Х.Баттулга: Хүнлэг энэрэнгүй нийгэмд иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амиа алдаж байна

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: Хүнлэг энэрэнгүй нийгэмд иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амиа алдаж байна

Х.Баттулга: Хүнлэг энэрэнгүй нийгэмд иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амиа алдаж байна

“Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Үндсэн хуульдаа тунхагласан байдаг.

Гэтэл коронавируст цар тахал гарсан цагаас хойш иргэдийн эрх зөрчигдөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй иргэд амь насаа алдах тохиолдлууд тасрахгүй байна. Бодит баримтаас харахад, 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгаас тархинд нь цус харвасан 10 настай охин яаралтай эмнэлгийн тусламж авахаар ирсэн ч холбогдох байгууллагуудын хүнд суртлаас үүдэн 3 цагийн турш хүйтэн машинд тусламж хүлээх явцдаа бие нь хүндрэн, ЭХЭМҮТ-д ирсэн ч амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал болсон. Мөн 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр 22-ын товчоон дээр ирсэн Архангай аймгийн иргэн 58 настай эмэгтэйн бие нь муудаж, эмнэлгийн туслалцаа авч чадалгүй амь насаа алдсаныг монголын ард түмэн мартаагүй байгаа.

Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа бүр иргэдийн амьдралын бодит шаардлагыг хангасан, эцсийн зорилго нь тэдний сайн сайхны төлөө чиглэх ёстой билээ. Гэтэл цар тахлын энэ хүнд цаг үед бид иргэдийн төлөө гэсэн үйл ажиллагааныхаа эцсийн зорилгыг умартан монгол хүний үнэ цэнийг улам алдагдуулсаар байгааг өчигдөр болсон үйл явдал дахин баталлаа.

Монголчууд ёс заншлаа хүндэтгэн дээдэлж, “ээжийг хайрла, хүүхдийг хайрла” гэж үр хойчдоо сургадаг ч идэр есийн хүйтэнд дөнгөж төрсөн эх хүнд хандаж буй хандлага нь нийгэмд бухимдлыг төрүүлээд байна. Энэ бүхнээс харахад, холбогдох байгууллагуудын өнөөдөр явуулж байгаа цар тахлаас сэргийлэх, ард нийтийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь дээд, дунд, доод шатандаа удирдлагын уялдаа тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна.

Дээрх ноцтой асуудлуудад эмч, эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцох нь чухал биш харин анхнаасаа коронавируст цар тахлын үед халдвартай эх амаржвал авах арга хэмжээг нарийн боловсруулж тооцоолоогүйд асуудлын гол нь оршиж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг улам төгөлдөржүүлэхийн тулд цаашид иргэдийн хүсэл сонирхол, тэдний дуу хоолойг сонсож, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг сануулъя. Монгол хүн бүр эрүүл саруул байж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд айх аюулгүй, ялгаварлал тэгш бус байдлын золиос болохгүй энх тунх амьдрах болтугай.”

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж