Японы мэргэжлийн сүмо бөхийн хацү башёгийн найм дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2021.01.17) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд 5000 үзэгчийн өмнө явагдлаа. Энэ удаагийн хацү башёг 65 бөх коронавирусийн халдвар авсны улмаас өнжсөн билээ.
Озэки цол горилж буй зүүний манлай озэки Такакэйшо маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргилтой тааран барилдсан ч дахин өвдөг шороодлоо. Ийнхүү озэки Такакэйшо хоёр даваа, зургаан унаатай болсон бол Тамаваши Б.Мөнх-Оргил таван таваа, гурван унаатай болжээ. Тэгвэл барууны манлай озэки Шодай комүсүби Митакэүмитэй тааран барилдсан ч мөн өвдөг шороодов. Башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байсан Шодай ийнхүү унаснаар зургаан даваа, хоёр унаатай боллоо. Харин залуу озэки Асанояама маэгаширагийн тавд эрэмбэтэй Эндог давж, таван даваатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ удаагийн хацү башёг Дайэйшо найман даваа ганц ч унаагүй ганцаараа тэргүүлж байгаа бол түүний араас зургаан даваа, хоёр унаатай Шодай, Мэйсэй, Акисэяама, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар удаалж байна.
Озэки цолоо эргүүлэн авах хүсэлтэй сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёгийн найм дахь өдөр маэгаширагийн тавд эрэмбэтэй Окиноүмиг унагааж, даваагаа ахиулсан бол Кирибияама Б.Лхагвасүрэн Котоэког давж, тэргүүлэгчдийн эгнээнд орж ирлээ. Мөн башёг тааруу эхлүүлсэн Хошорюү С.Бямбасүрэн Аойяамаг давж, гурван даваа, таван унаатай болов. Харин Ичиножо А.Ичинноров сүүлийн үеийн муу барилдаанаа үргэлжлүүлж Ютакаяамад унажээ. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножо А.Ичинноров нар хоёулаа башёг сайн эхлүүлсэн ч одоогоор таван даваа, гурван унаатай явна.
Холбоотой мэдээ