БНСУ-д “Өршөөлийн сар” зарлажээ

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

БНСУ-д “Өршөөлийн сар” зарлажээ

БНСУ-ын  Хууль зүйн яамнаас өнгөрсөн Бямба гариг /2016.03.26/-т тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулсан "Өршөөлийн сар"-уудыг эхлүүлэхээр болсон тухай шийдвэр гаргасан байна. Энэ тухай мэдээллийг Өмнөд Солонгост ажиллаж амьдарч буй монголчуудад зориулан мэдээлэл түгээдэг mglradio.com сайтад мэдээлжээ.

Өмнөд Солонгост хууль бусаар аж төрж буй иргэд  ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн есдүгээр сарын 30-ны өдөр дуусталх есөн сарын хугацаанд тус улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд тус улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн хориг тавихгүй гэдгийг албан ёсоор мэдэгджээ. Харин ирэх есдүгээр сараас хойш гадаадын иргэдийн бичиг баримтыг эрчимтэй шалгах ба энэ үеэр саатуулагдсан гадаад иргэдийн Өмнөд Солонгос улсад нэвтрэх эрхийг таван жилээр хасч, тухайн хүнийг ажиллуулсан үйлдвэр болон компанид хуулийн дагуу хариуцлага тооцох ажээ.

Өмнөд Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн тоо сүүлийн таван жилийн турш өсөн нэмэгдэж, 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 214,000 хүн болсон байна. Тус улсад нийтдээ гадаадын 1,899,000 иргэн амьдарч байна.

Энэ талаар бид БНСУ-ын Элчин сайдын яамнаас тодруулан асуухаар холбогдоход “Энэхүү мэдээлэл манай ЭСЯ-ны шийдвэр биш учраас бид дэлгэрүүлэн мэдээлэх боломжгүй” гэсэн хариу өглөө.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж