Ховдод МАН-ын хүч сул байна

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Ховдод МАН-ын хүч сул байна

“Сонгууль-2016” тулааны өнгийг тойргоор нь долоо хоног бүр тоймлон мэдээлж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрог буюу Ховд аймагт хэн, хэн нэр дэвшихээр бэлтгэл хангаж байгааг тоймлолоо.


Монгол Улсын баруун хязгаар Ховд аймаг Улаанбаатар хотоос 1100 гаруй км зайд оршдог. Хүн ам нь 78.4 мянгад хүрсэн бөгөөд ховдчуудыг төлөөлөн парламентад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт нар сууж байна. Тэднийг базууд хэмээн ярьцгаадаг.  

Одоогоор улс төрийн намууд сонгуулийн сунгаагаа эхлүүлж, нэр дэвшигчээ албан ёсоор зарлаагүй байгаа ч дээрх тойрогт хэн, хэн горилж яваа нь үндсэндээ тодорхой болжээ. Хоёр мандаттай тус тойрогт АН, МАН, МАХН-аас 10 шахам горилогч Сонгуулийн хууль хэрэгжихээс урьтан усалгаагаа хийн хаяагаа манасан байна. Сонгуулийн мөчлөгийг сонирхвол 2008 онд Ардчилсан намаас нэр дэвшсэн Р.Амаржаргал, 2012 онд МҮАН-аас өрсөлдсөн Д.Батцогт гишүүн ялалт байгуулсныг эс тооцвол бусад бүхий л сонгуулийн ялалт МАН-д ирж байжээ.

Ардчилсан нам

Хэзээнээс нэр дэвшигч олонтой байж, чанга тойрогт тооцогдож ирсэн Ховдод эрх баригч хүчин УИХ-ын гишүүн Д.Батцогтыг сойх нь. 2012 оны УИХ-ын сонгуульд МҮАН-аас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан түүнийг Ардчилсан намд ирэхэд нь “Анхны намдаа буцаж ирлээ” хэмээн тодотгох нэгэн байхад “Шударга ёс эвслийн бүлгийнхэнтэй үзэл бодол таарахгүйгээс явсан” гэх яриа ч дагасан юм. Хожим нь сонголтынхоо тухай Д.Батцогт гишүүн “УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гаргасан олон шийдвэртэй санал нийлж чадалгүй явсаар эцэст нь сонголтоо хийлээ” хэмээн мэдэгдсэн удаатай. Одоо УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог удирдаж байна. Хамт өрсөлдөх нэр дэвшигч нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга асан Б.Пүрэвдорж аж. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа тус газрын даргаар томилогдсоноор барьж авсан гол ажил нь дарга бүхнийг шийддэг тогтолцоог өөрчилж, хүнд суртал үүсгэж байсан журмуудыг цэгцэлжээ. Нэлээн ажил эмх цэгцэндээ орж, гадаадын иргэд, бизнес эрхлэгчид тулгарч байсан проблемууд багассан байна. Сонгуулийн хуульд заасны дагуу шинэ он гарахын өмнөхөн ажлаасаа чөлөөлөгджээ.

Мандатын тоо хоёроор хязгаарлагдаж байгаа ч 2012 оны УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдөөд цөөхөн саналын зөрүүгээр өвдөг шороодсон Ш.Адьшаа, мөн сонгуульд ялагдаж байсан кекүшюзан Д.Батбаяр нар Ардчилсан намаас нэр дэвшихээр горилж явна гэх мэдээлэл мөн байна.

МАН

Ховд Ардын намынхны хувьд хамгийн их толгой гашилгасан тойрог болж хувирчээ. Энэ тойрогт олон жил "босоо" явсан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нь тэтгэвэртээ суухыг хүсэх болсон, тойрогтоо рейтинг нь өндөр яваа С.Бямбацогтыг дахиад сойх хүсэл байгаа ч “Бүлгийн дарга хар амиа бодон тойрог тойглохгүй шүү, бусад нэр дэвшигчийнхээ ачаанаас үүрэлцэж ажиллах ёстой” гэх үгийг хаях гишүүд олширсон байна. Уг нь албан тушаалын эрэмбээрээ УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга намын нэрсийн жагсаалтад бичигдэх ёстой. Гэтэл тойрогт нь мандатаа хамгаалаад өрсөлдөх хүчтэй нэр дэвшигчгүй байгаа нь тойрогтоо өрсөлдөх сонголтыг нь хийлгэж магадгүй нь. Энэ тохиолдолд хамт нэр дэвшигч нь Ховд аймгийн Булган сумын уугуул, “Ховд торгон нутаг” санг үүсгэн байгуулагч О.Батнасан, Төрийн банкны дэд захирал асан Б.Очбадрах нарын нэг болох аж. Б.Очбадрахын хувьд эдийн засагч мэргэжилтэй бол О.Батнасанг УИХ дахь МАН-ын бүлгийн даргын арын албаны хүн гэх тодотгол ч дагаж байна. Боловсон хүчнээр арвин гэгдэж ирсэн Ардын нам Ховдод нэр дэвшигчээр маруухан болж ирсэн нь горилогчдод нэр дэвших мандатыг өвөртлөх боломжийг олгох ч өрсөлдөгчид нь харин зөөлхөн “ааруул” болж мэдэхээр байна.

МАН бүлгийн даргаа хоёр хуваахдаа тулж ацан шалаанд орсон энэ үед МАХН бүр ч сонирхолтой тоглолт эхлүүлээд амжжээ. Тус намын нэрээр Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү Хангал өрсөлдөхөөр сонгуулийн бэлтгэлээ хэзээнээс базаасан тухай сонсогдож байна. Эцэг нь МАН-ын гишүүн бол хүү нь МАХН-ын гишүүн болж амжжээ. Ховдыг онилсон нь ч учиртай бололтой, 2004 оны УИХ-ын сонгуульд Л.Пүрэвдорж дээрх тойрогт өрсөлдөн УИХ-д сонгогдож байсан аж. Нөгөө талаар УИХ-д үе дамжсан улстөрчид сонгогдсон жишиг цөөнгүй бий.  Жишээ татвал, өмнөх парламентад Э.Мөнх-Очир, одоогийн парламентад О.Содбилэг сууж буй. Гэвч эцгийнхээ чинээний улстөрч болж чаддаггүй. Ховдыг тандахад ийм дүр зураг гарч байна.

УИХ-д сонгогдсон түшээд хэн бэ?

2012 онд

С.Бямбацогт МАН, Д.Батцогт МҮАН

2008 онд

Р.Амаржаргал АН, Д.Дэмбэрэл, С.Бямбацогт МАН

2004 онд

Ц.Дамиран, Л.Пүрэвдорж, Б.Дэмбэрэл МАХН

2000 онд

Ц.Дамиран, Г.Нямдаваа, Б.Дэмбэрэл МАХН

1996 онд

Ж.Бямбадорж, Ж.Норовсамбуу, Д.Дэмбэрэл МАХН

1992 онд

Ж.Норовсамбуу, Ж.Бямбадорж, Д.Дэмбэрэл

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж