Бусдыгаа хүндэлж хүүхдээ эрт унтуулъя

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

Бусдыгаа хүндэлж хүүхдээ эрт унтуулъя

Бусдыгаа хүндэлж хүүхдээ эрт унтуулъя

Нийслэлийнхэн, тэр дундаа орон сууцны айл өрхүүд дуу чимээнээс холдоно гэсэн ойлголт үгүй. Гэр бол амар тайван байх, амрах  орчин боловч энэ ойлголт  барилгын чанар муухан, хана нь нимгэн айлуудад бараг л мөрөөдөл. Сахилгагүй хүүхэд, хөлчүүрхсэн аав, гэрээ гоёх дуртай нэгнээс болоод амрах хугацаагаа алдаж, нойрсох эрхээ алдаж буй иргэд олон. Элдэвтэй хөршүүдийн “эрх зан”-г хөл хорионы өдрүүд бүр ч илүү мэдрүүлэв.

Ялангуяа, унтаж амрах цагаар тааз нь цөмрөх нь үү гэж бодогдтол түр тар хийн гүйх хөлийн чимээ, инээж, уйлах хүүхдийн дуунаас залхсан хүмүүс, бүр сүүлдээ бухимдаж эхэлсэн бололтой. Дуу чимээнд ядарч залхсан нэг хэсэг  нь нийгмийн сүлжээнд гомдоллож, “хэрүүлийн алим” болж байхад, зарим нь чимээгүй аяыг нь харсаар эцэст нь цагдаа дуудах нь ч бий гэнэ. Нөгөө талаас шаардлага тавьсан, цагдаа дуудсан хөршүүддээ дургүйцсэн иргэд “Тайван амармаар байгаа бол хувийн сууцандаа амьдраач” гэж амыг нь таглах үгтэй. Энэ мэт асуудлууд хөл хорионы үед нэмэгдэж,  олон нийтийг талцуулж “сахилгагүй хүүхэд” анхаарал татах боллоо. Өнгөрсөн долоо хоногт цахим орчинд оройн 22:00 цагаас хойш хүүхэд үймүүлж бусдын амгалан тайван байдалд халдаж байгаа бол 100 мянган төгрөгөөр торгоно гэх мэдээлэл  цацагдснаар эцэг эхчүүдийн эгдүүг хүргэсэн. Хүүхдийн эрхийг хааж боолоо гэх нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь торгуулийг хүүхдийн 100 мянган төгрөгтэй холбон бухимдаж байв. Цахим орчинд торгуулийн мөнгөөр далимдуулан хүүхдэд олгож буй 100 мянган төгрөгөө хураан авч байна гэх эцэг эхчүүдийн гомдол шүүмжлэл  давалгаалах болов. Харин энэхүү гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагаас эрс үгүйсгэж байгаа юм. Тодруулбал, хүүхэд нь үймүүлсэн гэх гомдол мэдээлэлд өнгөрсөн хугацаанд ямар нэгэн торгуулийн арга хэмжээ аваагүй, сануулаад өнгөрдөг  байна.

"ХҮҮХЭД ҮЙМҮҮЛЛЭЭ ГЭЖ ТОРГОСОН ТОХИОЛДОЛ БАЙХГҮЙ"

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.БААТАРХҮҮ: 

-Цагдаагийн байгууллагаас хүүхэд нь уйллаа эсвэл үймүүллээ гэж нэг ч иргэнийг торгосон тохиолдол байхгүй. Учир нь Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хариуцлага хүлээх иргэн нь 16 нас хүрсэн буюу эрх зүйн чадамжтай этгээд байхыг заадаг. Тиймээс хүүхдийг торгох үндэслэл байхгүй, тийм түүх ч байгаагүй. Хуулийг ингэж гуйвуулж болохгүй. Цагдаагийн байгууллагад хэдий хүүхэд нь үймүүлээд байна гэсэн дуудлага ирдэг ч ийм тохиолдолд зөвхөн оршин суугчдынхаа амгалан тайван байдлыг хангахыг зөвлөөд л явдаг. Түүнээс биш хүүхэд үймүүллээ гэж торгосон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй.Гэхдээ хүүхэд нь уйлж, хүчирхийлэл үйлдэж байж болзошгүй байдал гарвал иргэд цаг алдалгүй мэдээлэх ёстойг сануулъя. "Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд, нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр тус тус торгоно хэмээн заасан байдаг. Хэдийгээр иргэд өөрийн хувь эзэмшлийн орон сууцдаа чөлөөтэй байх эрхтэй ч бусад оршин суугчдынхаа ч эрх ашгийг ч хүндэтгэх үүргийг давхар хүлээдэг учраас л энэ хуулийн заалт хэрэгжиж байгааг анхаарах хэрэгтэй гэлээ.

"ХҮҮХДИЙГ 22:00 ЦАГААС ӨМНӨ УНТУУЛАХ НЬ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ҮҮРЭГ  ХАРИУЦЛАГА"

Нийтийн орон сууцанд амьдарч буй иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд Зөрчлийн тухай хуулийг тусгайлан зааж, 2017 оны долдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд 22:00-06:00 цаг хүртэл хүнийг амарч, тайван байх хугацаа гэж үзжээ. Энэ хугацаанд нийтийн орон сууцанд оршин суугаа иргэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хувь хүнийг 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгох заалт тусгасан. Энэ төрлийн зөрчил гаргасан иргэдийн талаар иргэд цагдаагийн байгуллагад хандах нь их гэнэ. Цагдаагийн байгууллагаас 2021 он гарсаар дээрх зөрчлөөр 334 хүнийг нийт 33 сая төгрөгөөр торгосон байна.

Гэвч цар тахлын нөлөөгөөр хөл хорионд орсон хүүхдүүдэд утаснаас өөр найз алга. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбар, Боловсролын хүрээлэнгийн судлаачдын багийн судалгаанд дурдснаар хөл хорионы үед нэгдүгээр ангийнхны 72 хувь нь гар утасны хэрэглээ нэмэгджээ. Мөн цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн дийлэнх буюу 31 хувиас 25 хувь нь “эцэг, эхчүүдийн 25 хувь нь хөл хорионы үед цэцэрлэгийн насны хүүхдийнх нь зан ааш өөрчлөгдөх, уйтгарлах, зожгирох, цахим хэрэглээ нэмэгдэх зэргээр хүүхдийн зан үйл сөргөөр өөрчлөгдсөн” гэж үзжээ. Хүүхдүүд ч бас ганцаардаж, уйдаж, уйтгарлаж байгааг судалгаанд дурдсан байдаг аж. Жишээ нь, бага ангийн сурагчдын 21.7 хувь нь ганцаардсан гэх дүгнэлт гарсан байна. Энэ нь эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргадаггүй, тэр бүр анхаардаггүйтэй холбоотой. Мэдээж ганцаардаж, уйдсан хүүхдүүдийн утасны хэрэглээ нэмэгдэж, нойр солигдох зэргээр эрүүл мэнд, сэтгэлзүйгээрээ хохирох улмаар ноцтой үр дагаварт хүргэхийг үгүйсгэх аргагүй. Тиймдээ ч 22:00 цагаас өмнө хүүхдээ унтуулсан байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Нөгөө талаас хүүхдээ эрт унтуулж амраах нь эцэг эхийн хариуцлага төдийгүй  өнөө цагт бусдыгаа хүндэлж буй хэрэг.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж