Гэвч дэлхий нийтээр 2020 оны 1 дүгээр сараас эхэлсэн коронавирусийн халдварт /Ковид-19/ цар тахлын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан тус газраас 2020 онд төлөвлөгдсөн зарим аудитын хувьд талбар дээр ажиллах боломжгүй болж хугацаа хойшилсон, мөн ондоо хийж гүйцэтгэх боломжгүй болсон зэрэг нөхцөл байдал үүссэн байна.

Байнгын хорооны хуралдаанд Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат цахимаар оролцож, энэ талаар хийсэн танилцуулгадаа, төрийн аудитын байгууллагаас тухайн нөхцөл байдалтай уялдуулан үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлж, аудиторуудын үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөл бололцоог хангаж ажиллаж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүсэлтийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2018-2019 оны үйл ажиллагаа болон Тавантолгойн орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт”, “Монголын үндэсний олимпын хорооны  үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүн”, мөн “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” сэдэвт 3 аудитыг Төсвийн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр тогтоолоор нэмж батлуулан гүйцэтгэсэн.

Харин дээр дурдсан тодорхой шалтгааны улмаас Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэвт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болоод байна. Тухайлбал, “Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалт” сэдэвт 3 аудит /“Петрочайнадачин тамсаг Монгол” ХХК-ийн 2014-2019 оны өртөг нөхөх зардлын баталгаажуулалт, “Доншен газрын тос (Монгол)” ХХК-ийн 2019 оны өртөг нөхөх зардлын баталгаажуулалт, Хайгуулын үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжүүдийн 2019 оны өртөг нөхөх зардлын баталгаажуулалт/-ыг гүйцэтгэх боломжгүй болсон.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2018-2019 оны үйл ажиллагаа болон Тавантолгойн орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт” сэдэвт аудитыг төлөвлөсөн хугацааны дагуу 2020 оны сүүлийн хагас жилд гүйцэтгэж байсан боловч аудитын гүйцэтгэх үе шатанд цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хатуу хөл хорио тавигдсантай холбоотой хугацаа хойшилж, аудитыг он дамжин гүйцэтгэх шаардлагатай болсон. Иймд Төсвийн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэвт нэмэх саналуудаа танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа сүүлийн үед МҮОНТР-ийн санхүүжилтийн асуудал яригдаж, цалин хөлс, санхүүжилтийн талаар гомдол, санал гарах болов. Сүүлийн дөрвөн жилд улсын төсвөөс тус байгууллагад 9 тэрбум орчим төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Иймээс МҮОНРТ-ийн 2020 оны санхүүгийн тайланд аудит хийх санал гаргасныг Байнгын хороо дэмжив. Ингээд “Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” тус Байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилж өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль баталж, 2019 онд уг хуульд орсон нэмэлт, өөрчлөлт оруулж хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн юм. Улмаар Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх хуулийн үйлчлэлд 28.1 мянган иргэн хамрагдах, тэтгэврийн даатгалын санд 42.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр, уг сангаас 8.8 мянган малчин хувиараа, хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрт 37.3 тэрбум төгрөг зарцуулахаар тодотгосон.

Харин дэлхий дахинаа тархаад байгаа коронавируст халдварын цар тахалтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдон орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй болоод байгаа. Түүнчлэн "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын 2020 оны 36 дугаар тогтоолд  Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай заасан. Иймд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар төсөл санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Жавхлан нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, энэ хуулийг батлаад хоёр жил өнгөрсөн ч хэрэгжилт нь тааруу байсан учраас Засгийн газар хуулийн хугацааг 2021 оны эхээр дуусгавар болгохоор шийдвэрлэсэн. Гэтэл төсөл санаачлагч хуулийн хугацааг дахин нэг жилээр сунгахаар оруулж ирж байна, энэ хугацаанд хэрэгжилт нь сайн байж чадах уу, судалгаа тооцоо байна уу гэдгийг гишүүн Х.Булгантуяа тодруулсан юм.

Гишүүний энэ асуултад төсөл санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн өгсөн хариултдаа, нийгмийн даатгалын байгууллагын 2020 оны 12 дугаар сарын мэдээгээр дээрх хуульд хамрагдвал зохих иргэдийн 33 хувь буюу 9.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдаж, нийтдээ 17.7 тэрбум төгрөгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн. Эдгээр иргэдээс 6.5 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 9.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Хуулийн хэрэгжилт удаашралтай байсан нь нэг талаар хуулийг таниулж сурталчлах ажлыг сайн хийгээгүй, нөгөө талаар хуулийн хугацааг сунгасан 12 сараас 9 сард нь цар тахлын хорио цээрийн дэглэмтэй байсан зэрэг нь голлож нөлөөлсөн гэж үзэж буйгаа хэлэв.

 Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан хуулийн төслийн агуулга нь зөв юм, гэхдээ 2021 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх үед энэ асуудал яригдаж, гишүүдийн дэмжлэг аваагүйг санаж байгаа байх. Салбарын яамны зүгээс тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг багцаар нь оруулж ирэх үед энэ асуудлыг шийдэх боломжтой. Мөн чуулганы хуралдааны дэгийн хуульд заасны дагуу Засгийн газрын саналыг заавал авч байж төслөө өргөн барих учиртайг хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжсэн юм. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийн 10 хувийг үйлдвэрлэж байгаа мал аж ахуйн салбарт ажилладаг малчид болон цар тахлын ийм үед орлогогүй болоод байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгааг хангах шаардлагын үүднээс уг хуулийн хугацааг сунгах төсөл боловсруулсан. Өнгөрсөн хугацаанд уг хуулийн хэрэгжилт нь тааруу байсан нь коронавирусийн халдварт цар тахлын хорио цээрийн дэглэм, мөн хураамж өндөр байсан, бүрдүүлэх бичиг баримтын бүрдэл хүндрэлтэй байсан зэргээс болсон. Хэлэлцүүлгийн явцад хоёр хуулийн төслийг нэгтгээд хэлэлцэх боломжтой гэж үзэж буйгаа төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Жавхлан, Ж.Батсуурь, С.Ганбаатар нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар нар үг хэлж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж