Хятад улсын зүүн хэсэгт үйлдвэрлэсэн зайрмагнаас цар тахал үүсгэгч SARS-CoV2 вирус илэрсэн тул дотоод болон гадаадад түгээгдсэн бараануудыг татаж авахаар болсныг засгийн газар мэдээлжээ. Бээжинтэй хөрш зэргэлдээ оршдог Тианжин хотод үйл ажиллагаа явуулж буй Daqiaodao food хувьцаат компани дээрх явдлаас хойш бүх ажилчдаа тусгаарлан шинжилгээ хийж эхэлсэн байна. Мөн одоогийн байдлаар зайрмагнаас халдвар авсан тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байгаа гэнэ. Худалдаанд гарсан нийт зайрмагнуудын ихэнх нь буюу 29 мянган хайрцаг нь борлогдоогүй байсан аж. Харин Тианжин хотын дэлгүүрүүдэд аль хэдийн зарагдсан 390 хайрцаг зайрмагийг болон худалдан авагчдыг олох ажлыг эрх баригчид эхлүүлсэн байна.
Зайрмагнаас вирус илэрсэн нь түүхий эдтэй холбоотой байж болзошгүй хэмээн зарим мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Хүнсний үйлдвэрийн мэдээлснээр зайрмагны хуурай сүү Шинэ Зеландаас, шар сүүний нунтаг Украинаас ирдэг гэнэ.
Үүнээс өмнө АНУ, Европ, Шинэ Зеланд, Канад, Энэтхэг, Герман, Эквадор улсуудаас импортоор авсан хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнүүдээс covid-19-ийн халдвар илэрч байсан юм. Гэвч ДЭМБ-ын үзэж байгаагаар хүнсний бүтээгдэхүүн болон түүний савлагаан дээр вирус тээгдэх нь нэн ховор тохиолдол гэнэ. Мөн ихэнх мэргэжилтнүүд бараа бүтээгдэхүүний савлагаан дээр вирус наалдах эрсдэл бий ч тэдгээрээс халдвар авах эрсдэл бараг үгүй хэмээн үзэж, хүнс болон хүнсний савлагааг халдвартай холбохоо болихыг уриалсан байна.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ