“ТҮЦ-үүд QR код уншуулж, зөвхөн цонхоор үйлчилнэ”

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

“ТҮЦ-үүд QR код уншуулж, зөвхөн цонхоор үйлчилнэ”

“ТҮЦ-үүд QR код уншуулж, зөвхөн цонхоор үйлчилнэ”

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэдээлэл технологийн газраас хамтран өнөөдрөөс /2021.01.18/ үйл ажиллагааг нь нээж байгаа аж ахуй нэгжүүдэд тавих шаардлага болон дараагийн ээлжид нээгдэх бүх төрлийн барааны худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөмжийн талаар  мэдээлэл хийлээ.


“БҮХ ТӨРЛИЙН ХУВЦАС, ГЭР АХУЙН БАРАА, ГОО САЙХНЫ БАРАА, ТОГЛООМЫН ХУДАЛДАА НЭЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА”

Нийслэлийн Засаг даргын захирамжийн А/06 тоот хавсралтад өөрчлөлт орсонтой холбоотойгоор холбогдох байгууллагуудаас мэдээлэл өгч байна. Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнгөрөгч Бямба гаригт болсон. Энэ үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэлийн аж ахуй нэгжүүдийг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн. Энэ хүрээнд өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд зарим төрлийн худалдаа үйлчилгээг нээж байна. Эдгээр аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж, тусгай шаардлага тавьж, зөвлөмж дагах ёстой талаар  албаныхан онцолсон юм.

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб дээр аж ахуй нэгжүүдийн тоон мэдээллүүдийг нэгтгэжээ. Ингэхдээ цар тахлын халдварын тархалтын судалгааг үндэслэсэн бөгөөд эрсдлийн үнэлгээг холбогдох газрууд тогтмол хийж, мэргэжлийн байгулулагуудын саналыг авч энэ шийдвэрийг гаргасан гэдгийг Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Өнөөдрөөс үйл ажиллагааг нь хязгаарлаж буй 18 салбар чиглэлийн аж ахуй нэгжийн тоо 14 болж буурсан байна.

Цаашдаа бусад судалгаанд үндэслэж, зарим салбар чиглэлийн үйл ажиллагааг нэмж, нээх болно. Үлдэж байгаа бүх төрлийн бараа үйлчилгээ, худалдааг нээхээр судалж байна .

Үүнд, бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоомын худалдаа одоогоор хязгаарлагдаж байгаа. Дараагийн ээлжид эдгээр салбар багтаж байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Батманлай хэлж байв.

“ҮСЧИН 15 МИНУТАД НЭГ ХҮНД ҮЙЛЧИЛЖ ЧАДАХГҮЙ УЧИР ЭРСДЭЛТЭЙ”

Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.ОЮУНБОЛОР:

-Нийслэлд одоо үйл ажиллагаа явуулж байгаа есөн ангиллын 62 төрлийн худалдаа үйлчилгээ ажилладгаас 35 төрлийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байна. Үүнд нэмэлтээр тавилгын бараа, цанын бааз, цахилгаан бараа хэрэгслийн худалдаа, ТҮЦ-үүдийг ажиллуулж байна. Тиймээс иргэд QR код уншуулахдаа анхаарч, хариуцлагатай хандах хэрэгтэй. Нийтлэг түр заавруудыг худалдаа үйлчилгээний аж ахуй нэгжүүдэд хүргүүлж, мэргэжлийн байгууллагууд өдөр бүр хяналт тавьж байгаа ажээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 3600 орчим үсчин, хумс засал зэрэг гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэн бий. Олон улсын зөвлөмж, эрсдлийн үнэлгээгээр үсчин, гоо сайхны салбар дундаас дээш эрсдэлтэй гэж үзэж буй. Тухайн үйлчлүүлэгчтэй 15 минутын хязгаар болон хүн хоорондын 1.5-2 метрийн зайнд ойрын хавьтал болох юм. Үнэхээр үсчидийн нөхцөл байдал хүнд байгаа юу гэвэл тийм. Шуурхай штабад энэ салбартай холбоотой санал гомдлууд их ирж байгаа.

“ТҮЦ-ҮҮД QR КОД УНШУУЛСАН ИРГЭДЭД ЗӨВХӨН ЦОНХООР ҮЙЛЧИЛНЭ”

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.ЦЭНД-АЮУШ:

-Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаагаар 1000 гаруй ТҮЦ нийслэлд байдаг. Үүнд 500 орчим байцаагч хяналт тавьж ажиллана. Нэмэлтээр нээгдэж буй байгууллагууд болон ТҮЦ-үүд тусгай нөхцөл шаардлагыг биелүүлж ажиллана. Их цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийсний дараа үйл ажиллагаагаа нээнэ. Ингэхдээ хүн хоорондын зайг барьж, зөвхөн цонхоор үйлчилнэ. Иргэдийг бүртгэх QR кодоо уншуулж, үйлчилгээ үзүүлнэ. Мөн түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй. Халдвар хамгааллын дэглэмийг баримталж, бээлий өмсч, нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг тутам хэрэглэж, бэлэн мөнгө хэрэглэхгүй байх, пос машин ашиглана. Тухай бүрт халдваргүйтгэл хийж ажиллана. Өнгөрөгч амралтын өдрүүдэд 26 томоохон зах худалдааны төвд шалгалт хийхэд 56 зөрчил илэрсэн. Бид таван газарт хугацаатай үүрэг даалгавар өгсөн бол Хан-Уул дүүргийн “Ханталст” компанид нэг сая төгрөгийн торгууль ногдуулсан. Учир нь QR кодоо уншуулахгүй, гарын ариутгагч, ажлын байрны цэвэрлэгээ халдваргүйтгэл хийхгүй, хүн хоорондын бөөгнөрөл үүсгэж байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагын мэдэгдэл, зөвлөмжийн хүрээнд үйл ажиллагааг баримтлахгүй бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна шүү.

“ИРГЭД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ БИЕДЭЭ ЗААВАЛ АВЧ ЯВАХЫГ ШААРДЛАГАТАЙ”

Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга О.ЧИНЗОРИГ:

-Өнөөдрөөс дөрвөн салбар байгууллагын үйлчилгээ нээгдэж байгаа учраас иргэд олноор үйлчлүүлэх хандлагатай байна. Аж ахуй нэгжүүд хариуцлагатай байж, иргэдэд харагдахуйц байршилж,  QR кодоо уншуулах шаардлагатай байна. Улсын хэмжээнд 1.7  сая хүн E-barimt апплейкэшн ашигладаг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 154.37 цэгт QR  код байрлуулж, 1.6 сая иргэн уншуулсан байна.

Иргэдийн хувьд ухаалаг утасгүй тохиолдолд QR кодыг хэрхэн ашиглах вэ гэдэг санал гомдлыг хэлж байгаа. Үйлчилгээний байгууллагуудын хувьд QR кодоо уншуул гэж шаардвал цаасан тэмдэглэгээг үлдээж, иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явахыг шаардлагатай. Энэ боломжуудыг аж ахуй нэгжүүд бүрэн хангах хэрэгтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж