УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр /2021.01.18/ мэдээлэл хийлээ. Тэрбээр ажлын байр хэрхэн хамгаалах талаар УИХ-ын тогтоолын төсөв боловсруулсан, гадаадад гацсан иргэдтэй холбоотойгоор Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн, Үндсэн хуулийн Цэц дээр иргэний журмаар мэдээлэл өгч байгаа талаараа мэдээлэл өгөв. УИХ-ын гишүүн Т.Доржханд мөн одоогийн Ерөнхийлөгч болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй, үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодруулж өгөх ёстой гэж үзэж байгаагаа онцлов.
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:
-УИХ-ын дарга Г.Занданшатарт ажлын байрыг хамгаалах талаар УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьж байгаа. Covid-19-ийн хүндрэл жил гаруй хугацаанд үргэлжилж, энэ хугацаанд Засгийн газар иргэдийнхээ орлогыг хамгаалах, цахилгаан дулааны суурь үнийг Засгийн газар даах шийдвэр гаргасан. Харин одоо бол эргэлтийн хөрөнгө, бизнесийн эх үүсвэр дутагдаад байна. Ажлын байраа хамгаалах хэрэгтэй. Ажлын байрны бодлого ярьдаг улс төрийн хүчин байхгүй байна. Монголбанкинд 7.6 их наяд төгрөг байна. Банкууд нь мөнгө гаргадаггүй. Ийм үед Засгийн газар идэвхтэй ажиллах хэрэгтэй. Монголбанкны бодлогын хүү 5 хувьтай байгаа. 5 хувь дээр Засгийн газрын үнэт цаас гаргах боломжтой байна. Зээлийн хүүгийн хязгаар хүчээр тогтоох бус банкинд байгаа эх үүсвэрийг зах зээл рүү шахах ажлыг хийх хэрэгтэй. Ингэхдээ бонд гаргаад арилжина. Төв банкин дээр байгаа эх үүсвэрийг татаж авна. Үүнийг таван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай гаргах хэрэгтэй. Ингэснээр 200 ажлын байрыг бүрэн хамгаалах боломжтой. 200-аас дээш ажилтантай бизнесүүдэд зээлийн эрсдэлийн барьцаа хөрөнгийн 50 хувийг төрөөс даа. Зээлийн эрсдэлийн барьцааны сан гэж байдаг. Үүнийг мөнгөжүүлэх хэрэгтэй. Дахиад 3 их наяд төгрөгт баталгаа гаргах боломж байна. Нийт 400 мянган ажлын байрыг хамгаалах боломж байна. Мөн УИХ-ын гишүүнийхээ хувиар Ерөнхий сайдад гадаад гацсан иргэдтэй холбоотойгоор асуулга тавьж байна. Монголчууд очиж ажил хийдэг дэлийн улс орнууд хүндэрсэн байна. Монголчууд гадаадад ажилгүй, орлогогүй болсон иргэд нутагтаа ирэхийг хүснэ. Тиймээс Засгийн газар идэвхтэй ажиллаж иргэдээ татаж авах хэрэгтэй байна. ХҮН-ны даргын хувьд монголчуудаа татаж авах асуудлыг хоёр дахь удаагаа тавьж байна. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хоёр сарын өмнө баталсан. Гэтэл энэ хууль Үндсэн хуультайгаа нийцэж байна уу. Өмнөх Ерөнхийлөгч нар дахин сонгуульд нэр дэвших үү. Үндсэн хуульдаа тов тодорхой дэвших боломжгүй гээд заачихсан байгаа. Тиймээс энэ асуудлаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой зааж өгөх ёстой гэж үзэж Үндсэн хуулийн Цэцэд иргэний журмаар хандаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаагүй. Энэ зүйл заалтыг 2025 онд хэрэгжүүлнэ гэж байгаад нааш нь татсан. 2021 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжинэ гэж өөрчилсөн. Үүнийг тухайн үеийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдтой тохиролцож хийсэн.
Холбоотой мэдээ