МАН ялтнуудыг, АН торгуультай иргэдийг өршөөх хууль батлуулах уу?

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

МАН ялтнуудыг, АН торгуультай иргэдийг өршөөх хууль батлуулах уу?

МАН ялтнуудыг, АН торгуультай иргэдийг өршөөх хууль батлуулах уу?

Эрх баригч хүчин болох МАН-ын 100 жилийн ой энэ зун тохионо. Ойгоороо Ардын нам хөнгөн ялтай иргэдэд өршөөл үзүүлэхээр зэхэж буй бол Ардчилсан намынхан Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан Зөрчлийн хуулиар торгуульд унасан иргэн, аж ахуй нэгжийг өршөөх хууль УИХ-аар батлуулж, өнгөрсөн жил тохиосон 30 жилийн ойн сюрпризээ барьж мэдэх нь ээ. Одоогоор хөнгөн ялтнуудыг өршөөх хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдээгүй, Засгийн газар судалгаа хийж буй юм.

Эрх бүхий хүмүүсийн өгч буй мэдээллээр анх удаа хөнгөн хэрэг үйлдсэнийг өршөөлд хамруулах бодлого барьж буй. Үүгээр бол 900 гаруй иргэн өршөөлд хамрагдаж, суллагдаж мэдэхээр байгаа.

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан төсөл УИХ-д өргөн баригдсан бөгөөд иргэдээс санал авч эхлээд буй. Уг төсөлд Зөрчлийн хуулиар торгуульд унаад буй иргэн,  аж ахуй нэгжийг 10 сая хүртэлх төгрөг хүртэл торгуультай бол чөлөөлөхөөр тусгасан юм. Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсэн гурван жилийн хугацаанд давхардсан тоогоор 4 сая иргэнд 650 орчим тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан мэдээ бий. Энэхүү торгуулийн дийлэнх хэсэг нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэлээр иргэдэд голчлон тавигджээ. Иймээс төсөл санаачлагч УИХ-аас уг хуулийн төслийг баталсан нөхцөлд 1 сая гаруй иргэн хамрагдаж, торгуулиас чөлөөлөгдөнө гэж тайлбарлаж буй юм.  Ингэхдээ 10 сая хүртэлх төгрөгийн торгуультай бол чөлөөлөхөөр заажээ.

Гэхдээ УИХ-д цөөнх байгаа Ардчилсан намынхны хувьд эл төслийг парламентаар батлуулахын тулд эрх баригч хүчинтэй зөвшилцөх шаардлага тулгарч байгаа. Учир нь МАН УИХ-д 62 суудалтай. Хэчнээн ч сайн хууль санаачилсан, сэтгэлд нь нийцэхгүй бол тээг тавьдагаараа алдаршсан тул сөрөг хүчин хэр ааш аягийг нь олж ажиллаж чадах вэ гэдгээс хамаарч уг хуулийн төсөл батлагдах эсэх шийдэгдэнэ.

Ялтнуудад өршөөл үзүүлэх тухай асуудал нь шинэ биш. Өмнө нь энэ чиглэлээр хэд, хэдэн удаа хууль батлагдаж, хэрэгжсэн. Гол нь МАН хөнгөн ялтай иргэдэд өршөөл үзүүлэх нэрийн дор Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан улстөрчдөө суллаж, хийдэл гаргах вий гэдэг болгоомжлол бас бий.

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан хуулийн төслийг УИХ баталбал дүрэм барьдаггүй, хариуцлагагүй жолооч нарыг өөгшүүлсэн үйлдэл болно гэж эсэргүүцэх нэгэн байгаа ч тунг нь тааруулаад хуулийг баталж чадвал 62 суудалтай МАН-ын олон нийтээс хүлээх дэмжлэг л илүү нэмэгдэх юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж