30 мянган орон сууц эзнээ хүлээсээр

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

30 мянган орон сууц эзнээ хүлээсээр

Эрэлт нийлүүлэлт алсарсаар, элгээрээ мөлхөхөд ойрхон байгааг барилгын салбарынхан дурдлаа. Ийм нөхцөл удаан үргэлжилбэл барилгаа барин, кранаа хөдөлгөх компани тоотойхон болох нь хэмээн  барилгын салбарынхан учирлаж байна. Өнөөдөр болсон “Барилгын салбарын эрх зүй ба зах зээл” уулзалтын үеэр салбарынхан ийнхүү хэлэлцлээ. Барилгаа барьчихсан ч худалдаад авах хүнгүй 30 мянган айлын орон сууц энэ салбарт бий. Гэвч ипотекийн зээлд нөхцөл нь хүрэхгүй, эсвэл урьдчилгаа буурах сургаар худалдан авалтаа хойшлуулсан иргэд нөгөө талд нь зогсчээ. Гэтэл үүн дээр нэмээд улс төрийн шоу, сонгуулийн сурталчилгаанд автсан иргэд өнөөдөр хийх худалдан авалтаа маргааш руу шилжүүлж буй нь нөхцөл байдлыг улам дордуулж буйг салбарынхан ярилаа.

Эрэлт, нийлүүлэлт алсарч буй бас нэгэн шалтгааныг иргэдийн “бодит эрэлт”-ийг нарийн тооцоогүйтэй холбон тайлбарлалаа. Тухайлбал, ипотекийн найман хувийн хүүтэй зээлээр орон сууцанд орох боломжтой 21 850 өрх бий гэх судалгаа байна. Гэвч зээл хөөцөлдөөд, бичиг баримтаа бүрдүүлээд явахаар нөгөө 21 мянга гаруй өрхийн 8768 нь л шаардлагад нийцэхээр байгааг судалгааны байгууллага тодорхойлжээ. Гэтэл нөгөө талд 40 451 өрхийн орон сууц зах зээлд бэлэн байна.

Ингээд бодоход орон сууц авах бодит эрэлт найман мянга гаруй. Харин нийлүүлэлт 40 мянга гаруй болж таарч байна.

Ийм нөхцөлд барилгын компаниуд тэсэж үлдэхэд хүнд болсон гэдгээ учирлаж, төр засгаас зохистой арга хэмжээ авахыг хүсч байна.

Эрэлт нийлүүлэлт холдож буй бас нэгэн шалтгаан нь орон сууцны м2-ын үнийн асуудал. Иргэдийн 70 хувь нь 1.8 сая хүртэлх төгрөгийн үнэтэйгээр орон сууц авах боломжтой байна. Иргэдийн бодит чадамж нь 1.8 сая хүртэлх төгрөг байхад ийм үнэтэй орон сууц 18 хувийг л эзэлж байгааг судалгааны байгууллагынхан дурдлаа.

Өнөөдрийн байдлаар орон сууцны дундаж үнэ 2 058 452 төгрөг. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 2.4 сая  төгрөг, харин Баянгол дүүрэгт 1.9  сая төгрөг, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт 1.7 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт 1.5 сая төгрөг, Налайх, Чингэлтэй дүүрэгт 1.1-1.2 сая төгрөгийн хооронд үнэтэй байна.

Ийнхүү борлуулагч, худалдан авагч хооронд үүссэн олон тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэх асуудлыг салбарын яаманд тавилаа.

Ямартай ч иргэдийн зүгээс ойрын хоёр жилд орон сууцанд орох хүсэлтэй. Мөн 83 хувь нь ипотекийн зээлээр орон сууц авах хүсэлтэй гэдэг нь судалгаагаар харагджээ. Ийнхүү эрэлт өндөр ч, эдийн засгийн чадамжтай нь ховор байгаа нөхцөлд нийлүүлэлттэйгээ уяхын тулд шат дараалсан арга хэмжээг эхнээсээ авч байгаа гэлээ. Эхний ээлжид найман хувийн хүүг бууруулж, шат дараатайгаар арга хэмжээ авна гэх тайлбарыг салбар яамнаас өгч байна.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж