Оюутолгой: Ч.Сайханбилэг & Б.Солонго

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

VS

Оюутолгой: Ч.Сайханбилэг & Б.Солонго

Сүүлийн үед Оюутолгой төсөлтэй холбоотойгоор гадаад, дотоодод олон үйл явдал өрнөж буй. Ялангуяа Оюутолгой төслөөс ногдол ашиг авахгүй, Монголын Засгийн газар 22 тэрбум ам.долларын өртэй гэх мэт мэдээллүүд гарсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго тайлбар өгсөн. Харин түүний эсрэг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мөн ил захидал илгээсэн билээ. Бид энэ удаагийн VS буландаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго нарын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.


 

Ч.Сайханбилэг:
Ерөнхий сайд асан

-Эрхэм дүүгийн ярилцлагаас үзэхэд Рио Тинто манай Засгийн газарт 2051 он хүртэл ноогдол ашиг өгөхгүй, орлогын албан татвар бараг төлөхгүй, тэгээд дээрээс нь Засгийн газрыг 22 тэрбум долларын өрөнд орно гэсэн тооцоо гаргаж өгчээ дээ янз нь. Дахиад хар ухаанаар бодоод үзье. 34 хувийг эзэмшиж байгаа тал 22 тэрбумын өрөнд орохоор бол 66 хувийг эзэмшиж байгаа нөгөө тал бараг 2 дахин буюу 44 тэрбумын өрөнд орох нь. 66 тэрбумын өрөнд орох төслийг олон улсад хэн санхүүжүүлэх үү? Нэмж санхүүжүүлэх нь байтугай, оруулсан хөрөнгөө нэн яаралтай татаж авна гээд бөөн юм болно биз дээ. Нөгөөтэйгүүр эрхэм дүүгийн онцлон шүүмжлээд байгаа “Дубайн гэрээ” гэгчид чинь Монголын Засгийн газар болон Рио Тинто-гийн хүлээх үр өгөөжийн харьцааг 53:47 байна гээд анх удаа 2 талаасаа хүлээн зөвшөөрч бичгээр үйлдсэн байгаа. “Дубайн гэрээ” гэж нэрлээд байгаа Санхүүжилтийн төлөвлөгөөний Ерөнхий зүйлийн 2.2-ын Б хэсэгт: ”Далд уурхайн ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу ОТ төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны ТЭЗҮ-д тооцсон тооцоололтой нийцэж байгаа ба үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нь Оюутолгой төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэж байна” гэсэн байгаа. Энэ 53:47 хувийн үр өгөөжийн харьцуулсан бүх тооцооллыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд болох олон улсын хууль, санхүүгийн зөвлөх компаниуд Shearman Sterling, Comprador тухайн үеийн “Эрдэнэс Монгол” төрийн өмчийн компани хөрөнгө зарж төслийн нийт үргэлжлэх хугацаанд гаргуулсан. Энэ үр өгөөжийн задаргааг орлого, татварынх нь нэр төрөл бүрээр нь гаргасан байгаа. Энэ тооцооллыг 2015 онд хоёр тал хүлээн зөвшөөрч Дубайд Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ тооцоолол нууц биш. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг торны ард суулгасан болохоор ядаж тэр үед ажлын хэсэгт орж ажилласан Ч.Отгочулуутай уулзаад мэдээлэл авах хэрэгтэй. Оюутолгойн асуудал аль нэг намын асуудал биш учир Засгийн газар, “Эрдэнэс-Монгол” компанийн институцийн залгамж чанарыг намчирхалгүй байнга хадгалж явах учиртай. Үүнийг улс төрийн тогоотой гүн гүнзгий холилдчихоогүй өөр шиг чинь хүмүүс илүү холбох ёстой юм. Өөрт чинь хэвлэлийн бага хурал хийж хэрүүлийн сэдэв шидэж чаддаг улстөрчид биш хэлэлцээр, гэрээн дээр ажиллаж хэцүү асуудлыг шийдэж чаддаг мэргэжлийн хүмүүс илүү хэрэгтэй. Ажлын хэсэг одоо өөрсдийн хөндлөнгийн олон улсын аудит ажиллуулахаас гадна урд нь ажилласан олон улсын зөвлөх 2 байгууллагыг дахин дуудаж тооцооллоо нэгтгэх нь чухал. Тэгээд ч Засгийн газрын зүгээс Рио Тинто-той 5 жил тутам гэрээг дүгнэж сайжруулж байхаар харилцан тохирсон. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг 2011 онд сайжруулж нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны Санхүүжилтийн төлөвлөгөөг дүгнэх, нэмэлт өөрчлөлт хийх 5 жилийн цаг хугацаа ч өнгөрөөд байна. 2015 оны тооцооллоор манай тал зэсийн үнийг 6000 доллараас дээш байх тохиолдолд Монгол Улсын Засгийн газар төслийн үргэлжлэх нийт хугацаанд 22 тэрбум долларын өрөнд орох бус эсрэгээр 46 тэрбум долларын үр өгөөж хүртэхээр байгаа. Үүнээс ААН-ийн орлогын албан татвараар 14,5 тэрбум доллар орохоор бий. Хэрвээ манай тал 22 тэрбум долларын өрөнд орохоор байгаа бол, ААНОАТ-ыг 4-хэн жил төлөхөөр шинэ тооцоог нөгөө тал гаргаж ирж байгаа бол энэ 53:47 харьцаа хадгалагдах ямар ч боломжгүй болсон нь ойлгомжтой. Иймд харилцан тохиролцсон 53:47 харьцаа алдагдсан бол Дубайн гэрээнд өөрчлөлт оруулах эрх үүснэ. Арбитрт очилгүйгээр 2 тал хэлэлцээний ширээний ард дахин суух эрхтэй, бас шаардлагатай боллоо гэсэн үг. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийж байсан хүмүүсийг авлига авсан гэдэгт би огт итгэдэггүй, 2015 онд ч байдал яг ийм байсныг хяналт тавьж байсны хувьд би 100 хувь баталж чадна. Өнөөдөр ч эрхэм дүү ийм байдалд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Дээрээс захиалга авч, “Эзэн”-ий хатуу шахалтын доор ажиллаж байсан мөрдөгчид, прокурор, шүүгч нар ч хахууль, авлига авсныг “Оюутолгойн хэрэг” гэгч дээр хэний ч эсрэг нотолж тогтоож яллаж чадаагүй. Цаашид ч чадах ч үгүй, яагаад гэвэл хэзээ ч авлигын асуудал байгаагүй учраас тэр.

Б.Солонгоо
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга:

-Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг 2020 онд дахин тодотгож шинэчилсэн бөгөөд definitive estimate буюу санхүүгийн нарийвчилсан тооцооллын талаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-нд Рио Тинто (РТ) хөрөнгө оруулагчдад мэдээлсэн. Үүнээс хэд хоногийн өмнө тооцооллыг Засгийн газарт өгсөн. Санхүүгийн тооцооллыг судлаад үзэхэд Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр байгааг гүний уурхайн ордын үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан гаргасан байсан. Баялагт тулгуурласан тооцооллыг 2100 он хүртэл хийсэн бөгөөд тэр хүртэл ч ногдол ашиг авахааргүй байгаа. Үүнээс гадна Засгийн газрын санааг маш их зовоож байгаа асуудал нь ААНОАТ буюу ашгийн татварыг Монгол Улсад бараг төлөхөөргүй байгаа буюу 2051 он хүртэл ердөө 4 жил л төлөх ба нийт дүн нь 428 сая ам.доллар гэж РТ тооцсон байсан. Өнөөгийн үнэ цэнээр 77 сая ам.доллар гэсэн үг.  Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжих дэлхийн хэмжээний орд үйл ажиллагаа явуулсан 30 жилийнхээ хугацаанд дөрөвхөн жилд нь ашгийн татвар төлнө гэдэг маш чамлалтай үзүүлэлт.  Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюутолгойд гурван жилийн татварын хөнгөлөлт өгсөнөөс гадна тухайн үед мөрдөгдөж байсан Татварын хууль тогтоомжийн дагуу алдагдлаа ирээдүйд шилжүүлэх боломж олгосон. Тус компани алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд алдагдлаа хуримтлуулаад 8 жилийн хурагаанд Монголд төлөх татвараасаа 100 хувь хасах боломжтой байгаа. Тэгэхээр ашигтай ажилласан ч гэсэн 11 жил Монгол Улсад татвар төлөхөөргүй байгаа.  Энэ мэтээр Монгол Улсын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмжээнд Засгийн газарт ирэх үр өгөөж буурсан тооцоолол байна гэдэг байр сууриа Рио Тинтод илэрхийлээд байна. Гэрээний тодорхой нэг заалтаас үүдээд асуудал үүсэж байна гэж хэлэхэд хэцүү.  Өгөөж яагаад буурч байна гэхээр Оюутолгой төсвийн ТЭЗҮ гурван удаа шинэчлэгдэх бүрдээ хөрөнгө оруулалтын зардал нь нэмэгдсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын нийт зардал л гэхэд 2016 онд байгуулсан гэрээгээр 5.3 тэрбум ам.доллар байсан бол шинэчилсэн тооцоогоор 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдэж, төслийн хөрөнгө оруулалтын зардал 6.75 тэрбум ам.доллар болж, 30 хувь өсөх нь. Дубайн гэрээгээр далд уурхай 2021 оны нэгдүгээр сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан бол шинэ ТЭЗҮ-ээр 22 сараар хойшилж байгаа.  Мөн төслийн зардал нэмэгдсэнээс үүдээд үр ашигтайгаар олборлож болох нөөцийн хэмжээ буурсан байгаа. Шинэ ТЭЗҮ-ээр төслийн нөөц 8 хувь буурч буй. Оюутолгой компани дээр үүсч буй бас нэг асуудал нь зээлийн санхүүжилтийн дарамт өндөр байгаа явдал. Тус компани одоогийн байдлаар 11 тэрбум ам.долларын өртэй. Үүнээс 4.4 тэрбум ам.доллар нь төслийн санхүүжилт буюу ОУСК, ЕСБХБ тэргүүтэй 20 орчим банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл бол 7 тэрбум ам.доллар нь Туркойс Хилл Ресурс компанид төлөх ёстой хувь нийлүүлэгчдийн зээл. Үүнтэй холбоотойгоор Оюутолгой компани өдөрт 1.8 сая ам.долларыг зөвхөн зээлийн хүүд төлөх дүр зураг гарч байна. Үүний зэрэгцээ ОТ-н менежментийг хэрэгжүүлснийхээ төлөө РТ хөрөнгө оруулалтын зардлаас 3 хувь, үйл ажиллагааны зардлаас 6 хувиар тооцож жил бүр төлбөр авч байгаа. Энэ нь 2019 онд л гэхэд 180 сая ам.доллароор хэмжигдэж байна.  Тиймээс энэ мэт зардлыг бууруулснаар төслийн өгөөж сайжрах боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа.  Засгийн газар төслийг зогсоох, далд уурхайн бүтээн байгуулалтыг саатуулах, хойшлуулах шаардлага гаргаагүй. Бид аль болох Дубайн гэрээг шинэчлэх, харилцан тохиролцож томоохон өөрчлөлт оруулахаар хэлэлцээрээ үргэлжлүүлж ирсэн. Гэрээг энэ хэвээр хадгалж хэрэгжүүлэх боломжгүй, харин нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулга байж болох хувилбарууд яригдаж байгаа. Хэрэв хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийгээд үр дүн гарахгүй бол Засгийн газраас нэг талын санаачилгаар энэ гэрээг цуцлах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Зөвшилцлөөр шийдэх боломжгүй бол арбитраар шийдвэрлүүлнэ гээд Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан тул Лондонд арбитрын маргаан үүсээд явж байгаа. Гурван арбитрчаар бүрдсэн баг маргааныг шийдвэрлэнэ. Арбитрчдаа томилоод ажил үргэлжилж байна. Арбитрын үйл ажиллагаа нь нууцлалын протоколтой учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Оюутолгой компани Монгол Улсын Татварын хууль тогтоомжийн дагуу татвараа зөв тайлагнасан эсэхийг шалгаад акт тавьсан байх. Оюутолгой бол олон улсын нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн стандартын дагуу бүртгэлээ хөтөлдөг гэж байгаа. Гэхдээ татварын тайлагнал бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байх ёстой. Хэлэлцээ эрчимтэй үргэлжлэх байх. Засгийн газар хэлэлцээнд бэлдэх зорилгоор санхүү, техник, хууль зүйн чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүдийг авч ажиллаж байгаа.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж