Сүүлийн үед яригдаад буй цагаан сарын бөхийн барилдаан болон “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд саналын талаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжаваас тодрууллаа.
-Улсын онцгой комисс /УОК/-оос Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Гэвч жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сар шинийн барилдаан энэ зохион байгуулагдах эсэх талаар яриа гарчээ. Холбоо ямар байр суурьтай байна вэ, УОК-т хүсэлтээ хүргүүлсэн үү?
-Одоогоор яригдаж л байна. Цар тахлын нөхцөл байдал, тархалтаас ихээхэн шалтгаална. Монголын үндэсний бөхийн холбооноос УОК-т сар шинийн барилдааныг зохион байгуулах хүсэлтээ хүргүүлсэн. Бөхчүүд маань ч уламжлал болгон зохион байгуулдаг сар шинийн барилдаанаа энэ жил зохион байгуулвал зүгээр байна гэдгээ илэрхийлсэн. Өнгөрсөн жил цар тахлын улмаас зохион байгуулагдаагүй шүү дээ. УОК зөвшөөрвөл 128 бөхийн барилдаан зохион байгуулна.
-Монгол үндэсний бөхийн холбоо “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар төслөө боловсруулж эхэлсэн гэсэн. Хэр ахицтай яваа вэ?
-Ямар ч байсан манай холбоо төслийн загвараа гаргаад цахим хуудсандаа байршуулсан байгаа. Цар тахлын байдлыг харж байгаад эдгээр нэмэлт өөрчлөлтүүд хэлэлцүүлэг зохион байгуулна. Бид бол зургаан заалтан дээр өөрчлөлт оруулах саналаа хүргүүлсэн. Бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд, бөх сонирхогчид их хандаж байгаа. Хуулийн төслөө цар тахлын байдлаас хамаараад ирэх тавдугаар сард өргөн барихаар төлөвлөөд байна.
-Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн цол чимгийг хэзээ хураах вэ. Ерөнхийлөгчид шийдвэрээ танилцуулсан болов уу?
-Бөхчүүдий цолыг хураах, цол олгох талаар баяр наадмын комиссоос тодорхой асуусан нь зөв болов уу. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газар хариуцаж байгаа.
Холбоотой мэдээ