Аймгууд халдваргүй бүс болж, нийслэлд голомтууд нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.01.19-нд нийтлэгдсэн

COVID-19

Аймгууд халдваргүй бүс болж, нийслэлд голомтууд нэмэгдэв

Аймгууд халдваргүй бүс болж, нийслэлд голомтууд нэмэгдэв

Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш нийт зургаан аймагт Covid-19-ийн голомт бүртгэгдэж, Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээр байна. Эрүүл мэндийн байгууллагуудын үзэж буйгаар 28 хоногоос дээш хугацаагаар халдвар илрээгүй бол уг голомтын халдварлалт зогслоо гэж үздэг аж.

Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт 45, Сэлэнгэ 217, Орхон 25, Говьсүмбэр 4, Дорноговь 32, Архангайд халдварын 3 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Улсын Онцгой комиссоос Сэлэнгэ аймгаас бусад аймгуудад халдварын голомт бүрэн устсан буюу халдваргүй бүс болсныг 2020 оны төгсгөлд мэдэгдсэн билээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум хяналтад байгаа бол хамгийн идэвхтэй нь Улаанбаатар хот. Тиймээс 21 аймаг руу Улаанбаатар хотоос халдвар зөөвөрлөгдөх магадлал өндөр байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалын дагуу хамтарсан багууд үнэлгээ хийж, Улаанбаатар хотоос орон нутаг руу халдвар тархах эрсдэл маш өндөр байна гэсэн дүгнэлт гарчээ.

Орон нутагт халдварын тархалт буурснаас биш нийслэлд шинээр илэрч байгаа тохиолдол, голомтын гинжин хэлхээ тасраагүй. Өдөрт 10-20 шинэ тохиолдол бүртгэгдэж, хамгийн олон хүн үйлчлүүлдэг эрүүл мэндийн  байгууллага, эмийн сан зэрэгт тархаж байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Улаанбаатар хотод өчигдөр (2021.01.18) "Монос" эмийн сан, Баянзүрх дүүргийн ТҮК-ийн ажилтан, тусгаарлалтад байсан хүмүүс  зэрэг есөн тохиолдол нэмэгдсэнээр батлагдсан тохиолдол 699-д хүрээд байна.

Хэдийгээр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, “Ачтан” эмнэлэг, “Тэнүүн Огоо” ХХК-ийн жолооч, “Мөнххада” ХХК-тай холбоотой дөрвөн голомтыг хяналтдаа авсан ч сүүлийн өдрүүдэд голомт тодорхойгүй халдвар нэмэгдэх хандлагатай байна.

ДАРХАН НОГООН БҮС БОЛСОН Ч БААР, КАРАОКЕГ НЭЭХГҮЙ

Халдвар бүртгэгдсэн аймгуудын хувьд хэвийн горимд шилжиж эхэллээ. Дархан-Уул аймаг ногоон бүс буюу халдваргүй бүс болсноо нэгдүгээр сарын 5-нд зарласан. 12 мянган иргэнээс PCR шинжилгээ авахад бүх иргэний шинжилгээний хариу сөрөг гарснаар 17 төрлийн үйлчилгээг хэвийн горимд шилжүүлсэн. Энэ хүрээнд худалдаа үйлчилгээний байгууллага, зах, худалдааны төвүүд, лангуу, зочид буудал, ерөнхий боловсролын сургуулийн спорт заал, номын сан, фитнесс, йог, спининг, теннис, биллъярд, бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээ, гуанз, ресторан, нэг цэгийн үйлчилгээ, саун бассейн, нийтийн халуун ус, гоо сайхан, мэргэжлийн түр сургалтууд, сүлжээний бизнес, архинаас бусад согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн худалдахыг зөвшөөрчээ. 

Хэдийгээр ногоон бүс болгон зарласан ч баар, караоке, бүх төрлийн үзвэр үйлчилгээ, сүм, хийд, тоглоомын төв, бүжгийн клуб, хурал зөвлөгөөн, тэмцээн, уралдаан, үзэсгэлэн худалдаа явуулахыг хориглосон хэвээр үлдээсэн. Тус аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй 44 хонож байна.

АРХАНГАЙ ФИТНЕСС, ЦАНЫН БААЗЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭЖЭЭ

Архангай аймгийн онцгой комисс зочид буудал, фитнесс, цанын баазын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 12-ны өдрөөс халдвар хамгааллын тусгай шаардлагын дагуу нээх, аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг 10.00-20.00 цаг хүртэл байхаар зохицуулалт хийжээ.

Өргөтгөсөн хурал цуглаан, урлаг соёлын арга хэмжээ, бүх төрлийн спортын тэмцээн, уралдаан, сургуулийн спорт заал, бариа засал, гоо сайхны газар, алжаал тайлах төв, амралтын газар, 5-аас дээш хүнтэй танхимын сургалтын үйл ажиллагааг хориглосон хэвээр байна.

Орхон аймагт Covid-19-ийн анхны тохиолдол арваннэгдүгээр сарын 17-нд бүртгэгдэж байв. Харин хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 7-нд Covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Тодруулбал, тус аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт арваннэгдүгээр сарын 17-ноос 26-ны хооронд нийт 22 тохиолдол батлагдсан. Эдгээр тохиолдол нь төмөр замын ажилчдын дунд гарсан кластер голомттой холбоотой хоёр ажилтан болон түүний ойрын хавьтлуудын дундаас бүртгэгдсэн юм. Үүнтэй холбоотой голомтод тандалт судалгаа хийх, хавьтлыг илрүүлэх, голомтын хүрээг тогтоох зэрэг шуурхай арга хэмжээний үр дүнд голомтыг хумьж чаджээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж