Хятад усаар гачигджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Хятад усаар гачигджээ

Хятад ойрын жилүүдэд  цэнгэг усны хомсдолд орно. Учир нь хүн ам хамгийн шигүү суурьшсан тус улсад дэлхийн цэвэр усны нөөцийн ердөө долоон хувь ногддог. Ердөө арван жилийн дараа Хятадад цэнгэг усны хэрэгцээ нөөцөөс нь давах тул БНХАУ-ын Усны нөөцийн яам энэ талаар нэлээд санаа тавих болжээ. Одоо Хятадын иргэдийн тэн хагас нь усаар тогтмол хангагадаж чадахгүй байна. Мөн усаар тогтмол хангагдаж байгаа иргэдийн хувьд ч усны чанар сайнгүй. Хятадын нутаг дахь нийт голын 90 орчим хувь нь бохирдсон гэж үздэг бөгөөд тус улсын эрх баригчид үүнээс гарах арга замыг эрэлхийлж байгаа юм.

УС ИМПОРТОЛНО

Энэ бүхнийг харгалзан үзэхэд Хятад ойрын ирээдүйд гаднаас ус импортлохоос өөр аргагүй болно. Хятадын аж үйлдвэрийн хөгжлийн хурдыг харгалзан үзэхэд 2030 он гэхэд усны хэрэглээ 818 тэрбум шоо метр хүрнэ гэж мэргэжилтнүүд үздэг. Гэтэл усны нөөц нь 619 тэрбум шоо метр тул их хэмжээний ус дутагдана гэж тус улсын Усны нөөцийн яамнаас мэдээлсэн байна. Одоо тус улсад 40 тэрбум шоо метр ус дутагдалтай байгааг БНХАУ-ын Статистикийн төв хорооноос бэлтгэсэн мэдээнд өгүүлжээ. Хятадын 600 орчим томоохон хотын 400 орчим нь тодорхой хэмжээгээр усны дутагдалтай учирч байгаа юм. Тухайлбал, Бээжин, Шанхай хотуудад усны нөөц хомсдох бэрхшээлтэй тулгарчээ. Хятадын төвийн мужууд усаар байнга дутагддаг. Тэдгээр мужид нэг хүнд ногдох усны хэрэглээ өмнөд мужуудынхтай харьцуулахад гурав дахин бага аж.
 
БЭРХШЭЭЛҮҮД

Усны нөөц хомсдол-тойгоос гадна хүрээлэн буй орчны бохирдол бүр их бэрхшээл бий болгожээ. Тухайлбал, цэнгэг усны эх үүсвэрийг органик болон аж үйлдвэрийн хаягдлаар бохирдуулах сөрөг нөлөөгөөрөө Хятад улс толгой цохидог байна. Усыг бохирдуулдаг аж үйлдвэрийн хаягдал гэхэд жилдээ 25 шоо км хүрчээ. Хөрсний усны түвшин жил бүр нэг метрээр илүү доошилж байгаа нь хөдөө аж ахуйн хөгжилд эрсдэл дагуулж байна. Хятадад нийт голын 90 орчим хувь нь бохирдсон бөгөөд тэдгээрт жилд 200 тэрбум шоо метр бохирын усыг цутгадаг.

Хятадад усыг дахин ашиглах нь бага. Хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт 75 орчим хувьтай байдаг бол Хятадад 30 хувиас давдаггүй байна. Өөр нэг бэрхшээлтэй асуудал нь усыг үр ашиггүй зарцуулдаг арга барил аж. Тухайлбал, Хятадад ДНБ-ий нэг хувийг үйлдвэрлэхэд хэрэглэж буй усны хэмжээ дэлхийн дунджаас дөрөв дахин их юм. Мөн усыг үр ашигтай ашиглах дэд бүтэц алга. Усны шугамууд хуучирч, муудсан. Тэдгээр дураараа холбосон олон тооны салаа шугам тоймоо алдсан зэрэг нь ус ихээр дэмий үрэгдэхэд хүргэдэг байна.  Энэ шалтгаанаар Хятадад 2-3 тэрбум литр ус алдагддаг ажээ.

УСНЫ ТУРШИЛТ

“Усны нөөцийг илүү үр ашигтай ашиглах дэд бүтэц бий болгоход төсвийн мөнгийг зарцуулахын оронд Хятадын эрх баригчид Мао Зэдуны санал болгож байсан хойд зүгийн гол мөрний усыг өмнөд рүү урсгах их эрсдэлтэй төслийг санхүүжүүлж байна” гэж Калифорнийн их сургуулийн профессор П.Наварро өгүүлсэн юм. Дэлхийд томоохонд тооцогдох усжуулалтын энэ төслийг 2002 онд эхлүүлжээ. Төслийн хүрээнд нийт 30 усжуулах объект барьж, нийт 100 тэрбум юань буюу 14.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Төсөл хэрэгжсэн тохиолдолд Хятадын хойд болон баруун хойт хэсгийн арваад муж усны гачаалаас гарна гэж Хятадын мэргэжилтнүүд үзжээ. Мөн ус дамжуулах суваг нь Ханьцзян голын ай савд үерийн аюулыг арилгаж, Хятадын хойт мужуудад жил бүр 80 тэрбум юань буюу 11.7 тэрбум ам.долларын ашиг олох боломж олгоно гэж тооцсон байна. Харин шүүмжлэгчид ус дамжуулах шахуургууд ихээхэн хэмжээний цахилгаан зарцуулж, голын усны түвшинд өөрчлөлт орсноор экологид нь ноцтой өөрчлөлт гарна гэж үздэг. Тухайлбал, Хятадын усны нөөцийг судлах хүрээлэнгийн академч Ван Хао шинээр бий болгосон голуудтай холбоотой гарах засвар үйлчилгээний зардал нь орон нутгийн болон төвлөрсөн төсөвт ихээхэн дарамт үзүүлнэ гэж үзжээ. Мөн хойд зүгээс авчирсан ус нь ундны хийгээд аж үйлдвэрийн хэрэгцээнд тохирох эсэх нь маргаантай аж.

Засгийн газраас усны хомсдолыг шийдэх өөр нэг арга санал болгож байгаа нь ердийн болон артезианы гүний худаг олноор гаргах юм. Гэвч уг нөөц нь нөхөгддөггүй бөгөөд Хятадад хөрсний эрдэсжил нэмэгдсэн, гүний усны түвшин жилдээ нэг метрээс 1.5 метрээр доошилж байгаа зэрэг олон сөрөг талыг нь Олон улсын усны нөөцийн удирдлагын хүрээлэнгийн  шинжээчид өгүүлж байгаа юм.
Эдгээр бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд мэргэжилтнүүдийн нэг хэсэг нь усыг илүү үр ашигтай ашиглах тогтолцоо бий болгохыг санал болгож байна. Мөн өөр нэг арга нь далайн усыг цэнгэгжүүлэх арга аж. Гэсэн хэдий ч ойрын жилүүдэд Хятад ус импортлоход хүрч болзошгүй аж. Тиймээс цэнгэг усны ихээхэн нөөцтэй усны хагалбар бүхий Гималайн нурууны бүс нутаг дахь орнуудад Энэтхэг, Хятад хоёр нөлөөгөөө нэмэгдүүлэхийг оролдон өрсөлдөж буй нь устай  холбоотой нь гарцаагүй. 

Д.МӨНХБОЛД

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж