Н.Багабандийн үг, Х.Баттулгын тайланг сонсъё!

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

Н.Багабандийн үг, Х.Баттулгын тайланг сонсъё!

Н.Багабандийн үг, Х.Баттулгын тайланг сонсъё!

Хөл хориотой, ажил орлогогүй болсон монголчуудын сонирхлыг ихэд татаж буй хоёр сэдэв нь оффшор ба Оюутолгой. Сошиалаас харахад оффшороос орж ирсэн мөнгийг хувааж авах, Оюутолгойн ордыг хаах хүсэлтэй монгол хүн Ерөнхийлөгч Х.Баттулга,  УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнгээс эхлээд цөөнгүй ажээ.

Н.БАГАБАНДИЙН ҮГИЙГ ЭХЛЭЭД СОНСЪЁ!

Оффшороос нэг ч доллар Монгол Улсын /төрийн/ дансанд орж ирээгүйг хэлсэн биш Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг  Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “гадныханд  үйлчилдэг, гар хөл” болгож,  “Оюутолгойн гэрээ бол Монголын төрийн эрх мэдэлтнүүдийн шуналын бүх төрлийн нян цугларсан бохирын сав мөн” гэж дүгнэжээ.  Оюутолгойн гэрээ бохирын сав эсэхэд  хамгийн үнэн, зөв хариулт өгөх хүн бол уг нь Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди. 2013-2016 онд гурван жил завсарласныг эс тооцвол гэрээ зурагдсан цагаас эхлээд  тэрбээр есөн жил Оюутолгойн ТУЗ-д суугаа хүн.

Оюутолгойг тойрсон маргаан, хэрүүл, баривчилгаа гээд  олон үйл явдал Монголд өрнөсөн ч өнгөрсөн 11 жилийн хугацаанд хэвлэлээс үргэлж зугатаж ирсэн түүнээс

  • Далд уурхай ашиглалтад ороод 2051 он хүртэл Монгол Улс ногдол ашиг авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог “Рио Тинто” компани Монгол Улсын Засгийн газарт өгсөн нь үнэн үү?
  • 2051 он хүртэл Оюутолгой компани Монголд ашгийн буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ердөө дөрвөн жил төлөхөөр байгаа юу гэж асуумаар, хариулт авмаар байна.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр гурван сая монголчуудын эрх ашгийг төлөөлж суугаагийн хувьд шүү дээ.

 “Оюутолгой”-н ТУЗ-д гурван жил ажилласан өөр нэг төлөөллийн буюу эдийн засагч  Ч.Отгочулуугийн “Туркойз хилл ресурсийн жижиг хувьцаа эзэмшигчид Рио Тинтог юунд буруутгаад байна вэ гэхээр Дубайн гэрээгээр Монгол Улсын Засгийн газрыг бүх үүрэг, хариуцлагаас чөлөөллөө гэж үздэг. Иймд эдгээр компанийн хариуцлагыг бууруулах шаардлагыг тавьдаг. Тэд Рио Тинто, Туркойз Хиллд бүх ачааг үүрүүлсэн нь буруу, Дубайн төлөвлөгөөнд шударга бус заалтууд орсон гэж үздэг” гэх  тайлбар хэвлэлд өгчээ. Түүний ярилцлагаас Дубайн гэрээг цуцлах нь Монголд биш эсрэгээрээ хөрөнгө оруулагчдад ашигтай байхаар уншигдаж байна.

Тэгвэл “Оюутолгой” ХХК  Монголд төлсөн татвар, хураамжийнхаа талаар албан ёсны сайтдаа мэдээлэл оруулахдаа “Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвар, төлбөрийг холбогдох хууль, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ), Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Татварын ерөнхий газраас өгсөн зөвлөмжүүдийн хүрээнд цаг хугацаанд нь бүрэн төлдөг” тухайгаа дурдаж.  Мөн “Нөхөн ногдуулалтын акттай холбоотой шинэ асуудлуудыг олон улсын арбитрын шүүхэд явагдаж буй ажиллагаанд нэмж оруулах хүсэлт гаргахаар бэлдэж байгаа”-гаа ч уг мэдээлэл онцолсон байна.

ОЮУТОЛГОЙ БА УДОКАН

Монгол Улсын экспортын орлогын 40 хувь, төсвийн орлогын 15 хувийг Оюутолгой, Эрдэнэт гэх хоёр том зэсийн ордын экспорт бүрдүүлдэг. Оюутолгойн нийт нөөцийн 80 хувийг далд уурхайгаас олборлоно. Далд уурхайн бүтээн байгуулалтыг 2021 онд дуусгаж, 2022 оноос тогтвортой олборлолт явуулахаар Оюутолгой төлөвлөж байгаа аж.  ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгын өгсөн мэдээллээр Оюутолгой компани ил уурхайгаасаа Монгол Улсын экспортод гаргадаг зэсийн тал хувийг олборлож байгаа аж.  Борлуулалтын орлого нь 1.1 тэрбум ам.доллар орчим. Далд уурхай ашиглалтад орохоор олборлолтоороо дэлхийд дөрөвдүгээр байрт орох хэмжээний том уурхай болох гэнэ.

Б.Солонго дарга “Мэдээж, энэ хэмжээний том уурхай ажиллах нь Монгол Улсад хэрэгтэй. Тийм учраас бид энэ төслийг дэмжиж байгаа” хэмээн ярилцлагаа дуусгаж. Төслийг Засгийн газар дэмжиж байгаа бол хөрөнгө оруулагчтайгаа аль болох хурдан ая зүйгээ олох ёстой болох нь.

Энэ цаг мөчид гэгчээр Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нарын улстөрчид Оюутолгойгоо хаая, зогсооё гэж хашгирах зуур,  оросууд Зайбайкалийн хязгаар нутаг дахь зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг 2022 онд ашиглалтад оруулахаар аль хэдийнэ бэлтгэл ажлаа хэдийнээ базаачихаж.  Товчхондоо, Оюутолгойн далд уурхайн олборлолттой зэрэгцээд Оросод Удоканы олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөсөн байна.  Удоканы орд нь зэсийн нөөцөөрөө  дэлхийд гуравт ордог том орд.  Оросууд  70 жил хүлээсэн зэсийн салбарын онцлох үйл явдалдаа үүнийгээ нэрлэж байгаа юм. Зэсээ тэд Хятад, Япон, Солонгос руу худалдах гэнэ.

Монголын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж, гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлүүлэхээр болсны хариуд Оросын баялгийг Хятад руу зөөхөд бид УБТЗ, Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замын хөнгөлөлт үзүүлэх хэлэлцээртэй.

Хүний нохой ба манай нохойн ялгаа энэ.

ОФФШОРЫГ ОФФШОРООР ДАРСАН НЬ!

Үндэсний телевизийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлийн тодруулга, ярилцлагад анхны зочноор  нь орсон Ерөнхийлөгч Х.Баттулгын “Намайг оффшор данстай гэх асуудал сүүлийн 10 гаруй жил яригдсан. Ингэж яриад байгаа  хүмүүс нь тэр орлогыг гаргаад ирвэл өөрсдөө аваарай” гэснийг олон үзэгч хоёр чихээрээ сонссон. Гэтэл төв телевизэд тодруулга өгөхөөсөө хоёр сарын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга 2001 онд Сингапурт байгуулсан нэг сая сингапур ам.долларын дүрмийн сантай “GENCO HOLDINGS PTE LTD” компаниа 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр татан буулгасан болохыг Сингапурын засгийн газрын эх сурвалж баталсан тухай хэвлэлд  мэдээлжээ.

Үндсэндээ Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшорт байгуулсан “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн мэдээлэл олон нийтэд ил болонгуут оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан нь улс төрийнх нь нэг нүүдэл байв. Мэдээж, өөрөөс нь өөр хүн оффшороос мөнгө татах, авах боломжгүйг оффшор байгуулж явсны хувьд Х.Баттулга сайн мэдэж байгаа.  Сохор зоос орж ирээгүйг бүр сайн мэдэж байгаа.  Хулгайч хулгайчийг бариарай гэж чанга хашгирдагтай адилхан арга заль гаргасан хэрэг.

Ердөө ирэх зун гэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрх нь дуусгавар болно. Гэвч өнгөрсөн дөрвөн жил тэрбээр өс хонзон зангидсанаас өөрөөр Монголын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал хүний, эрхийг хангах тал дээр Ерөнхийлөгч Х.Баттулга юу хийсэн бэ.

Ярилцлага хийж үзээгүй юм болохоор Н.Дэмбэрэлийг  “зөөлчилсөн” тодруулгадаа хэлсэнчлэн ҮАБЗ 2017 оноос хойш 41 удаа хуралдаж 54 зөвлөмж гаргасныг нь эс тооцвол баруун солгойгүй одон тарааж, гадаад, дотоодын захиалгаар 14 хүнийг улстөрийн хилс хэрэгтэн болгосноос өөрөөр ард түмэндээ тавих тайлан  Х.Баттулгад байна уу. Байвал сонсоё!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
8
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж