🔴 ШУУД | Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн хамба Д.Чойжамц мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Tuesday, January 19, 2021
НЭМЭЛТ:
УИХ-ын нэр бүхий гишүүд Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Эл төсөлтэй холбогдуулан Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц өнөөдөр /2021.01.20/ хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэв.
Тэргүүн хамба Д.Чойжамц "Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг боловсруулахад оролцсон хүний нэг нь би. Бид 1990 оноос хойш Засгийн газар, төрийг харж, ширтэж байгаа. Учир нь их хэлмэгдүүлэлтээс үүдэлтэй хор уршгийг шинэ нийгэмд нөхөн олговор олгохгүйгээр даван туулж, цэгцрэхэд бэрх. Жишээлбэл, хуучин социалист нийгэмтэй байсан Польш, Унгар, Герман тэргүүтэй улс шашны байгууллагаасаа уучлалт гуйж, нөхөн олговор олгож, сүм дуган, шашны хэрэглэгдэхүүнийг нь буцаан өгсөн байдаг. Тэр их хэлмэгдүүлэлтийн үед хохирч үлдсэн шашин нийгэмд үйл ажиллагаа явуулахад бэрх байсан. Тийм учраас дэлхийн ухаалаг орнууд нөхөн олговор олгож эхэлснээр орчин үеийн сүм дуган байгуулж, лам, пастерууд ажиллах боломжтой болсон. Азийн олон оронд энэ нөхөн олговрыг олгосноор маш үр дүнтэй байгаа. Бидний энэ шашин бол өнгөрсөн үеийн 300 жил, цааш тал нь 2000 жилийн түүхтэй. Энэ түүхийг коммунизм л Монголын түүхээс арчин хаях гэж оролдсон. Дэлхийн ямар ч орон ард түмнийхээ олон зуун жил шүтэж ирсэн шашныг түүхээсээ хасах гэж оролдоогүй.
Төр төсвийн хөрөнгөөр санхүүждэг. Нөхөн олговор олгох тухай хуулийн төсөлд шарын шашин гэж онцгойлон бичсэн байгаа. Бусад шашин Монголд хэлмэгдэж байгаагүй. Энд хэлмэгдлийн тухай ярьж байгаа. Засгийн газраас өнгөрсөн түүхээ засч буй том хэлбэр юм. Энэ бол хамгийн зөв зүйтэй бодлого гэж бодож байна. Хувилгаан хутагтыг тодруулахдаа баян тарган айлын хүүхдүүдийг тодруулдаггүй. Номын ёсоор л тодруулдаг. Шашинд тийм баян тарган амьдрал байхгүй.
Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд дээр 21 аймгийн төвийн хамба лам нар, уламжлалт хийдийн 30, 40 хамба, нийслэлийн есөн дүүргийн ахлах хамба лам нарын бүрэлдэхүүнтэй Хамба лам нарын зөвлөл гэж бий. Энэ зөвлөлөөс тухайн хуулийн дагуух хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаад хяналт тавьж ажиллана. Гандантэгчинлэн хийд долоо, найман төрлийн татвараа төлж, жилдээ нэг удаа аудит хийлгэж улсдаа тайлангаа өргөж байдаг. Олон нийтэд санхүүгийн тайлангаа ид тод мэдээлж болно" гэлээ.
Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН
Тэргүүн хамба Д.Чойжамц мэдээлэл хийж байна
Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна”, 9 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ “ гэж, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж тус тус хуульчилсан байдаг аж.
Улс төрийн их хэлмэгдүүлэлтээр Монголын соёл, оюуны өв болсон Бурхны шашин, соёлын биет болон биет бус өвийг хамгийн ихээр устгаж, хойч үедээ үнэлж баршгүй хохирол учруулсан байна. Судалгаанаас үзвэл улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн 30 орчим мянган хүнээс 19758 лам байснаас 14 мянга гаруйг нь буудаж, үлдсэнийг нь 10 жил хорих ялаар шийтгэсэн бөгөөд хэлмэгдүүлэлтийн жилүүдэд уран барилгын цогцолборууд болох 750 гаруй сүм хийдийг устгаж сүйтгэжээ.
Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлалын 3.1.4.8-д “Уламжлалт Бурхны шашин соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэхэд төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлнэ”, 3.1.4.9-т “Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж ирсэн Монголын Бурхны шашны өв соёлын судалгааг төрөөс онцлон дэмжинэ” гэж заасан байдаг.
Иймд 1930-1940 онд Монгол Улсад устаж үгүй болсон Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилгоор 6 зүйл бүхий хуулийн төсөл боловсруулагдан, УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү төслийн учир холбогдлын талаар тэргүүн хамба тайлбарлав.