УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ)-ны өнөөдөр (2021.01.19)-ийн хуралдаанаар “Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр хуулийн хэрэгжилт тэр дундаа Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаатай холбоотой асуудалд гишүүд шүүмжлэлтэй хандсан юм.
УИХ-ын гишүүн С.АМАРСАЙХАН:
-Үндэсний хөгжлийн газар амь байна уу. Том нэртэй, жижиг хувийн компанийн төслийн багаас дор ажиллаж, улсын хувь заяагаар тоглож байна. Ямар төлөвлөгөөтэй хэрхэн ажиллаж байна вэ? Бидэнд бодлого байгаа ч чадварлаг боловсон хүчин дутагдаж байна.
УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.БЯМБАЦОГТ:
-Ялсан нам болгон өөрийн гэсэн бодлого гаргадаг, тогтвортой нэгтгэсэн бодлогогүй явж ирсэн. Үүнийг өөрчлөн төрийн бодлого тогтвортой байлгах үүднээс Үндсэн хуульд Хөгжлийн бодлого тогтвортой байна, Монгол Улсын урт хугацааны бодлогод бүхий л бодлогын баримт бичгүүд уялдаа холбоотой байна гэж тусгасан. Үүнийг хэрэгжүүлж амилуулахын тулд Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг баталсан. Цэгцлэх гэхээр цэгцрэхгүй байгаа тул эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийн тулд шахаж шаардан, энэхүү тогтоолыг гаргахаар болсон. Үндэсний хөгжлийн газар нь “шүдгүй арслан” гэдэгтэй адил ажлаа хийх бололцоо боломж бүрдэхгүй байна. Энэ байгууллагад төрийн бүхий л бодлого нэгтгэгдэж байх ёстой. Гэтэл энэ байгууллагыг тоодог хүнгүй, нөгөөтэйгүүр чадалтай, чадвартай боловсон хүчингүй болоод байна. Тиймээс хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бий болгоё, яам байгуулъя гэж байгаа юм. Жижиг агентлаг байдлаар ажиллаад цаашдаа явахгүй байна. Яамд нь хөгжлийн бодлого төлөвлөлт, урт хугацааны бодлого, УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг мэддэггүй, орон нутагт Засаг даргын таван жилийн төлөвлөгөөгөө яаж хийхээ мэдэхгүй байдалтай л байна. Мэргэжил аргазүйн удирдлагаар хангах, хяналт тавьж зөвлөгөө өгч үр дүнг тооцох ажлыг энэ агентлаг хийж чадахгүй байна” гэлээ.
Үндэсний хөгжлийн газрын дарга Х.БАТЖАРГАЛ:
-Үндэсний хөгжлийн газарт цаг алдсан, ажил саармагжсан асуудал үүссэн. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай холбоотой яам байгуулах, цаашдаа ямар үйл ажиллагаа хийх талаар судалж танилцуулахаар хүлээгдэж байна.