Улс орон бүхэлдээ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлого зогсч, худалдааны эргэлт саарсан зэргээр эдийн засагт багагүй хүндрэл үүссэн. Энэ нь улсын төсөв тасалдах, банкны секторт чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх, компаниуд үйлдвэрлэлээ зогсоосноор ажлын байрны цомхотгол явагдах, ажилгүйдэл нэмэгдэх бодит эрсдэл үүсгэсэн.
Хорио цээрийн үед хамгийн эрэлттэй байгаа хэрэглээ дата, бизнес нь Facebook, Instagram-аар дамжуулах зар сурталчилгаа болоод байна.
2019, 2020 ОНЫ САРААР ХАРЬЦУУЛЖ ҮЗВЭЛ ДАТА ХЭРЭГЛЭЭ 1.5-2 ДАХИН НЭМЭГДЖЭЭ
Үүрэн холбооны дөрвөн оператор компани нийт 4.2 сая хэрэглэгчтэй, үүнээс "Мобиком" 37.8 хувь, "Скайтел"16.5 хувь, "Юнител" 34 хувь, "Жи-мобайл" 11.6 хувь эзэлж байна. Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас гаргасан судалгаанд дурдсанаар "2020 оны 10-12 дугаар сарын үзүүлэлтээр ярианы ачаалал өмнөх оны мөн үеийн дундажтай харьцуулахад 8-10 хувь багассан бол дата хэрэглээ өссөн" гэжээ. Тодруулбал, 2019 оны ачааллаас харахад дата өсөлт харьцангуй тогтвортой буюу жилийн туршид улиралд дунджаар 10 гаруй хувиар өссөн байна. Харин 2020 оны эхний арван сард ачаалал 10-13 орчим хувиар өсч байснаа хөл хорио тогтоосон 11 болон 12 дугаар сард 20 гаруй хувиар өсчээ.
2020 оны 11, 12 сарын дата ачаалал 2019 оны мөн үетэй харьцуулахад дунджаар 80 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Дата ачааллыг ерөнхийд нь 2019, 2020 оны сараар харьцуулж үзвэл дата хэрэглээ 1.5-2 дахин нэмэгдсэн байна. Энэ нь хөл хорионоос үл шалтгаалан хэрэглэгчийн интернэт хэрэглээ тогтмол өсөн нэмэгдэж байна гэж дүгнэж болохоор байгаа юм.
Харин интернэтийн бөөний урсгалын өсөлт 2019 онд харьцангуй тогтвортой буюу улиралд дунджаар 15 орчим хувиар өсчээ. Улмаар 2020 оны хоёрдугаар сард Цагаан сарыг цахимаар тэмдэглэн өнгөрүүлсэн нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 145 орчим хувиар интернэтийн ачаалал нэмэгдсэн байна.
Мөн 2020 оны хоёрдугаар сараас эхлэн боловсролын байгууллагууд, зарим үйлчилгээнүүдийн үйл ажиллагааг цахим болгон өөрчилсөнтэй холбоотой 2, 3 дугаар саруудад интернэтийн ачаалал харьцангуй их байжээ. Дотоодод халдвар алдаж, хөл хорионы дэглэмд шилжсэн 2020 оны 11, 12 дугаар саруудыг оны эхэн үетэй харьцуулахад ачаалал 30 орчим хувиар, харин 2019 оны 11, 12 дугаар сартай харьцуулахад дунджаар 80 орчим хувиар нэмэгдсэн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ