Зээл олголтын дээд хэмжээг нэмэх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Зээл олголтын дээд хэмжээг нэмэх шаардлагатай

Арилжааны банкуудын олгож буй зээлийн дээд хэмжээ бага байна гэж бизнес эрхлэгчид гомдоллодог. Үнэхээр ч манай улсад бүх төрлийн зээл олголтын дээд хэмжээ тун бага. Харин хүү өндөр байдаг дутагдал бий. Энэ нь зөвхөн бизнес эрхлэгчид төдийгүй нийт хэрэглэгчдэд зээлийн бүтээгдэхүүнийг үр дүнтэй ашиглах боломж олгодоггүй. Энэ удаа арилжааны банкуудын зээлийн бүтээг-дэхүүн, түүний дээд хэмжээг харьцуулж үзлээ. 

Өнөөдөр арилжааны банкуудын олгож буй шуурхай зээлийн дээд хэмжээ л гэхэд таван сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Хүү нь дунджаар 3-3.2 хувьтай байх жишээтэй. Үйлдвэрлэлийн зээлийн тухайд барьцаалж буй үндсэн хөрөнгийн 20 хувьтай тэнцэнэ. Шинээр эхлүүлж буй жижиг бизнесүүд барьцаалах хөрөнгө нь тийм ч үнэтэй биш. Хоёр өрөө байр, автомашинаас л эхэлнэ. Тэгэхээр олгож буй зээлийн хэмжээ бизнесийн үйл ажиллагаанд нь хангалттай хүрэлцдэггүй. Харин хамгийн өндөр хэмжээнд олгодог зээл нь орон сууцных. Хэмжээ нь 80-150 саяын хооронд хэлбэлзэнэ. Гэхдээ энэ нь хэрэглэгчдэд удаан хугацааны дарамт учруулаад зогсохгүй тогтмол орлогыг нь хуу хамах аюулыг үргэлж дагуулдаг. Сард дунджаар 300 мянган төгрөгний орлоготой хүмүүс орон сууцны зээлд хамрагдвал халаасандаа бараг л автобусны мөнгөгүй үлдэнэ. Ялангуяа төрийн албан хаагчдад бүр илүү хүндрэлтэй. Хэдийгээр орон сууцны зээлийн хүү нийт банкинд 1.5 хувиас хэтрэхгүй байгаа нь харьцангуй бага хэмжээ боловч зээлийн хугацаа ихэвчлэн 10-20 жил байдаг болохоор хүндрэл гэж үзэхээс аргагүй юм. Ямартай ч орон сууцны зах зээлд гацаа үүсэх шалтгааны нэг нь банкуудын зээлийн олголтын нөхцөл гэж хэлэх хүн цөөнгүй байна. Мөн ипотекийн хуулийг батлаагүй, моргэйжийг хэрэгжүүлэхгүй байгаа гээд олон хүчин зүйл үүнд нөлөөлж буй. Ерөнхийдөө орон сууцны зээлийн тухайд арилжааны банкууд өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүн санал болгохгүй, нэг хэвэнд цутгачихсан юм шиг байдаг.

Харин жижиг, дунд бизнесийн зээл, түүний нөхцөл шаардлагуудыг хооронд нь харьцуулахад нэлээд ялгаатай. Зарим нь хэмжээний хувьд хангалттай байлаа ч шалгуур нь өндөр. Шалгуур зөөлөнтэй нь хэмжээ бага гэх мэт. Жишээ нь, “Хас” банкнаас олгодог өсөлтийн зээлийн дээд хэмжээ хорин сая төгрөг. Эсвэл 20 мянган ам.доллар хүртэл хэмжээтэй. Сарын хүү нь төгрөгийнх 1.7-2.1, валютынх 1.5-1.9 хувь. Уг зээлийг эргэлтийн хөрөнгө, эсвэл үндсэн хөрөнгийн алинд хамаарахаас шалтгаалан 18-24 сарын хугацаатай олгодог юм байна. Сар бүр хэсэгчлэн төлөх ёстой. Зээлдэгчийн үйл ажиллагааны онцлогоос хамааран дөрвөн сар үндсэн төлбөрөөс чөлөөлж болно гэж байгаа. Гэтэл “Голомт” банк бүр 200 сая хүртэл төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг санал болгосон байна. Хүү нь ч бас арай илүү буюу 1.6-2.3 хувь. Хугацаа нь ердөө 18 сар. Зээл хүсэгчид тухайн бизнесээ сүүлийн нэгээс доошгүй жил тасралтгүй, амжилттай эрхэлсэн туршлагатай байх, бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагад зээлийн өргүй байх үндсэн шаардлага тавьдаг. Барьцаа хөрөнгөд амины болон нийтийн эзэмшлийн орон сууц, компанийн өмчлөлийн болон хувийн эзэмшлийн барилга, объектуудаас гадна хувьцаа, хадгаламжийн дэвтэр гэх мэт үнэт цаасыг хамруулж болдог байна. Зөвхөн энэ хоёр банкинд л гэхэд ийм эрс ялгаатай байгаа юм. Тэгвэл Худалдаа хөгжлийн банк жижиг дунд бизнест үүнээс 2.5 дахин их буюу 500 сая хүртэл төгрөгийн зээл олгодог аж. Хугацаа нь мөн л хамаагүй урт. Дээд тал нь 36 сар хүртэл байж болно. Тус банк нь зээлийн хүүг тухайн харилцагчийн бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтээс хамаарч уян хатан тогтоох, бусад банкинд зээлийн түүхтэй ч хугацаа хэтэрсэн зээлийн өргүй бол хүүгээ бууруулж болох давуу талтай юм байна. Мөн Төрийн банкны энэ төрлийн зээлийн дээд хэмжээ 500 сая төгрөг. Гэхдээ ийм хэмжээний зээл олгохдоо зээлдэгчийн жилийн орлогыг 250 саяас дээш байх шаардлага тавьдаг. Харин “Капитрон” банк иргэдэд 150 сая буюу түүнтэй тэнцэх хэмжээний валютын зээл олгодог байна. Хүү нь нэлээд өндөр буюу 1.8-2.6 хувь. Хугацаа нь 24 сар хүртэл байх жишээтэй. Энэ мэтчилэн жижиг, дунд бизнесийн зээл харилцан адилгүй байна.

Өнөөдөр төрийн албан хаагчдад ажлаасаа гадна ямар нэгэн бизнес эрхлэх боломж хомс байдаг. Тиймээс гэр орондоо засвар хийх, өндөр үнэ бүхий электрон бараа худалдан авах, өвчин зовлон тохиолдох гэх мэт олон янзын шалтгааны улмаас цалин-гийн зээл авах шаардлага байнга гардаг. Ялангуяа эрүүл мэндийн салбарт ажиллагсад энэ төрлийн зээлийг хамгийн их авдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Тус салбарын нийт ажилчдын 90 гаруй хувь нь цалингийн зээлтэй  хэмээн Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдэж байв. Тэгвэл банкууд цалингийн зээл олгохдоо ямар ямар шалгуур шаардлага тавьж байна вэ гэдгийг харьцуулж үзье. Арилжааны банкуудаас хамгийн өндөр хэмжээгээр цалингийн зээл олгож буй нь “Голомт” банк. Тус банк дээд тал нь таван сая хүртэл цалингийн зээл олгодог аж. Энэ нь сарын дундаж цалинг 300 мянган төгрөгөөр тооцвол 16 сарын цалинтай дүйнэ гэсэн үг. Харин бусад банкууд ойролцоогоор 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний зээлийг олгодог юм байна. Хүүгийн хувьд харилцан адилгүй. Жишээ нь ХААН банк тухайн орон нутагт мөрдөн буй хүүгийн хэмжээгээр тооцдог бол “Капитал”, “Капитрон” банк 2-2.5 хувийн хүү тооцдог. Харин Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, “Хас” банк 1.5-2.0 хувийн хүү тооцож байна. Мөн “Хадгаламж” банк 10 сарын цалингийн 80 хувьтай тэнцэх зээлийг 1.8-2.5 хувийн хүүтэй олгодог. Бусад төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг бодвол цалингийн зээл нэлээд уян хатан, хүү багатай байгаа нь эдгээрээс харагдаж байна. Тиймээс ч энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид түлхүү сонгодог бололтой юм.
Ер нь банкуудын зээлийн болоод хадгаламжийн хувь хэмжээг тус бүрээр нь харьцуулж үзвэл нэлээд сонирхолтой дүр зураг харагдах нь тодорхой. Бид дараагийн дугаарт тодорхой бүтээгдэхүүн дээр нарийвчилсан харьцуулалт хийж, банкны мэргэжилтнүүдийн тайлбартай  хамт  уншигчдадаа хүргэх болно.  

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж