Монгол дахь Америкийн худалдааны танхимын (АмЧам Монгол) 2021 оны нэгдүгээр сарын бизнес уулзалтаа "КОВИД-19 цар тахалтай тэмцэх нь" сэдвээр нэгдүгээр сарын 19-ны Мягмар гаригт цахим хэлбэрээр зохион байгууллаа. Уулзалтад “АмЧам”-ын гишүүн байгууллагууд, гадаадын болон үндэсний хөрөнгө оруулагчид, элчин сайдын яамд болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.
“АмЧам Монгол”-ын гишүүд Шадар сайд Я. Содбаатартай уулзаж, дэгдээд буй КОВИД-19 цар тахалтай холбоотой авч буй арга хэмжээ, тулгамдсан асуудлууд болон цаашдын авч хэрэгжүүлэх алхмын талаар илэн далангуй ярилцаж, сонирхсон асуултандаа хариулт авлаа.
“АмЧам Монгол”-ын ТУЗ-ийн дарга Жэй Лиотта нээлтийн үгэндээ "АмЧам Монгол нь манай гишүүдэд КОВИД-19-ийн үзүүлж буй нөлөөг үнэлэх зорилгоор онлайн судалгааг сүүлийн 10 сарын хугацаанд хоёр удаа хийж гүйцэтгэв. Судалгааны дүнгээс харахад судалгаанд оролцогчдын 35 хувь нь үйлчлүүлэгчээ алдсан, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт буурсан гэж хариулжээ. 10 хувь нь бэлэн мөнгөний урсгал саарсан, 20 хувь нь ложистикийн бэрхшээлтэй тулгарч байгаа гэсэн бол 25 хувь нь дээрх бүх асуудалтай тулгарч, 10 хувь нь КОВИД-19 цар тахлын үед бусад бэрхшээлтэй тулгарч байна. Бодит байдалд бизнесээ тохируулахын тулд ихэнх компани (45 хувь) зардлыг бууруулах ажлыг хэрэгжүүлж, 25 хувь нь компанийнхаа санхүүгийн болон маркетингийн төлөвлөгөөг өөрчилж, 20 хувь нь төлөвлөсөн хөрөнгө оруулалтыг хойшлуулж эсвэл цуцлах шаардлагатай болов" гэжээ.
Төгсгөлд нь "Манай танхимын зүгээс Монгол Улсын Засгийн газартай цар тахлын улмаас доройтсон эдийн засгийг сэргээх, хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах болон нэмэгдүүлэх тал дээр бүхий л байдлаар хамтран ажиллахад бэлэн байгаа" гэв.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, бизнесүүдийг үе шаттай нээх санаатай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр илтгэлийн эхэнд “Монгол улс вирусыг 10 сар барьж чадсан ба Улсын онцгой комисс нь өнгөрсөн хугацаанд вирусын тархалтыг зогсоох талаар тууштай ажиллаж ирсэнийг онцлов. Харамсалтай нь хоёр сар гаруйн өмнө гэнэтийн КОВИД-19 вирусын дэгдэлтээс болж бид хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байсан. Комисс нь дэгдэлтийн эсрэг хурдан шийдвэр гаргаж, үр дүнтэй зохицуулж, нөхцөл байдлыг яаралтай хяналтдаа авав. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн бид аажмаар бизнесүүдээ нээж, хөл хориог сулрууллаа. Өнөөдрийн байдлаар Монгол улсад нийт 1,536 тохиолдол илэрч, 530 хүн эмчилгээнд байгаа бөгөөд эдгэрсэн хүний тоо 995 болсон юм” гэв.
КОВИД-19 халдварын тархалтыг “ТЭГ БОЛГОХ” стратеги зорилтыг хэрэгжүүлж байгааг Шадар сайд Я.Содбаатар хэллээ. "Нэгдүгээрт, хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг ханган хамгаалах, хоёрдугаарт, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах гэсэн хоёр чиглэлийг чухалчилж, гуравт, КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна" гэв.
"Монгол Улсын Хүний эмийн зөвлөлийн 2021 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот шийдвэрээр ДЭМБ-ын зөвлөмжийг үндэслэн “Pfizer”, “Moderna”, “AstraZeneca” компаниудын хөгжүүлсэн вакцинуудыг эмийн хатуу зохицуулалттай улс орнуудад бүртгэсэн байдалд итгэл үзүүлэн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн. Мөн Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар КОВИД-19 халдварын эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөг батлан, ойрын хугацаанд Коронавируст халдварын эсрэг вакциныг түргэвчилсэн нөхцөлөөр хэрэглээнд гаргах журмыг батлахаар ажиллаж байна гэж онцлов.
"Манай Засгийн газар КОВИД-19 халдварын цар тахлын сөрөг үр дагаврыг бууруулах, эдийн засгийн хөгжлийг сэргээх чиглэлээр багц арга хэмжээ авч хэрэгжүүлэхдээ бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр тодорхой бодлогын шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байна" гэжээ.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг юм.