Удаан хугацаанд Германд эмчлүүлж байсан Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный Ням гариг (2021.01.17)-т эх орондоо ирмэгцээ онгоцны буудал дээрээс баривчлагдав. ОХУ-д эрэн сурвалжлагдаж байсан тэрбээр баривчлагдана гэдгээ ч мэдэж байсан юм.
Оросын хууль хүчнийхэн Навальныйг 2014 онд Францын "Yves Rocher" компаниас дүүтэйгээ хамтран мөнгө угаасан хэрэгт буруутгаж, 3,5 жилийн хорих ял оноон, сүүлд тэнсэн харгалзах ял болгон өөрчилжээ. Тэнсэн харгалзах ялын хугацаа нь 2020 оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусах байсан бөгөөд арванхоёрдугаар сарын 28-нд ОХУ-ын цагдаагаас Навальныйг дуудаж, яаралтай ирж мэдүүлэг өгөхийг шаардсан ч тэрбээр хүлээж аваагүй, Германаас ирээгүй юм. Иймд түүнийг ялын заалтыг зөрчсөн гэж үзээд, Оросын хуулийн байгууллага Навальныйг эрэн сурвалжлуулж буй хүмүүсийн жагсаалтад нэмсэн. Харин Навальный үүнийг улс төрийн шалтгаантай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн билээ.
Навальный болон түүний эхнэр Юлия нар бусад зорчигчийн хамт онгоцноос буун автобусаар терминалд очиж, тэндээ цагаачлалын албаныханд саатуулагдсан юм. "Шереметьево" нисэх онгоцны буудалд газардахад нь олон дэмжигч нь цугларан тосч авсан. Түүнийг саатуулахад иргэд болон цагдаа нарын хооронд багахан мөргөлдөөн үүсч, хэд хэдэн хүн баривчлагджээ. Баривчлагдсан хүмүүсийн дотор Навальныйн хамтрагч нар болох Любов Собол, Руслан Шаведдинов нар багтсан аж.
Уг нь тэр Москвагийн "Внуково" нисэх буудалд газардах байсан ч ирэх сургаар нь олон зуун хүн цугларсан байсан учир Оросын хууль хүчнийхэн онгоцны чиглэлийг өөрчлүүлж, "Шеременьево"-д газардуулжээ.
ТЭР 3,5 ЖИЛ ХОРИГДОЖ МАГАДГҮЙ
Түүнийг онгоцны буудлаас баривчлаад шууд Москвагийн захад орших Химки дахь цагдаагийн газарт саатуулж, шүүхийн шийдвэрийн дагуу 30 хоног цагдан хорихоор болсон байна. Нэгдүгээр сарын 29-нд дахин шүүх хурал болж, түүний 3,5 жилийн тэнсэн харгалзах ялыг хорих ялаар солих эсэхийг хэлэлцэх аж. Ийнхүү тэрбээр 3,5 жилийг шоронд өнгөрөөж ч болзошгүй байдалд ороод байна. Хэдий цаг агаар тэсгим хүйтэн байсан ч цагдаагийн газрын гадаа олон арван иргэн цугларч, түүнийг суллахыг шаарджээ.
Баривчлагдах үедээ тэр “Орос улсад шударга ёс гэдэг зүйл доог тохуу болжээ. Хууль бус байдал дээд цэгтээ хүрч байна. Би юунаас ч айхгүй байна. Та бүхэн ч айх хэрэггүй. Миний төлөө биш, өөрийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө яг одоо гудамжинд гараад тэмцээрэй” хэмээн хэлжээ. Мөн тэр Ерөнхийлөгч Владимир Путиныг "Бах мэлхий" хэмээн хэлсэн байна. Навальныйн өмгөөлөгч Вадим Кобзев "хууль бус" шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдана гэж мэдэгдсэн байна.
НАВАЛЬНЫЙГ БАРИВЧЛАХАД ХЭН ЮУ ХЭЛЭВ?
Навальныйг саатуулсантай холбогдуулан АНУ, Канад, Европын хэд хэдэн улсын Гадаад хэргийн яамд түүнийг даруй суллахыг шаардсан уриалга гаргаад байна. Европарламентын тэргүүн Давид Сассоли Навальныйг Европын парламентад урихад бэлэн буйгаа илэрхийлсэн бол Чехийн Гадаад хэргийн сайд, Навальныйг саатуулсантай холбогдуулан хориг арга хэмжээ авах асуудлыг Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын зөвлөлд тавих болно гэж мэдэгджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Оросын эрх баригчид шүүмжлэгчдийнхээ амыг таглахыг оролдож байна гэж мэдэгдэв. Харин шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллах Жейк Салливан “Кремлийн Навальный руу хийсэн дайралт зөвхөн хүний эрхийг зөрчсөн зүйл биш, Оросын ард түмнийг доромжилж байна" гэж хэлсэн байна.
Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб “Ноён Навальныйг баривчилсан нь үнэхээр аймшигтай явдал байлаа. Мөн түүнээс илүүтэйгээр Оросын нутаг дэвсгэр дээр химийн зэвсэг хэрхэн ашиглагдаж эхэлсэн талаар тайлбарлах хэрэгтэй" гэж хэлжээ.
НАЙМДУГААР САРД ТҮҮНД ЮУ ТОХИОЛДОВ?
Навальный өнгөрсөн наймдугаар сард Сибирийн Томскт ажлаар явж байхдаа хордож, улмаар "ком"-д орон, ар гэрийнхэн нь түүнийг Германд авчирч эмчлүүлсэн билээ. ОХУ-ын эмч нар түүнийг суурь өвчний улмаас ухаангүй болсон гэж дүгнэсэн ч Германы эмч нар түүнийг “новичок” хэмээх мэдрэлд нөлөөлөх бодист хордсон байна гэсэн дүгнэлтэд хүрч байв.
Навальный болон түүний хамтрагчид түүнийг хордуулсан хэргийн ард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бий хэмээн сэжиглэж байгаа юм. Учир нь тэрбээр Путины засаглалыг олон жилийн турш шүүмжилсээр ирсэн. Харин энэ талаар өнгөрсөн сард болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн ээлжит хурлын үеэр нэгэн сэтгүүлч асуухад Путин “Хэрэв Навальныйг хордуулах байсан бол аль хэдийн гүйцээчихсэн байх байлаа” хэмээн хариулсан юм.
Удалгүй Навальныйн дотуур өмдөнд “новичок” бодис түрхсэн байсан талаарх мэдээллийг Оросын Холбооны аюулгүй байдлын ажилтан Константин Кудрявцев санаандгүй байдлаар илчиллээ гэсэн мэдээлэл гарсан. Навальный өөрөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний дүрээр Кудрявцев руу залгаж, Томскт юу болсон талаар ярьсан байна. Нийт 45 минутын яриан дунд Холбооны аюулгүй байдлын ажилтнууд Навальныйн дотуур өмдөнд хор түрхсэн талаар ам алдсан гэв.
Мэргэжилтнүүдийн хэлснээр хүний гуя, цавь гэх мэт газар амархан хөлөрдөг учир ийм төрлийн хор нь хүний арьс руу хурдан нэвтэрдэг байна. Кудрявцев тухайн үед Томскт байсан эсэх нь тодорхойгүй байгаа ч Навальныйг хордуулах ажилд 10 орчим хүн оролцсон, тэдний нэг Алексей Александров гэгч нь тухайн үед Навальныйн буудаллаж байсан зочид буудлын ойролцоо байсан нь утасны долгионоор тогтоогдсон байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ