Буцаан олголт: Зөвхөн өөрийн төлсөн дүнгээс хөнгөлөлт эдэлнэ

Хуучирсан мэдээ: 2021.01.19-нд нийтлэгдсэн

Буцаан олголт: Зөвхөн өөрийн төлсөн дүнгээс хөнгөлөлт эдэлнэ

Буцаан олголт: Зөвхөн өөрийн төлсөн дүнгээс хөнгөлөлт эдэлнэ

Хувь хүний орлогын албан татварын хууль (ХХОАТХ)-ийн дагуу анх удаа орон сууц худалдан авсан иргэн орон сууц худалдан авсан үнийн дүнгийн 10 хувь буюу зургаа хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авч буй. Хамгийн гол нь хөнгөлөлт эдлэхэд орон сууц худалдан авсан болон урьдчилгаанд төлсөн төлбөр нь татвар төлсний дараах орлого болохыг гэрчлэх баримт байх шаардлагатай. Тухайн орлогыг хэрхэн нотлохыг Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ц.Ундармаагаас тодрууллаа.


-Анх удаа орон сууц худалдан авсны хөнгөлөлт авахын тулд олон материал бүрдүүлдэг. Үүний нэг нь орлого нотлох. Тухайн орлогыг хэрхэн нотлох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Хувь хүн татвар төлсний дараах орлогоороо орон сууц худалдаж авсан бол татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авч байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.4-д Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ зургаан сая төгрөг хүртэл байна гэж заасан байдаг. Үүний дагуу татвар төлсний дараах орлогоороо орон сууц худалдан авсан хувь хүн татварын тайлан болон бүрдүүлэх материалаа хавсаргаж, уг албан татварын хөнгөлөлтөд хамрагдана.

-Орлого, мөн татвар төлснөө чухам хэрхэн нотлох вэ. Тухайлбал, ээж, аав нь байр авч өгсөн бол ээж, аав нь орлогоо нотлох шаардлагатай юу. Мөн малчин хүмүүс ноолуур, мал зарж, орон сууц авсан бол үүнийгээ хэрхэн нотлох вэ. Ноолуур, мал тушаахад баримт өгдөггүй шүү дээ?

-Тухайн орон сууц худалдан авсан орлогоо хэрхэн бүрдүүлсэн бэ гэдгийг баримтаар нотолно. Гэхдээ үүнээс зөвхөн өөрийнх нь төлсөн дүнгээс хөнгөлөлт эдлэх боломжтой. Тухайлбал, 100 сая төгрөгийн орон сууц худалдан авахад ээж, аав нь 50 сая, өөрөө банк, санхүүгийн байгууллагаас 30 сая төгрөгийн зээл болон хадгаламжид хуримтлуулсан 20 сая төгрөг төлсөн бол тухайн иргэн өөрийн төлсөн 20 сая төгрөг, банк санхүүгийн байгууллагаас авсан 30 сая төгрөг гээд нийт 50 сая төгрөгийн 10 хувийн хөнгөлөлт л буцаан олголтоор авах боломжтой болно. Харин орон сууц худалдаж авсан орлогоо нийт дүнгээр нь буюу 100 сая төгрөгийг нотлох ба 30 сая төгрөгийн зээлийн гэрээ, 20 сая төгрөг төлсөн хадгаламжийн дансны хуулга хавсаргана. Бас аав, ээжээс өгсөн 50 сая төгрөг татвар төлсний дараах орлого гэдгийг нотолсон баримтыг нэмж хавсаргана. Малчин хүмүүсийн хувьд хувь хүний орлогын албан татварын тайлан өгч, татвар төлсөн байх ба тухайн тайланд тусгасан орлогоороо нотолж болно.

-Материалаа бүрэн бүрдүүлж өгөөд баталгаажсан бол хөнгөлөлт хэзээ дансанд нь орох вэ. Иргэд материал бүрдүүлж өгсөн л бол бүгд дансанд нь ороод ирнэ гэсэн ойлголттой байдаг юм билээ. Тиймээс энэ асуултад хариулт авъя?

-Хөнгөлөлтөд хамрагдсан хувь хүний зөвхөн тухайн тайлант хугацаанд төлсөн татварыг л буцаан олгох ба үлдсэн зөрүү дүнг дараагийн татварын жилд төлсөн албан татварыг олгох хэлбэрээр зургаа хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлтийг эдлүүлдэг. Тиймээс нэг жилдээ бүгдийг нь буцаан авна гэдэг ойлголт буруу.

Татварын албаны хуульд заасан тайлан хүлээн авах хугацаанаас хойш ажлын 20 өдөрт багтаан хянаж, харьяалах төрийн сангийн нэгжид хүргүүлэх ба буцаан олголтыг дараагийн жилийн хоёрдугаар улиралд багтаан олгоно гэж хуульд заасан.

-Орон сууц худалдан авсны хөнгөлөлт эдлэх хүмүүсийн материалыг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл цахимаар авч байгаа. Одоогоор хэчнээн хүн танайд материалаа ирүүлээд байна вэ?

-Хувь хүний орлогын албан татварын тайлан болон бүрдүүлэх материалыг 100 хувь цахимаар авч байгаа тул татвар төлөгчдийн хандалт идэвхтэй байгаа. Яг одоо нэгтгээд хэлэх боломжгүй байна. 

-Энэ жил урьд жилүүдийнхээс илүү олон хүн орон сууц худалдан авсны хөнгөлөлт эдлэх талаар судалгаа байсан. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Энэ нь олон зүйлээс шалтгаалдаг тул одоогоор тодорхой тоо хэлэх боломжгүй байна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Орон сууц худалдаж авсны хөнгөлөлт эдлэх гэж буй иргэн татварын албаны etax.mta.mn цахим хуудсанд нэвтэрч, ХХОАТ-ын тайлан (ТТ-06)-гаа хүсэлтийн хамт 2021 оны хоёрдугаар сарын 15-ны дотор багтаан цахимаар ирүүлнэ. Хэрэв та etax.mta.mn сайтад бүртгэлгүй бол эхлээд itax.mta.mn сайтад хандан бүртгэлээ хийнэ. Үүний дараа нэгдсэн бүртгэлийн системд бүртгүүлээгүй бол дахин etax.mta.mn сайтад хандан “Бүртгүүлэх” цэсийг сонгон, хувийн мэдээллээ баталгаажуулаарай.

Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал

  1. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар
  2. Орон сууц худалдан авсан цахим төлбөрийн баримтын дугаар (Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн баримт)
  3. Орон сууц барьсан бол Хөрөнгийн үнэлгээний тайлан (файлын хэмжээ 25mb)
  4. Орлого нотлох баримт (файл)
  5. Худалдах худалдан авах, захиалгын гэрээ (Нотариатаар баталгаажуулсан гэрээг файлаар хавсаргах)

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

  1. Иргэний үнэмлэх
  2. Нийгмийн даатгалын лавлагаа

Орон сууц худалдан авсан, барьсан иргэний хөнгөлөлт эдлэх дараагийн жилд бүрдүүлэх материалын жагсаалт.

Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал

  1. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

  1. Иргэний үнэмлэх
  2. Нийгмийн даатгалын лавлагаа

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.5-д Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ…гэж заасны дагуу Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Үүнд: Татвар төлөгчийн бүрдүүлэх

  1. Сургуулийн тодорхойлолт (файл)
  2. Сургалтын төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар (Гадаад сургалтын төлбөр төлсөн баримтын файл)

Шаардлагатай тохиолдолд

  1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт (файлаар)
  1. Орлого нотлох баримт (гадаад сургалт)

 Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

  1. Иргэний үнэмлэх
  1. Нийгмийн даатгалын лавлагаа
  2. Төрсний гэрчилгээ

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж