32 хүнээс Covid-19 халдвар илэрснээс нэг нь АТГ-ын ажилтан

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

COVID-19

32 хүнээс Covid-19 халдвар илэрснээс нэг нь АТГ-ын ажилтан

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, January 19, 2021

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.01.20) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 19-нд нийт 13318 сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын хүмүүс халдвар авсан. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн шинжилгээг хийхэд 13 хүнээс вирус илэрсэн. Орцонд халдвар тархсантай холбоотойгоор ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн нэг эмч халдварт өртсөн. Тус төвд халдварын голомтын хариу арга хэмжээг авч, 900 гаруй ажилтныг өчигдөр PCR шинжилгээнд хамрууллаа. Эхний байдлаар 600 хүний хариу сөрөг гарч, ажиглан тусгаарлаж байна.

Мөн “Монос” оффистой холбоотой  тусгаарлагдаж байсан гэр бүлийн хавьтлууд, засвар хийж байсан хүмүүс халдварт өртсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ТҮК-ийн зургаан хүнээс вирус илэрсэн, бусад нь гэр бүлийн хүмүүс. Бусад гэр бүлийн батлагдсан тохиолдол дунд АТГ-ын нэг ажилтан байгаа. Энэ хүний гэр бүлийн нэг хүнээс вирус илэрсэн байна. Ингэснээр Улаанбаатарт хотод Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 741 боллоо.

Энэ хугацаанд орон нутагт нэмж халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд багц өвчлөлийн тохиолдол 1067  болж, сүүлийн 24 цагт 38 хүн эдгэрсэн. Монгол Улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 1568  болсон. Үүнээс эдгэрсэн 1033 буюу 65.9 хувь нь эмчлэгдэн эдгэрсэн.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 523 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд хоёр, хүнд долоо, хүндэвтэр 48, хөнгөн 466 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 226 хүн эмчлүүлж байгаа бол Цэргийн төв эмнэлэгт 91 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хүн нэг бий. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 301 хүн эмчлүүлж буй. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт таван хүн хяналтад байна.

Одоогоор Улаанбаатар хотод халдварын идэвхтэй хоёр голомт байна. Энд Баянзүрх дүүргийн ТҮК-тай холбоотой  халдвар авсан найман хүн, тэдний хавьтлуудыг тогтоож байна. Нэг нь “Монос” оффист засвар хийж байсан хоёр, гурван хүний ойрын хавьтлуудыг тогтоож байгаа. Мөн Баянгол дүүргийн 19 дүгээр байрны халдвар үүнтэй холбоотой. Нийт 20 гаруй хүнийг хамарсан хоёр том голомт байна. Бусад голомт хяналтад байгаа.

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад лабораториар батлагдсан 32 тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 1568 боллоо. Нийслэлд халдвар гарсантай холбоотойгоор ЗӨСҮТ-ийн хоёр баг голомтод ажиллаж, 1470 м.кв-д эцсийн халдваргүйтгэл хийсэн. Мөн тус төвийн явуулын лаборатори Гашуунсухайт боомтод ажиллаж, 388 тээврийн жолоочид шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Улаанбаатарт НЭМҮТ-өөс идэвхтэй харуулдан тандалтын шинжилгээг 2016 хүнд хийснээс нэг хүнд вирус илэрсэн. ЭМЯ-ны тусгай дугаарын долоон утсанд нийт 4413 иргэн хандаж, зөвлөгөө авсан.

Албан байгууллагууд бүх ажилчдынхаа 3/1 хувийг ажиллуулж, бусад хүмүүсийг цахимаар ажиллах нөхцөл боломжоор хангах, засвар үйлчилгээ аль болох хийхгүй байхыг анхааруулж байна. Мөн гэр бүл, орцоороо халдвар авах тохиолдол гарч байна. Тиймээс нэг бүлийн гишүүд цахилгаан шатанд суух, хоорондоо ярилцахгүй байх, бээлий өмсч товчлуур дээр дарах, хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх, шатаар буухыг зөвлөж байна. Гэр, орцондоо ариутгал тогтмол хийхийг зөвлөе.

“Иргэд хот, орон нутаг руу хулгайн замаар зорчиж байна”

Замын цагдаагийн газрын ерөнхий зохицуулагч Ж.Энхбат:

Улаанбаатар хотыг тойрсон товчоодод хяналт тавин ажиллаж байна. Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 14164 тээврийн хэрэгсэл, 27467 иргэн Улаанбатаар хот руу нэвтэрсэн. Нийслэлээс 17161 тээврийн хэрэгсэл, 34561 иргэн гарч явсан. Эдгээр иргэдийг ямар нэгэн хүндрэлгүйгээр зорчуулсан. Гэхдээ иргэд маршрутын бус хулгайн замаар зорчих, нууцаар хүн тээвэрлэх үйлдлийг удаа дараа хийж байна. Цагдаагийн байгууллагаас нийт 50 тээврийн хэрэгслээр 107 иргэн нууцаар зорчсоныг илрүүлж, шинжилгээнд хамрагдаагүй 52 иргэнийг  PCR шинжилгээнд хамруулсан. Мөн 39 иргэнийг тусгаарлах байранд, 13 хүнийг гэрийн ажиглалтад авсан. Хяналт шалгалтын цэгүүдэд 22 автомашинтай 40 алба  хаагч үүрэг гүйцэтгэж байна.

“Өргөө” амаржих газар, ХӨСҮТ-д хариуцлага тооцно”

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал:

Монгол Улсын хэмжээнд 2020 оны эцсийн байдлаар 4459 эмнэлгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэндийн салбарт нийтдээ 54 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж буй. Цар тахлын халдвартай холбоотойгоор эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллалаа. Цар тахлын халдвар дотоодод дэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын удаа дараагийн тушаал, шийдвэр гарсан. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 25-нд Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сахин баримтлах, өвчтөнийг эмнэлэг хооронд хэрхэн шилжүүлэх вэ гэдэг бүх дүрэм журмаа шинэчилсэн.

Нэгдүгээр сарын 5-нд Эрүүл мэндийн сайд А/04 тушаалаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж, эмнэлэгт халдвар гарахаас сэргийлэх байдлаар ажиллаж байна. Энэ хугацаанд Эрүүл мэндийн яамнаас 4-5 удаа цахим хурал, уулзалт хийж, удирдлагуудад үүрэг даалгавар өгсөн. Гэсэн хэдий боловч хувь хүний хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаас болж алдаа дутагдал гарч байна.

Тухайлбал, өчигдөр “Өргөө” амаржих газарт амаржсан эхийг халдвартай эсэхийг тогтоож, тусгаарлах өрөөнд оруулж, эмнэлэг рүү шилжүүлэх дүрэм журмыг мөрдөхгүйгээр, төрсөн эхэд гадуур хувцас өмсгөхгүй, нярайг нимгэн өлгийтэйгөөр зөөвөрлөсөн. Энэ эмнэлэгт ажиллаж байгаа эмч, ажилчид холбогдох дүрэм, журмыг зөрчиж ажилласан. Нэгдүгээр төрөх тусгаарлах өрөөтэй байсан. Тэр өрөөнд байхад нь эхэд дулаан хувцас өмсгөж гаргах байтал тун хариуцлагагүй хандсанд харамсалтай байна. Тэр эмэгтэй болон ар гэрээс  нь уучлалт гуйж байна. Бид хариуцлага тооцож ажиллана. Бүх эмнэлэгт дүрэм журам байдаг.

“Өргөө” амаржих газар нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллага. Тэгэхээр Улаанбаатар хотын захирагчид Эрүүл мэндийн сайд хариуцлага тооцох талаар албан тоот хүргүүлсэн.  ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд тухайн амаржсан эхийг хүлээн авахдаа сэтгэлгүй хандаж, өвлийн хүйтэнд зөөвөрлөсөн. Тиймээс Эрүүл мэндийн сайд хариуцлага тооцно.

“Өргөө” амаржих газар нэгдүгээр сарын 14-нд хэвтсэн иргэнээс өчигдөр халдвар илэрсэн. Үүний дагуу тус амаржих газрын удирдлагууд мэдэгдэж, төрсөн эхийг тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүлсэн. Мөн эмчлүүлж байсан 274 хүн 92 эмч ажилтнаас шинжилгээ авсан, сөрөг хариу гарсан.

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Халдвартай иргэнийг хэрхэн зөөвөрлөх талаар ямар журам хэрэгжиж байгаа вэ?

А.Амбасэлмаа: Цар тахлын халдварын батлагдсан тохиолдол, хавьтлуудыг зөөвөрлөх журамтай. Эрүүл мэндийн сайд, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын тушаалаар батлагдсан журмыг мөрдөж ажилладаг. Халдвартай иргэдийг зөөвөрлөж байгаа хүмүүс тусгай хувцас хэрэгсэл өмсч, тухайн иргэнд  амны хаалт, бээлий өмсгөж, ХӨСҮТ-д тусгаарлана. Машинд ганцааранг нь суулгаж, эмч нар тусдаа суудаг.

Орцны халдвар голомтлон тархаж байна.  Энэ халдвар амьсгал, агаар дуслын замын халдвар учраас 1.5-2 метрээс дотогш зайнд  харилцах, амны хаалтгүй байвал халдварт өртөнө.

“Өргөө” амаржих газарт амаржсан эхийн ар гэрийнхнээс шинжилгээ авч, тусгаарласан. Бид эхлээд түргэвчилсэн тестээр 300 гаруй хүнээс шинжилгээ авч, оройн дахин PCR шинжилгээг авсан. Мөн хавьтлуудыг тусгаарлаж, хоёр гурав дахь шинжилгээг авна. “Өргөө” амаржих газарт нэгдүгээр сарын 14-нд тухайн эх очиход ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан.

-Энэтхэг улсад үйлдвэрлэсэн вакцины талаар мэдээлэл өгөхгүй юу?

Д.Нарангэрэл: Улаанбаатарт орцны гурав дахь халдвар гарч байна. Энэ талаар НЭМҮТ-ээс агааржуулалтын хоолойгоор дамжиж байгаа эсэх талаар судалж байгаа. Энэтхэг улс эм бэлдмэлийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг улсын нэг. Энэтхэг улсын хоёр вакцины хувьд клиникийн туршилтыг давсан. Тиймээс 140 гаруй эмч мэргэжилтнүүд хоёр өдрийн цахим сургалтад хамрагдаж байгаа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж