"Идэр есийн хүйтнээр нэмэх градус хүрэх нь ховор үзэгдэл"

Хуучирсан мэдээ: 2021.01.19-нд нийтлэгдсэн

"Идэр есийн хүйтнээр нэмэх градус хүрэх нь ховор үзэгдэл"

Дөнөн үхрийн эвэр хөлддөг дөрвөн ес гарсан ч цаг агаар хаврыг урь орсон мэт дулаарчээ. Энэ бол ховорхон тохиолддог цаг агаарын үзэгдэл болохыг Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал ярилаа.  


-Цаг агаарын мэдээг харахад ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч нэлээд сулрахаар байна. Зарим газар нэмэх градус руу орно гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Ерөнхийдөө нэгдүгээр сарын 18-ны шөнөөс эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч суларч байна. Ингэснээр өмнөх өдрүүдээс зарим газраар 10-15 градус дулаараад буй. Говийн бүс нутгаар буюу цас багатай газруудаар өдөртөө -1 градусаас +4 хүрч дулаарч байна.

Увс нуурын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө -1-ээс +4 градус дулаан,  бусад нутгаар шөнөдөө -15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

-Идэр есийн хүйтнээр цаг агаар дулаарч, нэмэх хэмд хүрэх нь хэвийн үзэгдэл үү?

-Энэ нь цаг агаарын байнгын хэвийн үзэгдэл биш л дээ. Цаг агаарын ховор үзэгдэлд орно. Өвлийн улиралд тодорхой давтамжтайгаар хүйтний эрч чангарч, огцом дулаарч байгаа үйл явц юм.

Сарын сүүлчээр буюу нэгдүгээр сарын 24-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна. Тодруулбал, нэгдүгээр сарын 25, 26-нд одоогийн тооцоогоор хүйтний эрч бага зэрэг чангарч, цасан шуурга шуурах төлөвтэй.

-Сарын сүүлчээр хур тунадас хэр их орох бол?

-Хур тунадасны хувьд нэгдүгээр сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр ялимгүй цас, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи нэгдүгээр сарын 19, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зүүн аймгуудын нутгаар, 23-нд Алтайн уулсаар, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч, цасан шуурга шуурна.

"ЭНЭ ЖИЛИЙН ӨВӨЛ ИХ ОНЦЛОГ БОЛЖ БАЙНА"

Тус газрын Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн дарга Г.БАЯСГАЛАН:

-Энэ сарын 24-ний өдрийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байна. Өвлийн улиралд туйлыг тойрдог эрчимтэй хуйлраа үүсдэг. Энэ эрчимтэй хуйлраа энэ жил сул байх төлөв гарч, биеллээ олж байх шиг байна. Ингэснээр өвлийн улиралд асар хүйтэн болдог бол зарим тохиолдолд их дулаан болох үзэгдэл ажиглагддаг. Үүнтэй холбоотойгоор энэ жилийн өвөл их онцлог болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж