Ерөнхийлөгч Х.Баттулгын “Баянгол, Ерөнхий сайд асан Сү.Батболдын “Чингис” зочид буудалд гадаадаас авчрах иргэдээ тусгаарлая.
Хэдий болтол тусгаарлах байрны хүрэлцээгүйгээс шалтгаалж, гадаад дахь монголчуудаа татан авч чадахгүй, өлсгөлөн, суулт зарлах хэмжээнд хүргэж, асуудлыг хүндрүүлэх вэ дээ.
Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр (2021.01.18) мэдээлэл хийх үеэр хурандаа Б.Ууганбаяр “Тусгаарлах байрны нөөц боломжоос шалтгаалж тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авдаг. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байрны бэлэн байдлыг хангуулахаар бэлтгэлээ базааж байна. Одоогоор зургаан байрны бэлтгэл хангасан” гэв.
Өөрөөр хэлбэл, БНСУ дахь монгол иргэд энэ олон сарын хугацаанд асуудал тавьж байхад татан авч чадаагүй шалтгаан нь эмч, эмнэлэг хүрэлцээгүйгээс болоогүй зөвхөн тусгаарлах байрны асуудлыг шийдэж чадаагүйгээс тусгай үүргийн нислэгийг хойшлуулсаар иржээ гэж үзэх үндэслэл гарч ирж буй юм.
Уг нь тусгаарлах байрны хүрэлцээтэй холбоотой асуудал зөвхөн өнөөдөр хөндөгдөж буй юм биш, сovid-19 дэлхий дахинд анх тархаж, Монгол Улс гадаад улсад суугаа иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлсэн үеэс тавигдсан.
Тооллого хийж үзэхэд нийслэлийн хэмжээнд 215 зочид буудал, 45 амралтын газар ажилладаг болох нь баталгаажсан.
Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, стандарт хангасан талаасаа 24 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, нийтийн бие засах газартай, 25 нь гал тогоогүй гэсэн дүгнэлт гарсан ч төр зохион байгуулалт хийж чадвал “Тусгаарлах байр хүрэлцэхгүй байна” гэх зовлон тоочихооргүй хэмжээний хангалттай байртай болохыг статистик мэдээ харуулсан. Гэвч бэрхшээл хэвээр байгаа нь УОК асуудлаа хувийн хэвшилдээ ойлгуулж чадаагүйн зэрэгцээ улстөрчдийн мэдлийн “Баянгол”, “Чингис” зэрэг зочид буудлууд нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдээ тусгаарлах байраар хангачих сэтгэл гаргаагүй нь гачлантай.
Тусгаарлах байрыг үнэ төлбөргүй ашигладаггүй, гадаадаас ирж байгаа иргэд өдрийн 50 мянган төгрөгийн төлбөр төлдөг. Энэ төлбөрт өдөрт гурван удаа хоолоор хангах шаардлага тавигддаг. Монголдоо л өндөр зэрэглэлд тооцогддог “Баянгол”, “Чингис” зочид буудалд энэ хэмжээний төлбөрөөр иргэдийг байршуулахад ашиг гарахгүй ч тэгтлээ алдагдал хүлээчихгүй.
Яагаад гэвэл дээрх хоёр буудалтай “зиндаа” нэг “Улаанбаатар”-т өнгөрсөн хугацаанд гадаадаас ирсэн иргэд төдийгүй дотоодод Covid-19 авсан иргэдийн хавьтлуудыг тусгаарлан, 14 хоног байлгасан ч дампуурчихаагүй, голомтын бүс ч болоогүй, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна.
Сэтгэл, зүтгэл байвал үнэрхэлгүй ядарсан иргэдээ гадаадаас татан авахад нэмэр болох боломж байна.
УОК ч төрийн төмөр нүүрийг харуулаад, хувьчлалаар улстөрчдийн мэдэлд шилжсэн эдгээр зочид буудалд ачаа үүрүүлэх цаг нь болсон. Үнэ төлбөргүй ашиглах гээгүй. Хэдий болтол зөвшөөрлийг нь хүлээж, бүтэн нэг жил царай алдаж суудаг юм бэ.
Жишээ татвал, тав хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 14-нд Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоцоор Катар улсын Доха хотноо зохион байгуулагдсан Жүдо бөхийн “Доха мастер” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирсэн.
Тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарласан. Жижгүүд л ачаа үүрч байна.
Засгийн газраас аж ахуйн нэгж, иргэддээ цахилгаан, дулаан, усны төлбөрийн хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Энэ хөнгөлөлтөд том буудлууд ч бусдын жишгээр хамрагдаад эхэлсэн. Гэтэл үнэрхээд буудалдаа иргэдээ байршуулчих зөвшөөрөл олгохгүй бүтэн жил гүрийж болохгүй шүү дээ.
Үүнээс өмнө Монголд АСЕМ-ын олон улсын чуулга уулзалт зохион байгуулахаар болж, 40 гаруй зочид буудал сонгогдож, 120 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон. АСЕМ-аар үйлчлэх буудалд дээрх нэр заасан хоёр буудал багтаж, "Чингис" зочид буудал нь Хөгжлийн банкнаас есөн тэрбум төгрөгийн зээл авч байв.
Хөгжлийн банкнаас зочид буудлуудад олгосон зээл нь 3-5 жилийн хугацаатай, жилийн хүү нь есөн хувиар тогтсон. Нэн хөнгөлөлттэй зээлд хамрагдахгүй ч арилжааны зээлийн хүүтэй харьцуулахад хямд эх үүсвэрт орно. Энэ зээлд хамрагдсан зочид буудлууд ч ачаа үүрэлцэх хэрэгтэй байна.
Гадаад дахь иргэдээ татан авах ажиллагаа энэ сард БНСУ-руу хийх хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр хязгаарлагдахгүй. Бусад орон руу ч хийх шаардлага бий. Одоогоор 8000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтийг Гадаад харилцааны яаманд гаргаад буй. Тусгай үүргийн нислэг хийх боломж нь байгаад, эмч, эмнэлэг нь хүрэлцээтэй нөхцөлд яаралтай иргэдээ татан авах ёстой. Учир нь 2021 он 2020 оныхоос ч хүнд байх төлөв гарсныг мартаж болохгүй.
Г.ХОРОЛ