ТАНИЛЦ: Хөдөлмөрийн тухай хуулийн ОНЦЛОХ заалтууд

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: Хөдөлмөрийн тухай хуулийн ОНЦЛОХ заалтууд

ТАНИЛЦ: Хөдөлмөрийн тухай хуулийн ОНЦЛОХ заалтууд

“News” агентлаг “Хууль төрөхийн өмнө” буландаа Хөдөлмөрийн тухай шинэчилсэн найруулгын төслийг онцолж байна.


Хөдөлмөрийн тухай хуулийг анх удаагаа шинэчилсэн найруулгаар УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа бөгөөд  Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй 1.8 сая хүнд шууд үйлчлэх уг хуулийн төсөл олон нийт анхаарлын төвд байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь ирээдүйн ажил мэргэжилд гарах өөрчлөлтүүдийг тусгаж, залуучуудын ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс бүтэн бус цагийн ажил эрхлэлт, зайнаас ажиллах, давхар ажил эрхлэх, гэрээс ажиллах хүрээнд олон шинэ зохицуулалтуудыг тусгажээ. Түүнчлэн төсөлд "үл өрсөлдөх үүрэг" гэж шинээр зааж өгчээ. Энэ нь тухайн ажилтан ажлаас гарлаа гэхэд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгч компанид ажилд орох  байдлыг  тодорхой хугацаанд хааж өгсөн гэсэн үг. Тодруулбал, Ажил олгогч онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтантай харилцан тохиролцож үйлдвэрлэл, бизнесийнхээ нууцыг хамгаалах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш тодорхой хугацаанд ажил олгогчтой шууд өрсөлдөгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд ажиллах, эсхүл ажилтан өөрөө ажил олгогчтой шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй тухай үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно. Өрсөлдөөнийг хориглох үндэслэл, хамаарах үйл ажиллагааны төрөл, хязгаарлалтад хамаарах нутаг дэвсгэр, үйлчлэх хугацаа, уг хугацаанд ажил олгогчоос олгох нөхөн төлбөр зэргийг нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд, эсхүл үл өрсөлдөх тухай гэрээнд тусгана. Хөдөлмөрийн гэрээн дэх үл өрсөлдөх нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээний үйлчлэх хугацаа 1 жилээс илүүгүй байна.

Одоо хэрэгжиж байгаа хуульд ээлжийн амралтын суурь хугацаа 15 хоног байдаг. Шинэ хуулиар нийтэд нь 20 хоног болгоод нэмэгдэл хоногийг багасгажээ. Өөрөөр хэлбэл, одоо зургаан жил ажилласан бол нэмэгдэл гурав хоногийн амралт эдэлдэг. Тэгвэл шинэчилсэн найруулгад суурь амралтын хоногийн хугацааг 20 болгоод ажилласан жилийн нэмэгдэл хоногийн амралтыг байхгүй болгож олон жил ажилласны нэмэгдлийг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулахаар оруулсан байна. Мөн хуулийн төсөлд бүтэн бус цагийн ажилтанд мөн тухайн ажлын жилд ажилласан цагийг тооцож ээлжийн амралт олгоно. 

Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх саналыг НББХ-оор дэмжсэн. 

Ажил олгогч ажилтантай байршил, хугацааг тохиролцож дуудаж ажиллуулахад бэлэн байхаар хүлээлгэсэн хугацааг ажилласан цагт тооцно буюу дуудлагын цаг гэж  хуульд тусгасан байна.

Ажлаа хүлээлгэж өгөхгүй хаяад явчихдаг ажилтнууд байдаг. Тэгвэл үүнийг Хөдөлмөрийн шинэ хуулийн төсөлд тодорхой тусгаж,  “Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн бичиг баримт, мэдээлэл /биет болон цахим /шаардлагатай бусад зүйлийн нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж оруулжээ.

Мөн ажилтан үндсэн цагаасаа өөр цагт бусад /ижил төрлийн, адил албан тушаал биш бол/ байгууллагатай зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах боломжийг одоогийн хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн шинэ хуулиар зөвшөөрсөн байна. Энэ тухай хуульд “Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй” гэж оруулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7.4 дүгээр хэсэгт "Иргэнийг ажилд авахад эрхлэх ажил, үүргийн онцлогтой холбоогүй тохиолдолд түүний хувийн амьдрал, үзэл бодолтой холбоотой, гэрлэлтийн байдал, намын харьяалал, шүтдэг шашных нь тухай болон жирэмсэн эсэх талаар асуулт тавьж болохгүй" Ажил олгогч таниас ажлын ярилцлагын үед ийм төрлийн асуулт асуусан тохиолдолд хариулахгүй байж болно.

Зөвхөн 6 ба түүнээс дээш сар ажилласан хүнд үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно. Гэхдээ энэ тэтгэмжийг ажлаа орхиод явсан хүн, эсвэл ажилдаа тэнцэхгүй болоод, сахилгын шийтгэл хүртээд халагдсан хүнд өгөхгүй. Зөвхөн ажил олгогч өөрөө халсан, гэхдээ цомхотголд орсон, эрүүл мэнд, ажлын ур чадвараараа тэнцэхгүй болсон, тэтгэвэрт гарч байгаа хүнд өгөх аж.

  •  – 6 сараас 2 жил хүртэл ажилласан бол 1 сарын;
  • – 2-5 жил ажилласан бол 2 сарын;
  • – 5-10 жил ажилласан бол 3 сарын;
  • – 10 дээш жил бол 4 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогчийн зүгээс сахилгын зөрчил гаргасан ажилтанд ногдуулах шийтгэлийг дараах байдлаар тусгажээ.

Ажил олгогч буюу түүнээс эрх олгогсон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд,

  • Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах,
  • Нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах,
  • Үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах,
  • Албан тушаал бууруулах,
  • Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхэлтийн харилцааг цуцлах.

 Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 6 сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ. Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 25 өдөр байна.

Ажлын бүтэн бус цагийн ажилтанд тухайн ажлын жилд нийт ажилласан цагийг нь тооцож, ногдох ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралт олгоно.

Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна.

Ажил олгогч хүндэтгэх шалтгаангүйгээр цалин хөлсийг заасан хугацаанд олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам олгох ёстой цалин хөлсний 0.3 хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөж олгоно.

Ажлын дээд хязгаарыг долоон хоногт 56 цаг байлгаж, өдөрт ажиллах илүү цагийн хязгаарыг 4-н цагт багтаах тухай тусгажээ. Монгол Улсад 7 хоногт 60-аас дээш буюу цагийн хязгаараас илүү ажиллаж байгаа ажиллагчид нийт ажиллагсдын 28 хувийг эзэлдэг гэсэн судалгаа гарчээ.

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд ийнхүү хариуцлага хүлээлгэсэн нь сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Тайлбар: Энэ зүйлд заасан “ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаа” гэдэгт ажил үүргээ гүйцэтгэх, албан томилолтоор ажиллах, ажилдаа ирэх очих, ээлж солилцох, ажил хүлээлцэх, сургалтанд хамрагдах болон ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ зэрэг хамаарна.”

Ажил олгогч нь ажил амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ.”

Дагалдан ажилтны цалин үндсэн ажилтны цалингийн 70 хувиас доогуур байж болохгүй

Дагалдан ажилтны үндсэн цалинг түүний гүйцэтгэх ажил үүрэг, эзэмших ажлын дадлага, ур чадвар зэргийг өөртэй нь тохиролцож тогтоох бөгөөд ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн ажилтны үндсэн цалингийн 70 хувиас доогуур байж болохгүй.

Туршилтаар ажиллах ажилтны үндсэн цалинг тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байхаар тогтоох бөгөөд түүнд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговрыг энэ хуульд заасны дагуу олгоно.

Туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ.

Ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч түүнтэй зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

Ажил олгогч туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай ажил үүргийн онцлогийг харгалзан ажил, амралтын цагийг энэ хуульд зааснаас өөрөөр харилцан тохиролцож болно. Ажил олгогч нь туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтанг долоо хоногт тасралтгүй 24 цагаас дээш хугацаагаар амраах, энэ хуульд заасны дагуу ээлжийн амралт олгох үүрэгтэй.

Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд 3 жилээс илүүгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө.

Зарим ажил олгогч ажилд авч байгаа хүний боловсролын баримт бичгийг эх хувиар нь хураан авдаг. Тэгвэл  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад төсөлд үүнийг хориглосон байна. Тодруулбал, “Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэт бүхий зүйл, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн бичиг баримтыг шаардан авч барьцаалахыг хориглоно” гэжээ.

Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно.

Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгүүлэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно.

Төрийн албан хаагчийн ажилласан хугацааг харгалзан үндсэн амралтын 20 ажлын өдөр дээр дараах нэмэгдэл амралт олгоно

16-20 жилд ажлын 2 өдөр;

21-25 жилд ажлын 4 өдөр;

26-31 жилд ажлын 6 өдөр;

32, түүнээс дээш жилд ажлын 9 өдөр гэсэн саналыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо дэмжсэн.

Хуулийн төслийн заалтууд Байнгын хороод болон УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөх боломжтойг анхаарна уу. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж