“Суурин газар тэсэлгээ хийхийг хориглосон зохицуулалт байхгүй”

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

“Суурин газар тэсэлгээ хийхийг хориглосон зохицуулалт байхгүй”

“Суурин газар тэсэлгээ хийхийг хориглосон зохицуулалт байхгүй”

Эмээлтэд өчигдөр /2021.01.17/ уул уурхайн тэсэлгээ хийсний улмаас чичирхийлэл мэдрэгдсэн. Зарим иргэд Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлтийн чичирхийлэл гэж андуурч байсан бол нөгөө хэсэг нь хот суурин газартай ойрхон тэсэлгээ хийж, айдаст автуулсанд бухимдаж байв. Харин мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлэхдээ “Их-Оч” гэдэг уул уурхайн компани Дарханы зам засварт ашиглах замын хайрга гаргаж авах зорилгоор холбогдох дүрэм журам, аюулгүй ажиллагааг хангасны үндсэн дээр тэсэлгээ хийсэн” гэж тайлбарласан юм.

“УУЛ УУРХАЙН ЯАМНЫ ЗӨВШӨӨРЛӨӨР ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД ТЭСЭЛГЭЭ ХИЙДЭГ”

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээлэлд "Нэгдүгээр сарын 17-ны өдрийн 13.00 цагт Улаанбаатар – Дархан чиглэлийн замыг шинэчлэх алжын хүрээнд замын хайрга, дайрга бэлтгэх зорилгоор “Ард капитал” компанийн захиалгаар, МХЕГ-аас олгосон “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах хяналтын хуудас”-ын дагуу, тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл бүхий “Их-оч” компани Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд замын трастын дагуу тэсэлгээ хийсэн.  Энэ тэсэлгээг хийхэд хууль, дүрэм журам зөрчигдөөгүй бөгөөд тухайн аж ахуйн нэгжээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Засаг дарга, цагдаа зэрэг холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн" гэв.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тэсэлгээ хийх хяналтын хуудсаар зөвшөөрлийг олгодог байна.  Харин тэсэлгээ хийх тусгай зөвшөөрлийг компаниудад Уул уурхайн яамнаас өгч, дотоодын цэргийн ангийн хамгаалалт дор тэсэлгээ хийдэг гэдгийг албаныхан хэлж байв.

“ШИНЭ ОНЫ ӨМНӨ ХИЙХ БАЙСАН Ч ХӨЛ ХОРИО ТОГТООСОН УЧРААС ХОЙШЛОГДСОН”

Ингээд Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Их Оч” компанийн захирал Б.Лхагвадоржоос тусгай зөвшөөрлийн тухай тодрууллаа. Тэрбээр “Манай компани “Ард капитал” компанийн захиалгаар Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг шинэчлэх ажлын хүрээнд замын хайрга, дайрга бэлтгэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зөвшөөрөлтэйгөөр тэсэлгээ хийсэн. Уг тэсэлгээг шинэ оны өмнө хийх байсан боловч хөл хорио тогтоосон учраас хойшлогдсон юм. Өмнө нь ноднингийн зургадугаар сард нэг удаа тэсэлгээ хийсэн. Дараагийн тэсэлгээг өчигдөр хийлээ. Тэсэлгээг хийхдээ цаад компанийн ажлын төлөвлөгөөгөөр замын хайрга, дайргыг хэр урт замд ашиглахыг тооцооллын дагуу хийдэг. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны замын трастын дагуу тэсэлгээ хийхдээ дотоодын цэргийн 805 дугаар тусгай ангиас цагдаа, цэргүүдтэй очиж, тэслэх материалаа тээвэрлэх зөвшөөрлөө Авто тээврийн үндэсний төв, Нисэхийн агаарын тээврийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас авсан. Тэсэлгээ хийх боломжит өдөр нь нэгдүгээр сарын 17-ны 13.00 цагт байсан учраас 32 дугаар хорооны цагдаагийн хэлтэс, Засаг даргад баасан гаригт тэсэлгээ хийх мэдэгдлээ өгсөн” гэв.

Улаанбаатар хотод Багануур, Налайх дүүрэгт тэслэх материалын зургаан үйлдвэр, хадгалах зориулалттай агуулах бий. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өмнө нь Хан-Уул дүүргийн Морингийн даваа орчимд хайрга дайрганы тэсэлгээ хийж, нисэхийн зурваст байрлах цамхагийн барилгад цууралт өгсөн гэж гомдол гарч байжээ. Ноднин тэсэлгээний улмаас дуу чимээ их гарч, айлуудын цонх доргисон гэсэн гомдол ирж байсныг албаныхан мэдээллээ.

“МОНГОЛД 65 АЖ АХУЙ НЭГЖИЙН 75 ОРЧИМ ТЭСЭЛГЭЭ ХИЙХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БИЙ”

МХЕГ-ын Уул уурхайн байцаагч Б.Батбаатар “Улсын хэмжээнд 65 аж ахуй нэгжийн 75 орчим тэсэлгээ хийх тусгай зөвшөөрөл бий. Тэсэлгээг аль ч улиралд хийж болдог. Тэсэлгээ хийхээс өмнө хүн амд болон барилга байшинд нөлөөлөх чичирхийллийн хэмжээг тодорхойлдог. Мөн тэсэлгээний бодисын хорт хий цацагдах радиусыг тогтоож, ойр орчмыг хамгаалалтад авдаг. “Их-Оч” уул уурхайн компанийн хувьд холбогдох дүрэм журам, албан ёсны зөвшөөрлийг авсан байсан. Тэсэлгээ хийх аюулгүй байдлыг тухайн компани хариуцах ёстой.

Тэсэлгээ хийх аюултай бүс дотор ямар нэгэн суурьшлын бүс, байшин барилга байвал хориглодог. Урьдчилсан тооцооллоор тухайн бүсэд ямар нэгэн объект байхгүй бол тэсэлгээ хийнэ. Хэрвээ объект байвал цэнэгийн хэмжээг багасгаж, тэсэлгээ хийх бүсийг хойшлуулдаг. Суурин газар тэсэлгээ хийж болохгүй гэсэн юм байхгүй” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж