Нүд халтирам тусгаарлалт

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

Нүд халтирам тусгаарлалт

Нүд халтирам тусгаарлалт

Төрөөд хэдхэн цаг болсон эхийг Covid-19-ийн халдвартай нь тогтоогдсон даруйд гэрийн халад, шаахайтай нь хөхөө өвлийн хүйтнээр гадаа гарган унаанд суулгасныг сэтгэлгүй эмч нарын алдаа  гэх үү, эсвэл энэ тохиолдолд Нэгдүгээр төрөх эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв тусгаарлалтыг мөрдүүлэх дүрэмгүй байв уу?. Аль эсвэл Эрүүл мэндийн сайдынхаа баталсан журмыг мөрддөггүй том толгойтой ажилтны алдаа юу, эс бөгөөс нярайлсан эхийн дулаан хувцас нь гэрээс иртэл төрөх эмнэлэгт нь түр хугацаанд тусгаарлахад бас нэг даргын тушаал хэрэгтэй байв уу?.

Онцгой дэглэм нэрийн дор хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн энэ алдаатай үйлдэл юунаас болж гарсанд Эрүүл мэндийн сайд, холбогдох эмнэлгийн удирдлагуудыг тайлбар хийхийг олон нийт шаардаж байна.

Төрсөн эх хөхөө өвлийн хүйтнээр хөл нүцгэн гадаа гарах нь битгий хэл урин дулаан цагаар ч салхи ч авч гам алдаж болохгүйг хүн бүр захидаг. Хэрэв гам алдвал толгойгоор нь хатгуулахаас эхлээд үе мөчөөр нь янгинах зэрэг насан туршид өвдөх ямар нэг эмгэгтэй болдог. Гам алдсанаас сав хөөрвөл бүр ч аюултай. Эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн бүр энэ аюулыг гадарлах учиртай. Гэтэл төрсөн эмэгтэй тэдний нүдэнд корона л болж харагдах шиг. Гэр бүл нь тусгаарлалтад орсон бол хувцас хүргэх боломжгүй. Энэ тохиолдлыг хамгийн сайн ойлгож мэдэрч, ажиллах хүмүүс эмч, эмнэлгийн ажилтнууд.

Хэрэв хэн нэг сайд, дарга даамлын гэргий, хамаатан садан ийм байдалд орсон бол тэд яаж хөдөлсөн бол… Хөхөө өвлийн хүйтнээр углааштай нь, халадтай нь гаргах байсан уу?.

Covid-19-ийн халдвартай нярай эхийг нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт шилжүүлэхэд халдвар хамгааллын дэглэмээс өөр мөрдөх заавар байгаагүй бол хүний мөстэй эмч бол түрдэг тэргэн дээр түүнийг хэвтүүлээд хөнжлөөр хучин гаргаад, унаанд суулгачих байсан болов уу. Энэ зэргийн сэтгэл гаргачих ухаан байхгүй бол эрүүл мэндийн салбарт ажиллахын хэрэг юусан билээ. Тэр тусмаа эрүүл мэндийн салбар бусдаас илүүтэй хүний эрхийн мэдрэмж шаардах ажил.

Өвдсөн, төрсөн хэнбугайд ч сэтгэлийн жаахан дэмийг асрагч, сувилагч, эмч хэн ч өгөхөд л сэтгэл сэргээд, өвдөж байсан бие илаарших шиг болдог.

Харамсалтай нь, Монголын эрүүл мэндийн салбарт ажиллагсдад энэхүү мэдрэмж, сэтгэл, мөн хариуцлага дутаж буйг энэхүү үйл явдал харууллаа.

Covid-19 халдвар Монголд зөөвөрлөгдөн орж ирснээс хойш бүтэн нэг жил, дотоодод алдагдсанаас хойш хоёр сар болох хугацаанд монголчууд юу эсийг дуулах билээ. Эл салбарт ажиллаж байгаа хэн хүнд сургамж болох харамсалтай явдлууд бишгүй болсон.

Жишээ татвал, Архангай аймгаас ирсэн 57 настай эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй, Эмээлт товчоогоор нийслэл рүү нэвтрүүлэхгүй 20 шахам цаг гацааснаар амь насыг нь алдсан харамсалтай хэрэг болсон. Энэ хэрэгт өнөөдөр хэн хариуцлага хүлээсэн бэ. Улсын онцгой комиссоос өгсөн заавар дүрмийг мөрдөлгүй том толгойлсон Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд өнөөдөр ажлаа хийсээр л яваа.

Дөрвөн настай хүү, эгчийнхээ хамтаар тусгаарлалтаас гараад гэртээ очиход байрных нь иргэд оруулалгүй нүд үзүүрлэсэн. Эх нь халдвар аваад эмнэлэгт эмчлүүлж байхад харж хандах хүнгүй насанд хүрээгүй хоёр хүүхэд гэртээ орж чадаагүйг Нийслэлийн онцгой комиссынхон телевизээс мэдээ харж л мэдэж, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа байранд шилжүүлсэн.

Алдаа хаана гарч байна вэ, төрийн үйлчилгээн дээр л гарсаар ирлээ.

Монголд одоогоор Covid-19 халдвар дээд цэгтээ тулчихаагүй байгаа. Хэрэв байдал ноцтой болбол яах вэ. Төрсөн эхийг тусгаарлахад ийм хүний мөсгүй загнаж байгаа тохиолдолд бусад иргэдэд яаж хандах нь ойлгомжтой. "Хүн биш, Covid-19″ гэж хараад байна" хэмээн тусгаарлалтаас гарсан иргэд өнгөрсөн хугацаанд асуудал тавьж ирсэн нь үндэслэлтэй болж таарав.

Уг нь Монголд цар тахал бүртгэгдээд жил боллоо. Энэ хугацаанд эмч, эмнэлгийн ажилтан нь халдвартай иргэнийг яаж тусгаарлах вэ гэдэг арга эвээ ч олоогүй байна. Бүтэн жил сүрийг үзүүлсэн яг юу хийж, бэлтгэл хангасан юм бэ, Улсын онцгой комиссынхоон.

Аж ахуй, нэгж иргэд Covid-19 халдвартай тэмцэхэд зориулж, Улсын онцгой комисс болон эмнэлэгт хандив өргөсөн. Түүнийг юунд зарцуулсан бэ?. Цаг наргүй цар тахалтай тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа хүнд хөдөлмөрийг нь үнэлэх ёстой гээд татвар төлөгчдийн мөнгийг ч урамшуулал нэрийн дор харамгүй зарцуулсан. Харин үр дүн нь энэ.

Төрсөн эхтэй хүнлэг бус хандсан, хүний мэдрэмжгүй энэхүү алдаанд хэн хариуцлага хүлээх вэ. Улсын онцгой комисс өмнөөс нь уучлал гуйдаг, хариуцлага тооцно гэж жиргээ явуулдаг, дараа нь мартдаг тэр түүх дахиад л давтагдах ёстой юу.

Хэдий болтол ард түмнээ Covid-19 халдвараар далайлган, хүний эрхийг уландаа гишгэх вэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ТэнэглэлТэнэглэл
18
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж