Нэг ч мод тайралгүй ногоон байгууламж хийж буйгаараа онцлог | News.MN

Нэг ч мод тайралгүй ногоон байгууламж хийж буйгаараа онцлог

Нэг ч мод тайралгүй ногоон байгууламж хийж буйгаараа онцлог

Япон улсдаа чадварлаг архитектор, хот төлөвлөлтийн дизайнеруудын тоонд зүй ёсоор багтдаг, тус салбарт 50 гаруй жил ажиллаж буй туршлагатай Огота Мотомутай ярилцлаа. Өөрийн улсдаа Шинкавасаки хотын төсөл, Шинагава хүүхдийн цэцэрлэгт хүрээлэн, Осака Гакуин их сургуулийн хотхон, Цүчүра нэгдсэн эмнэлэг гээд түүний гар бие оролцсон томоохон төслүүд цөөнгүй. Огота Мотому өдгөө Хан-Уул дүүрэгт байрлах Мишээл Сити цогцолборын Байгаль орчин, танинмэдэхүйн хүрээлэнгийн архитектур дизайныг хийж байгаа ба бид энэ талаар болон манай улсын хот төлөвлөлтийн тухай ярилцаж, сэтгэгдлийг нь сонирхлоо.

Япон улсын аливаа дизайн, архитектур их минимал санагддаг. Үүний учир юу байдаг вэ?
-Япон Улсын барилга байгууламж, архитектур дизайн маш эртнээс л минимал байсаар ирсэн түүхтэй. Энэ нь далайгаар хүрээлэгдсэн арлын орны 70% нь өндөр уулс ба үлдсэн багахан тал газартаа хүн амьдрах боломжтой хот байгуулах аргачлалтай холбоотой юм. Ийм учраас бидний амьдрах орчин минимал байхаас аргагүй бөгөөд дизайны хувьд энэ нь олон талын хэрэглээтэй буюу ашиглаж, хийхэд хялбар байдаг. Харин сүүлийн үед гадаадын дизайн нэлээн орж ирж байна.

Япон улсад аливаа барилгыг газар хөдлөлт, байгалийн гамшигт тэсвэртэй хийхийн тулд ямар стандарт мөрддөг вэ?
Барилгын зургийн стандарт хууль гэж байдаг ба үүнийг маш чанга мөрддөг. Жишээ нь, газар хөдлөлтийн 8 магнитудад болон 60м/сек хүчтэй хар салхинд тэсвэрлэх чадвартай байх гэх мэт олон стандарт байдаг ба үүнийгээ бид хатуу баримталдаг.

Та 2016 оноос эхлэн Монголын архитектор, барилгын компаниудтай хамтран ажиллажээ. Манай улсад тэр дундаа нийслэлд хот төлөвлөлтийн ямар бүтэц зохион байгуулалт зонхилж байна хэмээн мэргэжлийн хүний хувьд дүгнэх вэ?
-Монголд, тэр дундаа нийслэлд барилгын стандартын түвшин доогуур байна. Тиймээс стандартын түвшинг сайжруулах шаардлагатай гэж боддог. Одоогийн нөхцөлд барилга болон ландшафтын харьцуулагдсан, гол, уул ус, ногоон байгаль руу чиглэсэн стандарт дутмаг, шөнийн гэрэл чимэглэлийн стандарт сул буюу зарим газар гэрэл нь нүд сохлом, зарим газар огт байдаггүй гээд сул талууд ажиглагддаг. Ер нь хот төлөвлөлтөө дахиж нягтлах шаардлагатай мэт санагддаг даа.

Монгол Улсын нийслэлийн өнгө төрх, хот төлөвлөлтөд ямар өөрчлөлтийг хийгээсэй гэж та мэргэжилтний хувьд зөвлөх вэ?
-Аливаа улсын хувьд хот тэр дундаа нийслэлийн төлөвлөлт гэдэг маш чухал үндсэн зүйл. Хэрэв хот төлөвлөлт сул хэвээрээ байвал нэг хэсэг газарт хэтэрхий их бөөгнөрөл үүсч, олон байшин барьж байгаа нь сөрөг үр дагавар авчирдаг. Хэрэв одооноос л стандартаа сайжруулж өөрчлөлт хийхгүй бол 10 жилийн дотор дараах асуудлууд үүснэ.  

түгжрэл

цэвэр усны хомсдол

бохирын асуудал

зун хөргүүр их хэрэглэх нь тэнд хэт халалт үүсч, байгалийн баланс алдагдана

Шигүү барьсан барилга асфальтан замын уршгаар бороо ороход ус шингэх газаргүй болж, гудамж талбай, зам усанд автана гэх мэт сөрөг үр дагавартай. Жишээ нь Улаанбаатарт Зайсан, Яармаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх мэт газруудад төвлөрөл их байдаг нь ажиглагдсан.

Хүрээлэн буй орчинд ногоон байгууламжийн үзүүлэх хувь нэмрийн талаар дурдвал?
Ногоон байгууламж нь байгальд шинжлэх ухааны талаасаа дараах гурван төрлийн ашигтай. Нэгдүгээрт, агаар цэвэршүүлнэ. Энэ нь агаар дахь нүүрсхүчлийг хүчилтөрөгч болгон хувиргадаг. Хоёрдугаарт, агаарын температурыг багасгана. Мөн моддын доор дулаан уур амьсгал бий болгон, шувууд цуглах нөхцөлийг бүрдүүлж, эко системийн хувьд чухал үүрэгтэй. Гуравдугаарт, дуу чимээний бохирдлыг бууруулах ач холбогдолтой юм.

Та Мишээл Сити цогцолборын байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгийн архитектур дизайныг хийсэн. Энэхүү газарт та чухам ямар концепци бий болгохыг зорьсон бэ?
Үзэсгэлэнт Туул голын эргийг хамгаалах, хөгжүүлэх, үүгээр дамжуулж хүүхдэд боловсрол олгох явдал хамгийн чухал юм. Хүрээлэн буй орчноор дамжуулж хүүхдэд боловсрол олгох боломжтой байдаг. Туул голын дагуу тохижуулж байгаа Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн нь, байгалийн сайхныг мэдрэх, амьтад ургамалтай танилцан шинэ зүйлсийг өөрийн нүдээр харах нь хүүхэд байгаль экологийн талаарх мэдлэгийг олж авахаас гадна түүнийг хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлдэг. Энэ маш чухал юм. Тиймээс энэхүү агуулгад нийцсэн байдлаар гол концепцио бий болгохыг зорьж байна.

https://www.youtube.com/watch?v=aCyEOjHeK-Y

Олон газрын онцлог, ландшафт судалж байсан хүний хувьд Туул голын эрэг дагуух энэхүү ногоон байгууламжийн давуу тал, онцлогийг дурдвал?
Мишээл Сити цогцолборын байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд ногоон байгууламжийг нэг ч мод устгаж, тайралгүйгээр хийж байгаагаараа онцлог болж байгаа юм. Мөн энд 10 м өндөртэй цамхаг бүхий 168 м урт агаарын зам хийж байгаа ба ингэснээр өндөр моддыг дээрээс нь буюу өөр өнцгөөс харах боломжийг олгож байна. Мөн өндөрт байрлах агаарын замаар алхаж байхдаа олон төрлийн ургамал, мод, амьтдыг жилийн дөрвөн улирлын турш хэрхэн өөрчлөгдөж байгааг харж, мэдрэх боломжтой. Үүнээс гадна цэцэрлэгт хүрээлэнд зугаалах болон тоглоомын талбай, гол болон нуурын тавцан хийхээр төлөвлөөд байна.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж