Дональд Трамп өчигдөр /2021.01.19/ АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа мэдэгдэл хийлээ. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохгүйгээ мэдэгдсэн тэрбээр Жо Байденыг Цагаан ордонд ирэхээс өмнө түүнтэй тааралдахгүйгээр явахаар бэлдэж байна. Тэр Байдены тангараг өргөх ёслолыг эхлэхээс өмнө Флоридагийн Палм Бич дэх хувийн эдлэн рүүгээ явах гэж байгаа аж.
Тэрбээр “Дөрвөн жилийн өмнө бид улс орноо сэргээн босгох, оюун санааг нь шинэчлэх, Засгийн газрын иргэддээ үнэнч байдлыг сэргээхийн тулд үндэсний хэмжээний том хүчин чармайлтыг эхлүүлсэн. Товчхондоо бид Америкийг дахин агуу болгох зорилгоо эхлүүлж байлаа. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа өндөрлөхөд бид хамтдаа хүрсэн амжилтаараа бахархаж байна. Бид хийхээр төлөвлөсөн зүйлээсээ илүү ихийг хийсэн.
Энэ долоо хоногт бид шинэ засаг захиргаагаа хүлээн авах гэж байна. Иймд АНУ-ыг айх аюулгүй, баян чинээлэг байлгаасай гэж залбирах болно. Бид тэдэнд хамгийн сайн сайхныг хүсэхээс илүү азтай байхыг ерөөх ёстой. Учир нь тэдний хувьд аз хамгийн чухал зүйл юм.
Ерөнхийлөгчийн хувьд миний нэн тэргүүний зорилт, хамгийн их анхаарал халамж тавих ёстой зүйл бол Америкийн ажилчид, америк гэр бүлүүдийн язгуур эрх ашиг байсаар ирсэн. Үүний төлөө би маш хүнд хэцүү тэмцлийн дунд, хэцүү сонголтуудыг хийсэн. Бага шүүмжлүүлэх амар хялбар замыг сонгоогүй. Энэ бол та бүхний намайг сонгосон шалтгаан юм.
Иргэддээ үйлчлэхийн тулд улс үндэстэн оршин тогтнодог гэсэн зарчмыг бид сэргээсэн. Бидний мөрийн хөтөлбөр нь баруун, зүүнээр биш, Бүгд найрамдах нам эсвэл Ардчилсан намын тухай биш, харин үндэстний сайн сайхны төлөө байсан. Америк надад маш их зүйлийг өгсөн учир би бас ямар нэгэн зүйл буцааж өгөхийг хүссэн.Бид гадаад болон дотооддоо Америкийн манлайллыг сэргээсэн. Дэлхий дахин биднийг хүндэтгэж байна. Энэ хүндэтгэлийг бүү алдаарай.
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний хувьд Америк гадаадаас ирж буй байнгын аюул, сорилтуудтай нүүр тулдаг. Гэхдээ америкчуудын хамгийн том аюул бол улс үндэстнийхээ хүчин чадалд үл итгэх явдал. Америк бол санал зөрөлдсөн бүхнээс зугтаж явдаг хүлцэнгүй дорой үндэстэн биш. Бид холбоотнуудынхаа хэлхээ холбоог хүчирхэгжүүлж, урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр дэлхийн улс орнуудыг Хятадын эсрэг зогсоож чадлаа.
Мөн би сүүлийн олон арван жилийн хугацаанд ганц ч дайн эхлүүлээгүй анхны Ерөнхийлөгч болсноороо бахархаж байна. Зоригтой дипломат ажиллагаа, зарчимч бодит байдлын үр дүнд бид Ойрхи Дорнодод хэд хэдэн түүхэн энхийн хэлэлцээр байгууллаа. Үүнийг болно гэж хэн ч итгээгүй.
Капитолын ордонд болсон үймээний тухайд бол бүх америкчуудыг цочроосон явдал болсон. Улс төрийн хүчирхийлэл нь америкчуудын үнэт зүйлийн эсрэг үйлдэл учир бид үүнийг хэзээ ч тэвчих ёсгүй. Лхагва гаригийн үд гэхэд би шинэ засаг захиргаанд эрх мэдлээ шилжүүлж өгнө. Гэхдээ бидний эхлүүлсэн тэмцэл бол дөнгөж эхлэл юм гэдгийг би та бүгдэд сануулмаар байна” хэмээн хэлсэн байна. Мөн тэр цааш нь өөрийнхөө гэр бүлийнхэндээ болон Цагаан ордны ажилтнууд, хамгаалалтынханд нэг бүрчлэн талархал илэрхийлээд “Хамгийн гол нь би Америкийн ард түмэнд баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхний Ерөнхийлөгчөөр ажиллах нь үгээр хэлэхийн аргагүй нэр төрийн хэрэг байлаа" хэмээн хэлжээ.
Эх сурвалж: The White House
Холбоотой мэдээ