Тайландын хааныг шүүмжилсэн эмэгтэй 43 жилийн ял сонслоо

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

Тайландын хааныг шүүмжилсэн эмэгтэй 43 жилийн ял сонслоо

Тайландын хааныг шүүмжилсэн эмэгтэй 43 жилийн ял сонслоо

Улсынхаа хаан засаглалыг шүүмжилсэн 65 настай эмэгтэй  Анчан Прелерт 43,6 жилийн хорих ял сонсчээ. Өмнө нь төрийн албан хаагч байсан тэрбээр 2014 оноос 2015 оны хооронд өөрийн фэйсбүүк болон Youtube сувагтаа хаант засаглалыг шүүмжилсэн агуулгатай нийтлэл, бичлэг нийтэлсэн нь түүнийг ийм ялд унагасан байна. Өмгөөлөгчийнх нь хэлснээр энэ шийтгэл тус улсын түүхэнд байгаагүй хатуу шийтгэл болж байна гэв.

Тайландад төрийн эргэлт гарсны дараа буюу 2015 онд эмэгтэйн гэрт хууль хүчнийхэн орж нэгжлэг хийж байв. Анчанд ийм хүнд ял оноосон явдалд санаа зовниж байгаагаа олон улсын хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллага илэрхийлсэн байна. Амьдралынхаа 40 жилийг төрийн албанд зүтгэж өнгөрөөсөн түүнд тэтгэвэрт гарахад ганцхан жил дутуу байжээ.

Анчан Прелертыг Lese majeste хуулийн нийт 29 зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа ба анх түүнд 87 жилийн хорих ял төлөвлөж байсан ч буруугаа хүлээсэн тул ялыг хоёр дахин бууруулсан гэнэ.

“Lese majeste” нь Тайландын Эрүүгийн хуулийн 112 дугаар заалт бөгөөд хаан, хатан, тэдний өв залгамжлагч нарыг гутаан доромжлох, заналхийлэхийн эсрэг хууль юм. Тус улсын эрх баригчид уг хуулийг 2018 оноос хэрэглэхээ зогсоогоод байсан ч өнгөрсөн жилийн сүүлээр олон арван мянган хүн хаант засаглалын эсрэг жагсаж эхэлсний дараа дээрх хуулийг дахин сэргээжээ.

2014 оны төрийн эргэлтийн дараа нийт 169 хүнд “Lese majeste” хуулиар далайлгаж ял тулгасан гэж тус улсын өмгөөлөгчид мэдэгдсэн байна.

Тайланд нь хаант засаглалтай, хаант засаглалаа тахин шүтдэг хууль дүрэмтэй цөөхөн улсуудын нэг. Тиймдээ ч тус улсын ард иргэд хаант засаглалаа багаасаа хүндэтгэн дээдлэхийг үе дамжин заан сургаж, хаант засгийг шүүмжилсэн хэнийг ч маш хатуу чанга шийтгэл хүлээж байдаг учир хэн нэгэн зориглон үг хэлж чаддаггүй аж. Харин сүүлийн жилүүдэд ардчиллыг хүссэн оюутан залуус энэ бугшсан байдлыг өөрчлөх цаг нь болсон хэмээн үзэж, үзэл бодлоо илэрхийлсэн жагсаал цуглаан зохион байгуулах болсон юм. Өнгөрөгч аравдугаар сард иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрч, сүүлийн хэдэн жилийн хугацаанд болж байгаагүй томоохон эсэргүүцлийн жагсаал болж, олон мянган хүн хаант засаглалаа эсэргүүцэн, эрх баригчдыг улс эх орондоо өөрчлөлт хийхийг шаардсан билээ.

Эх сурвалж: Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж