Эсэргүүцэгчид шар шороо цацаж, гурван хүнийг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Эсэргүүцэгчид шар шороо цацаж, гурван хүнийг баривчиллаа

Өнөөдөр нээлтээ хийхээр товлосон УИХ-ын ээлжит бус чуулганаар Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх эдгээр асуудлыг иргэний нийгмийн зүгээс эсэргүүцэж байгаа илэрхийлээд хэд хонож байна. Өнөөдөр өглөө Төрийн ордны гадна “Эвлэн мандуулах хүч” хөдөлгөөнийхөн дээрх конвенцид нэгдэх асуудлыг эсэргүүцэн, шар шороо цацан, лоозон барьж жагссан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс баривчлах тогтоол гарган гурван хүнийг баривчлахаар болжээ.

Энэ талаар “Эвлэн мандуулах хүч” хөдөлгөөний УЗ-ийн дарга П.Шинжээравдангаас тодрууллаа.

-Жагсаал зохион байгуулсан хүмүүсээс гурвыг нь цагдаад байцааж байна гэсэн. Ямар шалтгаанаар байцааж байгаа юм бол?

-“Босоо хөх Монгол” бүлгэмийн Ц.Буяндүүрэн, “Гамшгийн эсрэг үндэсний төв”-ийн зохицуулагч  н.Ганбаатар, сэтгүүлч Ч.Мөнхбаяр гэсэн гурван хүнийг Сүхбаатар дүүргийн шүүхээс тогтоол гарган баривчлахаар болсон гэсэн мэдээлэл авлаа. Одоогоор шалтгааныг нь тодруулаагүй байна.   

-Жагсаал цуглааныг зөвшөөрөлгүйгээр зохион байгуулсан юм биш үү?

-Ер нь бол өнөөдрийн үйл ажиллагаа жагсаал биш. Дээрээс нь ээлжит бус чуулганыг хуралдуулах болсныг ард түмэн өчигдөр л мэдсэн. Тиймээс жагсаал хийх байсан ч албан ёсны зөвшөөрөл авах цаг байгаагүй. Ийм гэнэтийн асуудалд зөвшөөрөл авах боломж байхгүй шүү дээ.

-Өнөөдрийн цуглаанд хэчнээн хөдөлгөөн, иргэд оролцсон юм бэ?

-“Эвлэн мандуулах хүч”, цөмийн эсрэг “Урангүй Монгол” хөдөлгөөн, ард иргэдийн төлөөлөл гээд нийтдээ 20 гаруй байгууллага нэгдсэн. 20-30 хүн оролцсон болов уу. Цөмийн хаягдлыг Монголд булшлах, олон улсын гэрээ конвенцид нэгдэх асуудлаар яаралтайгаар ээлжит бус чуулган хуралдах гэж байна гэдэг үүднээс үзэл бодлоо илэрхийлсэн. Ордны баруун талын хаалганд лоозон барин зогсож, гишүүдэд үзэл бодлоо илэрхийллээ. Манай улс хайгуулын шатандаа явж байгаад “Арева” компани өнгөрсөн жил хоёр ашигтай лиценз өгсөн. Ашиглалт, олборлолт хийгээд эхлэхээр цөмийн реактор, үйлдвэрлэл нь дамжсаар байгаад эцэстээ анх олборлосон газраа хүссэн хүсээгүй булагдах аюултай. Гэтэл энэ авлигад автсан, үндэсний аюулгүй байдлын эсрэг зогсдог 76 ийм нөхцөлийг бүрдүүлэх гэж байгааг эсэргүүцэж байна. Ийм болчимгүй ажил бүү хийгээсэй гэж шаардаж байна. Энэ хүрээнд ордны баруун талд шар нунтгийг асгаж, цацсан. Гэхдээ энэ эсэргүүцлийг маань нийгэмд даамжруулан, улс төржүүлж ойлгуулах гэсэн үү,  цагдаа нар өндөр ач холбогдол өгч Төрийн ордныг хамгаалалтад авсан.

Гол нь Фүкүшимагийн атомын цахилгаан станц дэлбэрээд таван жил өнгөрлөө. Үүний хог хаягдал гэж олон зуун мянган тонн байна. Далайн эргийн дагуух танкуудад цацраг идэвхийн хортой ус байна. Энэ хог үнэхээр хоргүй юм бол Япон улс яагаад өөрийн орондоо булшлахгүй байгаа юм бэ. Яагаад Монгол Улсыг сонгох гээд байна вэ. Гол нь Монгол Улс гуравхан сая хүн амтай, өргөн уудам газар нутагтай, цөмийн хор хөнөөлийн талаар мэдлэг нимгэн, нийгэм нь унтаа байдлыг ашиглах гэж байна. Монгол хамгийн зөөлөн орон учраас сонгосон гэдгийг ойлгох  хэрэгтэй.

-Шар шороог ямар учиртай цацсан бэ?

-Энэ асуудлыг эсэргүүцэж буй иргэд үзэл бодлоо илэрхийлж шар шороо цацсан. Цөмийн шар нунтгийг орлуулж барилгын оохор ашигласан. Цөмийн хаягдал гэдэг утгаар нь шар өнгийг ашигласан юм. Сайн ажигласан бол манай зарим гишүүн хуруугаараа долоож, идэж ч үзүүлсэн. Гэхдээ зүгээр л үзэл бодлоо илэрхийлсэн асуудлыг хэт өндөрт өргөн, дэвэргэж байгааг болимоор байна. Ямартай ч энэ удаад ирц нь хүрээгүй юу, өөр асуудал байв уу, чуулган хойшиллоо. Энэ нь ард түмэнд ашигтай гэв.

“Эвлэн мандуулах хүч” хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга Б.Түмэнжаргал “Монгол Улс дахь цөмийн түлш, цацраг идэвхт хог хаягдлыг импортлох, тээвэрлэх, булшлахтай холбогдсон гадаад, дотоод эрхзүйн орчин, бодлого зохицуулалтын өнөөгийн байдал баримт бичгийг УИХ-ын 76 гишүүний нэр дээр хувилж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өглөө өргөн барьсан. Энэ баримт бичигт Монгол Улс конвенцид нэгдэх шийдвэр гаргаж болохгүй гэсэн үндэслэлийг өнөөдөр өглөө гардуулж өглөө. Бидний хувьд үндэслэлтэйгээр эсэргүүцлээ илэрхийлсэн. Манайхан өнгөрсөн шөнөжин ажилласан. Гол нь бидний тавьж буй гол санаа нь Монгол Улс энэ конвенцид нэгдэх болоогүй, хууль эрхзүйн орчин хангалттай бий болоогүй байхад шийдвэр гаргах гэж буйг эсэргүүцсэн” хэмээн мэдээллээ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж