Хөвсгөл аймгийн Ханх суманд нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ. Өчигдөр (2021.01.18) Ханх сумын Ходон гэдэг газар 09:46 цагт 3.6 магнитуд, 12:19 цагт 3.5 магнитуд, 03:14 цагт 4.6 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт бүртгэгдсэн байна.
Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээллээ.
Эргэн сануулахад, нэгдүгээр сарын 12-нд болсон газар хөдлөлтийн улмаас ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, хүүхдийн цэцэрлэгийн барилгын хоёр цонх, мөн Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Эрдэнэбулган, Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн хана, цонх, шат, Мөрөн сумын "Гурван гал" өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус тус цууралт үүссэн билээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ