Нарны цацрагаар буян түгээсэн он жилүүд үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Нарны цацрагаар буян түгээсэн он жилүүд үргэлжилнэ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Наранцацралт агс­ны үүсгэн байгуулсан “Өөш манхан” элсэн сувиллын 10 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан “Өөш тур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Наранцацралтын Соёмботой ярилцлаа.

-Юуны өмнө танай хамт олонд 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. “Өөш манхан” сувиллыг хэрхэн байгуулсан түүхээс энэ мөчид эргэн дурсвал сонин байна?

-“Өөш манхан” бол эртний монголчуудын сайн мэддэг, шүтдэг хайрхануудын нэг. Түүний дэргэд “Зоогийн жас” нэртэй нэгэн хийдийн туурь бий. Уг хийд 1800-гаад оны үеэс шашны томоохон суурин газар болж байсан. Өвөрмонголын хойд талын хошуу, Дундговийн Говь түшээ гүний хошууны ардууд энэ газрыг эмчлэх увидастай гэж мэддэг байсан юм билээ. Сүүлд 1984 онд Дундговийн Өлзийт сумын нэгэн иргэн бөөрний өвчний улмаас амиа алдахад хүрчээ. Тэгээд хотод ирж  эмчлүүлээд ч үр дүнд хүрээгүй, найдваргүй гэсэн хариу сонссон байна. Харин өвчтөн нутгийн хүний хувиар “Өөш”-ийн элсэн дээр эмчлүүлнэ гэж зүтгээд ирэхэд тухайн үед тус сумын эмч Бямбаа  зориглон эмчилсээр эдгээсэн юм билээ. Түүнээс хойш сум, орон нутгаас дэмжих болсон. Ингээд нэг гэртэй, 10 км зайд явж айлд цагаан идээ авч сувиллаа ажиллуулдаг. Тэгсэн хэрнээ хүмүүс очоод эдгээд байдаг. Ийм л байдлаар 2000 он хүртэл явж  ирсэн. Тэр үеэс миний аав Японы “Өвсний үндэс” хөтөлбөрийнхөнтэй хамтран уг сувиллыг байнгын үйл ажиллагаатай болгосон. Ингээд 10 жилийн ойтойгоо золгож байна.

-Өнгөрсөн арван жилийн хугацаанд хэчнээн хүнийг эмчилж эдгээсэн бол?

-Эхний жилд 100-200 хүнд үйлчилж байсан бол одоо улиралд 500-600 хүнийг хүлээн авч байгаа. Давтагдсан тоогоор 8000 орчим хүнд үйлчилсэн гэж хэлж болно.

-Бөөрний элсэн эмчилгээний үр дүнг анагаахын шинжлэх ухааны талаасаа хэрхэн тайлбарладаг вэ?

-Мэргэжлийн эмч нар ч, анагаахын сурах бичигт ч манай сувиллын тухай бичсэн байдаг. Анагаахын шинжлэх ухаан  үндсэндээ хүний биеийн долоо орчим хувийг судалсан байдаг. Ингэхдээ бөөрний өвчин нь дотроо пеолонифрит ба гломерулонифрит гэж хоёр янз байдаг гэж үздэг. Гломерулонифрит гэдэг нь бөөрний дутагдал болон архаг дутагдлын улмаас үхлийн аюулд ч хүргэж болдог өвчин юм. Энэ өвчин чухам юунаас үүсч байгаа нь мэдэгддэггүй. Ихэнх таамаглалд эмийн болон хоол хүнсний буруу хэрэглээ болон хордлогоос болдог гэж үздэг. Манай сувилал пеолонифритийг 100 хувь, гломерулонифритийг мөн тэр хэмжээнд эдгээдэг. Ер нь нийт эмчилгээний үр дүнд өгөх баталгааг 98 хувьтай гэж хэлж болно. Би энэ талаар бардам байдаг. Эмчлүүлсэн хүн бүр эерэг үр дүнтэй буцдаг. Гурван жил дараалан эмчлүүлээд 100 хувь эдгэлээ, эмнэлэгт дахин энэ өвчнөөр хэвтсэнгүй гэж ярьцгаадаг. Бид өнгөрсөн хугацаанд нэг ч удаа сурталчилж байгаагүй. Өвчин нэгтэй хүмүүс зовлон нэгтэй болдгийн хувьд ам дамжин ярьсаар ирж эмчлүүлдэг.  Элсэн эмчилгээ нь физик эмчилгээ бөгөөд сэтгэл заслын, мөн европ эмчилгээ шаардлагатай бол хавсарч эмчилж болдог.

-Танай сувиллын өвчтөнүүдэд бэлтгэж өгдөг хоол хүнс нь мөн бөөрний эмчилгээтэй уялдаатай байдаг уу?

-Эмчилгээ гэдэг нь хүн өглөө боссоноос орой унтах хүртэлх бүх үйл ажиллагааг хамаардаг. Хоол хүнс, ааш араншин гээд бүх нөлөөллийг хамаарна. Жишээ нь элсэнд очихоор хүний шээс нэлээд багасдаг. Учир нь муу шингэнийг хөлсөөр нь гадагшлуулж байгаа хэрэг. Ингэхээр бөөр ачаалалгүй амардаг. Мөн хорчийж үхжсэн эсүүдийг гаднаас нь механикаар төөнөж сэргээдэг. Нэг ёсондоо шаралгатай ижил үйлчилгээ үзүүлнэ.

-Гадныхан хэр ирж   эмчлүүлдэг вэ?

-АНУ-ын Колорада мужийн Монгол Улс дахь өргөмжит консул Jim Wagenlander жил бүр ирж эмчлүүлдэг. Аав минь анх урьж байсан. Түүнээс хойш байнга ирдэг болсон. Эмчлүүлэхээс гадна аялах, ялангуяа хийдийн туурин дээр очих дуртай байдаг. Япончууд мөн их ирдэг. Миний сонссоноор наян хэдэн онд нэгэн герман хүн нисдэг тэргээр ирж манай сувиллын ойролцоо майхан барьж амарсан. Анх насилькаар зөөлгөдөг тэрбээр  14 хоноод өөрөө босч явдаг болсон гэж нутгийнхан ярьдаг. Энэ бол цоо шинэ эмчилгээ биш л дээ. Казахстаны болон манай Говь-Алтай аймгийн Бигэрийн элсэн сувилал их алдартай.

-Манайхан аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхээсээ илүү хүндэрсэн тохиолдолд эмчид ханддаг. Танай сувилалд ч гэсэн бөөрний өвчин нь хүндэрсэн хүмүүс очих нь олонтаа байдаг байх?

-Энэ бол манайхны нэг том дутагдал яах аргагүй мөн. Их хүндэрсэн үедээ ирж, “эдгэхгүй бол яанаа” гэж айх тохиолдол байдаг. Хамгийн сайхан нь хөдөлж ч чадахгүй байсан хүмүүс ердөө долоо хоногийн дотор эдгэж, бүжиглэж баясч байхыг харахаар л бишрэх сэтгэл төрдөг. Асрах гэж ирсэн хүмүүс нь ч тодорхой хэмжээнд бөөрний өвчтэй л байдаг. Тэд ч бас дагаад эмчлүүлж эдгэрдэг. Ер нь Монголд бөөрний өвчнөөр өвчлөгсөд улам нэмэгдсээр байна. Найман настай нэгэн жаахан охин хүндээр өвчлөөд манайд суга таягтай ирсэн. Аав ээж нь харж асрах хүнтэй нь үлдээгээд хот руу буцсан. Долоо хоногийн дараа ирэхэд нь таягаа хаяад гүйдэг, бүжиглэдэг болсон. Аав ээж нь баярласандаа уйлж байсан. Ийм ач тустай учраас л манай гэр бүл энэ сувиллаа орхихгүй, цаашид улам өргөжүүлэхээр хичээж байна.

-Өөшийн сувиллын элс нь мэдээж өвөрмөц учраас анагаах увидастай байдаг байх. Элсийг нь шинжлэхэд ямар онцлог илэрсэн бол?

-Элсийг нь шинжилсэн. Эрдэслэг, барилгын материалын зориулалтаар хэрэглэх боломжгүй. Нэмэх 70 хэмд хүртэл халж байж эмчилдэг.

-Элсэн эмчилгээг энергитэй холбож ойлгож болох уу?

-Манай сувилал дээр энерги судлалынхан ирсэн. Багажаар хэмжиж үзээд, “Энергийн төвд ойрхон болохоор энергийн урсгалуудын нэг хэсэг нь энэ юм байна. Энерги нь нарны гэрэл, бодит энерги, дуу авианы холбооноос үүсдэг болохоор элсний шунгинах чимээ, нарны гэрэлд халсан элсэнд гол анагаах увидас нь оршдог байж болох юм” гэж хэлж байсан. Дэлхийн энергийн төв гэдэг Дэмчогийн хийдийн хажууд Оюутолгой байх жишээтэй. Тиймээс манай сувиллын дэргэдэх туурьтай ч холбоотой байхыг үгүйсгэхгүй.Би оюутан байхаасаа сувилалдаа ажиллаж байсан. Тэр үед хааяахан сонсдог байсан энергийн тухай яриа одоо хүн бүрийн мэддэг түгээмэл ойлголт болсон. Тиймээс ч эмчилгээний үр дүн сайн байдаг болов уу. Манай сувилалд эмчлүүлсэн яруу найрагч Ц.Хулан эгч надад хэлэхдээ “Миний бие сайхан эдгэлээ. Наранцацралт агсны үүсгэн байгуулсан энэ эмнэлэг үнэхээр л нарны цацрагаар хүнийг эмчилж эдгээж байгаа нь цаанаа хосгүй увидастай, утга учиртай байжээ” хэмээн хэлж байсан. Эцэст нь хэлэхэд эрүүл явах гэдэг зөвхөн өөрөөс тань хамаардаг гэдгийг хэлэхийг хүсч байна. Манай сувилалд ажиллаж байсан, эмчлүүлж үйлчлүүлсэн бүх хүмүүст 10 жилийн ойн мэнд хүргэж, эрүүл энхийг хүсье.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж