Монголын Ардчилсан Холбооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд МоАХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г. Байгалмаа, УИХ-ын гишүүн МАХ Л.Эрдэнэчимэг нарын төлөөлөл оролцсон юм.
МоАХ-ны Удирдах зөвлөлийн хурлаар гуравдугаар сарын 30-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд “Жудагт Монгол” хөдөлгөөнөөс зохион байгуулж буй Эв нэгдлийн цуглаанд дэмжиж оролцохоор болсон байна. Учир нь, Шинхуа ММС нарын хамтын ажиллагааны гэрээг зогсоосны төлөө Ардчилсан намын зөрчил эхэлсэн. Зөвхөн Тавантолгой тойрсон асуудал биш АН, МАН-ын дамнасан улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн үйлдлүүдийг эсэргүүцэж маргааш Ялалтын талбайд 11.30 цагт болох жагсаалд МоАХ оролцох болсон тухай хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ”Улс төрд болж байгаа үйл явдлууд, Ардчилсан намын зөрчил, ар араасаа цуварч байгаа баривчилгаа бол Тавантолгойн төлөөх тэмцэлтэй шууд холбоотой. 2005 оноос энэ асуудал босч, улс төр болон бизнесийн томоохон бүлэглэлүүдийн олз болсон. 2007 онд МоАХ жагсаал, цуглаан хийж байж улсад үлдээсэн. Харамсалтай нь тэр үед дөрвөн хувийг нь улс төр, бизнесийн бүлэглэлд алдсан. Үүнээс хойш Ухаа худагийг эзэмшиж байгаа улс төр, бизнесийн бүлэглэлүүд Эрдэнэс Тавантолгойг гацааж байна. 2015 онд Засгийн газар М.Энхсайхан сайдыг томилж, мега төслүүд дээрээ тавьж түүний гараар энэ Тавантолгойн гэрээ хийгдсэн юм. Яагаад хийгдсэн бэ гэвэл Ухаа худагийг эзэмшиж байгаа Энержи Ресурс компани болон түүний цаана байгаа MMC нэртэй компани хоёр жилийн дараа томоохон өрөнд орж, дампуурах нь тодорхой болсон байсан. MMC бараг дампуурлаа зарласан байгаа. Уг компани 1.3 тэрбум долларын өртэй. Би үүнийг ажлын хэсгийн дүгнэлт гаргахдаа хэлж байсан. Ийм өртэй компанид Таван толгойг өгч болохгүй гэдэг дүгнэлтийг би тухайн үедээ гаргаж өгсөн юм. Хэрэв бид гэрээгээ байгуулаад явуулчихсан бол Монголын гурван сая иргэний эзэмшиж буй Таван толгойгоо “тавиад туучих” байсан. Үүнийг бид зогсоож чадсан. Одоо тэгвэл Шинхуа ММС нарын хамтын ажиллагааны гэрээг зогсоосны төлөө энэ хүмүүс биднээс өс хонзонгоо авч байна. Тийм ч учраас энэ баривчилгаа явагдаж байгаа. Эрчүүдийгээ дийлэхгүй болоод ирэхээр эмэгтэйчүүд, хүүхдүүд рүү орж айлган сүрдүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Өнөөдөр АН, МАН гэж хуваагдахаа больсон. АН болон МАН-ын дамнасан улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн асуудал яригдаж байна. Маргаашийн жагсаал цуглаанд бид энэ асуудлыг ярих ёстой. Бид үр хүүхдүүддээ Таван толгойн орд газрыг үлдээх ёстой” гэсэн юм.
Т.НОМИН