Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн ялагдашгүй аварга Хабиб Нурмагомедовыг 30 дахь тулаанаа хийхээр бодолцож байгаа талаар бид өмнө нь та бүхэндээ мэдээлсэн. UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт өнгөрсөн долоо хоногт Арабын Нэгдсэн Эмиратын нийслэл Абу Даби хотод түүнтэй уулзсан бөгөөд уулзалтаар хоёр тал Хабибын ээлжит тулааны тухай голчлон ярилцжээ.
Хабибын зүгээс яг тулалдана гэж мэдэгдээгүй ч энэ долоо хоногт зохион байгуулагдах UFC-257 өдөрлөгийг үзэж, сонирхон, шийдвэрээ гаргахаа илэрхийлсэн байна. Ирэх Ням гаригт UFC-257 өдөрлөгийн дэд гол тулаанд Майкл Чандлер болон Дан Хукер нар хүч үзэх бол гол тулаанд Конор МакГрегор Дастин Пойрьегийн эсрэг тулалдана.
Дана Уайтын хэлж буйгаар эдгээр тулаанууд Хабибын сэтгэлийг хөдөлгөж чадвал тэрбээр нэгэнтэй нь тулалдах аж.
Дана Уайт өнгөрөгч Ням гаригт явагдсан Макс Холлайвэй, Кэлвин Каттар нарын тулааны дараа “Хабибд аавынх нь үхэл их хүнд цохилт болсон. Тэр бэлтгэл сургуулилтаа ч тааруулж чадахгүй, жингээ ч хэрхэн хасахаа мэдэхгүй байсан. Тэгээд л Жастин Гэтжиг ялсныхаа дараа гэнэт зодог тайлах шийдвэр гаргасан. Бид хоёр саяхан их удаан ярилцсан. Түүний хэлж буйгаар ирэх Ням гаригт явагдах өдөрлөг дээр хэн нэгэн Хабибыг өдөөж чадвал тэр тулалдана гэдгээ хэлсэн. Мөн тэр Оливейрагийн Тони Фергусонтой хийсэн тулааныг үзээд их сэтгэл нь хөдөлсөн гэсэн. Оливейратай тулалдах ч сонирхолтой байх шиг. Ямар ч байсан ирэх Ням гаригт залуус юу хийхийг харъя. Хөгжилтэй байх болно. Хабибын сонирхлыг татаж, дахин нэг тулаан зохион байгуулна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээжээ.
Хабибын талийгаач аав Абдулманап Нурмагомедов хүүгээ 30-0 гэсэн амжилттай зодог тайлаасай гэж хүсдэг байжээ. Одоогоор хүү нь 29 тулаан хийж, бүгдэд нь ялаад байгаа юм.
Дана Уайтын үзэж буйгаар одоогоор Хабиб Нурмагомедовтай тулалдах боломжтой таван тулаанч байгаа аж. Тодруулбал, Майкл Чандлер, Дан Хукер, Конор МакГрегор, Дастин Пойрье, Чарлес Оливейра нар юм.
- Майкл Чандлер
Беллатор холбооны хөнгөн жингийн гурван удаагийн аварга Майкл Чандлер өнгөрсөн оны есдүгээр сард UFC холбоотой гэрээ байгуулж, тулаанд орох болсон. Өдгөө 34 настай тэрбээр ирэх Ням гаригт UFC холбооны анхны тулаанаа Дан Хүүкерийн эсрэг хийнэ. Чөлөөт бөх суурьтай түүний хувьд Хабибын сонирхлыг татаж магадгүй л юм. Майкл Чандлер одоогоор нийтдээ 26 тулаан хийж, 21 ялж, тав ялагдсан үзүүлэлттэй байна. Дашрамд сонирхуулахад, Майкл Чандлер Беллатор холбооны тамирчин байхдаа UFC холбооны хөнгөн жингийн аваргууд болох Бенсон Хендерсон, Эдди Альварес нарыг ялж байсан аж.
- Дан Хукер
“Өлгөдөг хүн” хочтой Дан Хукер мөн л Хабибын сонирхлыг татах нь гарцаагүй. Өдгөө 30 настай Шинэ Зеланд тулаанчийн хувьд сүүлийн үед нэрд гарч, гол тулаануудад оролцох болсон. Өнгөрсөн жил л гэхэд Пол Фелдерийн эсрэг гол тулаанд оролцож, ялалт байгуулсан бол Дастин Пойрьетэй эн тэнцүү өрсөлдөж, шүүгчдийн шийдвэрээр ялагдаж байлаа. Кикбокс, жиү-жицү суурьтай Хукерт Хабибтай тулалдах боломж бий.
- Дастин Пойрье
- Конор МакГрегор
Конор, Хабиб хоёр магадгүй мэргэжлийн холимог тулааны урлагийн түүхэн дэх хамгийн зартай өрсөлдөгч нар байх. Энэ хоёр тулаанчийн хоёр дахь тулааныг дэлхий нийтээрээ хоёр жил хүлээлээ. Хабиб Нурмагомедовын зүгээс “Надад таван тэрбум ам.доллар амласан ч би Конортой дахин тулалдахгүй. Бүр надад UFC холбоог хамтран эзэмших санал тавьсан ч би хүлээн зөвшөөрөхгүй. Би дахиж тийм зүйл хиймээргүй байна. Бүх зүйл дууссан. 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр би түүнийг дуусгасан. Би Конорын гэх бүхнийг дуусгасан.
Түүнээс хойш би Дастин Пойрьег ялсан. Одоо Жастин Гэтжитэй тулалдахаар бэлтгэлээ базааж байна. Харин Гэтжигийн дараа хэнтэй тулалдахаа харж байж болно. Гэхдээ Конор байна гэж би бодохгүй” хэмээн ярьж байжээ. Харин Конор МакГрегор Москвад айлчлах үеэрээ Хабибтай 81 мянган хүний суудалтай "Лужники" цэнгэлдэхэд тулалдмаар байгаагаа илэрхийлсэн юм.
Сонирхуулахад, Хабибын хувьд одоо байгуулаад байгаа 29 ялалтаа бүгдийг нь өөр тулаанчдын эсрэг авчээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр нэг тулалдсан хүнтэйгээ дахиж тулалддаггүй. Гэхдээ яагаад бүргэд "далчгар" ирландын амыг хоёр дахь удаагаа таглаж болохгүй гэж? Конор ч гэсэн хариугаа авахыг хүсч байгаа нь мэдээж хэрэг. Энэ хоёрын хариу тулааныг зохион байгуулах нь UFC холбоонд ч ашигтай.
- Чарлес Оливейра
Одоогийн байдлаар Хабибын сонирхлыг хамгийн ихээр татаж буй хүн бол Оливейра. UFC-ийн чанга залуусын нэг Тони Фергусоныг хүртэл оны өмнө ялсан бразил тулаанчийг Хабибтэй тулалдах эрхтэй хүн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өөрийг нь Хабиб сонирхож байгааг мэдсэн Оливейра өчигдөр (2021.01.18) твиттер хуудастаа “Хабибд баярлалаа. Чиний саналыг хүндэтгэн хүлээж аван аваргын бүсний төлөө өрсөлдөхдөө бэлэн байна. Удахгүй чамайг харна гэж найдаж байна” хэмээн жиргэжээ.
Оливейрагийн хувьд 2017 онд Пол Фелдерт ялагдсанаасаа хойш ялагдал гээчийг амсаагүй явна. Тэрбээр энэ хугацаанд нийтдээ найман тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулжээ. Одоогоор UFC холбооны тамирчдаас Хабиб хамгийн олон тулаанд дараалан ялсан үзүүлэлттэй байгаа бол түүний араас Оливейра найман тулаанд дараалан ялсан амжилтаараа бичигдэж байна. Хэрэв энэ хоёр тулаанч хоорондоо тулалдахаар болвол нэгнийх нь гайхалтай цуврал зогсох нь дээ.
Холбоотой мэдээ