Гадаадад гацсан иргэдийн хохирлыг төр төлөх үүрэгтэй

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

Гадаадад гацсан иргэдийн хохирлыг төр төлөх үүрэгтэй

Гадаадад гацсан иргэдийн хохирлыг төр төлөх үүрэгтэй

Олон улс орнуудын Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албаны үндсэн зорилго бол иргэдийн эрх, эрх чөлөөг эрхэмлэн хамгаалахад чиглэсэн байдаг бол манай улсын төрийн албаны эрхэм зорилго хууль тогтоомжийг баримтлан төрд чин үнэнчээр зүтгэхэд чиглэжээ. Хачирхалтай нь, иргэдийн эрх, эрх чөлөөг төрийн тогтоосон хэм хэмжээний хүрээнд ойлгож, зөвшөөрөөгүй бүгдийг хориглож, хязгаарлаж, хүнд суртал гаргаж буйн илрэлийг бид өдөр тутамдаа харж байгаа.

Мэдээж төр гэдэг агуулгыг Үндсэн Хуульд заасан төрийн эрх барих дээд байгууллага Их хурал байна, Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага байна гэж тус тус зааснаар УИХ, Засгийн газар хоёрын хамаарлыг төр хэмээн хэн бүхэн ойлгож тэдний шийдвэрийг иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлоос дээр тавьсаар байгаа логик нь гадаадад гацсан иргэдийн өмнө тулгарч буй асуудалд ч тод харагдаж байгаа учир цаашид хэрхэх талаар хууль зүйн талаас нь эрэл хийв.

Монгол Улсын Үндсэн Хуулийн арван зургадугаар зүйлийн 18-д “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” гэж заажээ.

Үндсэн Хуулийн уг заалтаас харахад “улс эх орондоо эргэн ирэх” эрх нь аливаа хязгаарлалтад хамаарахгүй хүний жам ёсны эрх юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн Хуулиар баталгаажсан хувь хүний эрх бөгөөд төр аль ч тохиолдолд уг эрхийг хязгаарлаж болохгүй. Учир нь дор хаяж хоёр улсын хууль тогтоомж, олон улсын хилийн бүсээр нэвтрэх, гадаад улсын хуулийн зөрчилд орох эрсдэл гэх мэт олон асуудалд өртөх учир дотоотын хууль тогтоомжоос гадна онцгойлон Иргэний болон Улс Төрийн Эрхийн Олон Улсын Пактын 12.4-д “Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасч болохгүй” гэж зааснаар уг эрхийг хязгаарлдаггүй.

Харамсалтай нь, манай засгийн газраас иргэдийн ирэх хөдөлгөөнд нь хязгаарлалт тогтоож одоогийн байдлаар гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн 8,433 хүн байгаагаас нэн яаралтай буюу энэ сардаа багтаж эх орондоо ирэх хүсэлтэй 2,660 орчим иргэн, зөвхөн БНСАУ-аас л гэхэд эх орондоо ирэх хүсэлтэй 4,868 иргэн байгаа тухай ГХЯ-ны Консулын газрын Дарга Л.Мөнхтүшиг мэдээллэв.

Тэдгээр иргэд байрлах байр, хоол хүнс, ахуйн хэрэглээний зардал, визаны зөрчлийн асуудал үүсч эдийн засгийн маш хүнд байдалд орохоос гадна амь насаараа хохирсон тохиолдол ч үүслээ. Хамгийн гол нь жам ёсоороо эх орондоо ирэх боломжтой байсан, төр засаг нь Монгол улсын иргэдээ аливаа хязгаарлалтгүйгээр эх орондоо авна гэсэн иргэдийн хууль ёсны итгэл өдөр өдрөөр цөхөрч байна.

Энэ итгэлийг Захиргааны ерөнхий хуулиар хамгаалдаг бөгөөд уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” буюу захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэд, хуулийн этгээдүүдэд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдолд иргэдийн эрхийг хамгаалах тухай хуульчилсан байдаг.

Гэвч харамсалтай нь, Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ иргэний эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлын эсрэг үйлдлүүд давамгайлсаар хэдэн сарыг үдлээ.

Мэдээж Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д “Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлнэ. Хууль тогтоомжид заасны дагуу хүн амын эрүүл мэндийг хамгаалах ажилд улс, олон нийтийн байгууллага, иргэдийн хүчийг нэгтгэн зохион байгуулна”, мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3-д “улсын хэмжээнд, эсхүл нийслэл болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт Улсын Онцгой комиссын даргын саналыг үндэслэн Засгийн газарбүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх эрх нь Засгийн газарт байх хэдий ч энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өмнө дурдсанчлан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэл үйлдэл байж болохгүй юм.

Засгийн газар дээрх чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсыг дэлхий нийтийг хамарсан цар тахлаас сэргийлэх зорилгоор Улсын хилийн агаарын зам, төмөр зам, автозамын боомтуудаар зорчих Монгол иргэд, Монгол Улсад ирэх гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг улсын хилээр нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрийг 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор гаргасан байна.

Үүний дагуу Улсын Онцгой Комиссын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны 02 дугаар тогтоолоор хуваарьт нислэгүүдийг зогсоосон бөгөөд үүний дараах удаа дараагийн шийдвэрүүдээр нислэг зогсоосон арга хэмжээний хугацааг үргэлжлүүлэн сунгаж шийдвэрлэж байсан байна.

Цар тахал, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хуульд заасан шийдвэр гаргаж үйл ажиллагаа явуулах боломжтой хэдий ч хилийн хөдөлгөөнийг хааж иргэдийг эх орондоо ирэх боломжийг хязгаарлах шийдвэр гаргах нь дээр дурдсанчлан Үндсэн хуулийн бус байна.

Гэсэн хэдий ч эх орондоо ямар ч хязгаарлалтгүйгээр эргэн ирэх эрхийг олон улсын нислэг үйлдэх, гадаад улсаас нислэг авах хөдөлгөөнийг нь хязгаарлаж шууд бус замаар олон мянган иргэдийн эх орондоо ирэх эрхийг эдлүүлэлгүй байсаар байгаа үйл явдалд иргэд Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д “Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль  ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна” гэж зааснаар гадаад улсад гаргасан зардал буюу өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн боломж байна.

Өөрөөр хэлбэл, нэг талаар: Засгийн газар авч хэрэгжүүлж буй арга хэмжээндээ алдаа мадаг байхгүй, хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор, нөхцөл байдалд тааруулан хэрэгжүүлсэн гэх тайлбар нь үндэслэлтэй, нөгөө талаар: захиргааны байгууллагын уг хууль ёсны үйл ажиллагааны улмаас иргэдэд хохирол учирсан нь бодитой байгаа энэ нөхцөлд Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар иргэд хохирлоо төрөөр нөхөн төлүүлэх боломжтой байна гэсэн үг юм. Ийнхүү иргэдийн хохирлыг барагдуулах нь төрийн хууль ёсны үйл ажиллагааны улмаас иргэдэд учирсан эдийн засгийн бодит үр дагаврыг Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын хүрээнд нөхөн төлөх зүй ёсны шаардлага үүснэ.

Хамгийн гол нь гадаад улсад гацсан иргэд өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлыг нотлох баримтуудаа баримтжуулан хадгалж, эх орондоо ирсний дараа Иргэний хэргийн шүүхээр нөхөн төлүүлэх боломжтой юм. Учир нь манай шүүх тогтолцоо нотлох баримтад үндэслэгдсэн талуудын мэтгэлцээний үр дүнгээр шийдвэрээ гаргадаг онцлогтой билээ.

Нөгөө талаас, 2019 онд баталсан Монгол Улсын Үндсэн Хуулийн Нэмэлт, Өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталлаа. Уг шүүхийн тухай хуулийн гол хүлээлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлохдоо “Хамгийн чухал нь Монгол Улсад хуулийн засаглал, шударга ёс ноёрхох суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Улмаар хууль нь ярьдаггүй шүүгч, шүүгч нь ярьдаг хууль байх сонгодог зарчим тогтоно. Эрх зүйн хувьсгалын нэг үндсэн зорилго нь үүнд чиглэж байгаа” хэмээн онцолжээ.

Угаас шүүхийн үндсэн зорилго нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох явдал бөгөөд хэрэв гадаад улсаас ирсэн иргэд өөрт учирсан хохирлоо Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг баримтлан мөн хуулийн 104.1-т зааснаар хохирлоо төрөөс нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүх ЗГ-ийн эсрэг, шийдвэр гаргаж чадах уу гэдэг томоохон шалгуур биднийг угтах бизээ.

Ш.Алтангадас

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж