ОХУ-ын бүтээж буй хоёр дахь вакцин ЭпиВакКорона эхний ээлжийн туршилтын дүгнэлтээс харахад 100 хувь үр дүнтэй байна хэмээн Оросын эрүүл мэндийн ажиглагч Роспотребнадзор мэдээлсэн байна.
Вакцины нэг, хоёрдугаар шатны туршилтын дүгнэлт бэлэн болж, удахгүй эцсийн шатны туршилт эхлэх гэж байгаа гэнэ. Тус вакцины туршилтын дүгнэлтийн талаар Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг Роспотребнадзорын мэдээлснээс эш татан “Шинэ вакцин дархлаа тогтоохоос гадна урьдчилан сэргийлэх өндөр чадвартай. Эхний хоёр шатны туршилтын үр дүнгээс харахад эл вакцин дархлаа тогтоох тал дээр 100 хувь үр дүнтэй байна” хэмээн мэдээлжээ.
Вакцины эхний хоёр шатны туршилтад 18-60 насны 100 хүн оролцсон бөгөөд эрдэмтэд вакцины гаж нөлөө, аюулгүй байдал, дархлаа тогтоох чадварыг онцгойлон анхаарч судалсан байна.
Аливаа вакцины эхний хоёр шатны судалгаанд тухайн өвчнөөр өвчлөөгүй, эрүүл хүмүүс оролцдог бөгөөд тэдгээр хүмүүсийн цусны дээжнээс эрдэмтэд хэрэгтэй зүйлээ хайн судалдаг юм. Харин эцсийн шатны туршилтад маш олон хүн, тэр дундаа тухайн өвчнөөр шаналж буй хүмүүсийг оролцуулдаг билээ.
Сибирийн Вектор хүрээлэнгийн бүтээсэн тус вакцины туршилт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхэлсэн аж. Мөн сарын эхээр ОХУ-ын бүтээсэн, өдгөө зөвшөөрөл олгож, вакцинжуулалтыг эхлүүлсэн Спутник вакцин 92 хувийн үр дүнтэй гэдгээ зарлаж байсан юм.
Оросын эрх баригчид энэ ондоо багтааж нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна хэмээн төлөвлөж байгаа гэнэ. Москва хотод вакцинжуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа ч хөдөө орон нутгуудад вакцин түгээх гэх мэт асуудлаар хүндрэл үүсч байгаа аж.
Харин шинэ вакцин зөвшөөрөл аван нийтийг вакцинжуулж эхлэх хугацаа ирэх гуравдугаар сард эхлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ