Мерсисайдын жаал Улаан чөтгөрүүдийн домог болсон түүх | News.MN

Мерсисайдын жаал Улаан чөтгөрүүдийн домог болсон түүх

Мерсисайдын жаал Улаан чөтгөрүүдийн домог болсон түүх

Мерсисайдын жаал Улаан чөтгөрүүдийн домог болсон түүх

Английн шигшээ болон Манчестер Юнайтед багийн домогт довтлогч Уэйн Руни 18 жилийн тамирчны замналдаа цэг тавьж, дасгалжуулагч болж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Өдгөө 35 настай түүний хувьд хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн гайхалтай замналуудын нэгийг туулж өнгөрүүлсэн.


МЕРСИСАЙДЫН ЦЭНХЭР

Английн баруун өмнөд хэсгийн Мерсисайд мужийн Ливерпүүл хотод Эвертон болон Ливерпүүл хэмээх Английн хөлбөмбөгийн дээд лигт хүч үздэг хоёр баг бий. Мерсисайдын дерби явагдах өдөр хотоороо шахуу хоёр хуваагддаг, хөлбөмбөгийг шашин мэт шүтдэг Ливерпүүл хотод Уэйн Руни төрсөн. Балчир байхаасаа л Мерсисайдын улаан бус цэнхэр багийг дэмжиж ирсэн Руни Бразилын Роналдог шүтэж өсчээ.

Уэйн Руниг Ливерпүүл баг сонгон шалгаруулалтандаа урихад жаал хүү Эвертоны өмсгөлтэй очиж байсан гэдэг.

Бага сургуульдаа нэг улиралд 72 гоол оруулж, тухайн үедээ рекорд тогтоож байсан түүнийг Эвертон багийн скаут Боб Пендлетон олж харж, багийн удирдлагууддаа санал болгов. Дөнгөж есөн насандаа Эвертон багийн хүүхдийн академид элссэн. Руни анхны Мерсисайдын дербидээ бөмбөг барьдаг маскот хүүгийн хувиар оролцож байлаа.

Эвертоны хүүхдийн академийн 10, 11-ээс доош насны багт 29 тоглолтонд 114 гоол оруулж олныг ангайлгаж байсан Руни 15 нас хүрэхдээ Эвертоны 19 хүртэлх насны залуучуудын багт тоглож эхлэв. 2002 оны зун үндсэн багийнхаа бүрэлдэхүүнд багтаж, Австрид Вайц багийн эсрэг нэг гоол оруулж, мэргэжлийн түвшинд бэлэн гэдгээ харуулсан аж.

АРСЕНАЛЫНХАН ОДОО Ч ТҮҮНД ДУРГҮЙ

Уэйн Марк Руни 17 нас хүрэх жилээ Тоттенхэм Хотспур багийн эсрэг мэргэжлийн хөлбөмбөгийн анхны тоглолтоо хийж, ирээдүйд домог болох эхлэлээ тавив. Залуу хүүг бөмбөгөнд хүрэх бүр Тоттехэмын фэнүүд “Чи хэн бэ” гэж орилж байсан гэдэг. Харин мэргэжлийн хөлбөмбөгийн анхны хоёр гоолоо лигийн цомын хүрээнд Врексхэм багийн төлөө оруулж байжээ. Тэрбээр энэхүү амжилтаараа Эвертон багийн түүхэн дэх хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч болов.

2002 оны аравдугаар сарын 19-ны өдөр Уэйн Рунигийн 17 насны төрсөн өдөр болоход таван өдөр дутуу байлаа. 30 тоглолт дараалан нэг ч хожигдоогүй, хожигдол гээчийг мартчихсан, Премьер лигийн аваргууд болох Арсеналыг Эвертон өөрсдийн Гудисон Парктаа хүлээн авч тоглов. 16 настай Уэйн Руни тоглолтын тооны харьцаа 1-1 байхад талбайд сэлгээгээр гарч, 90 дэх минутанд хожлын гоол оруулан Арсеналын гайхалтай цувралыг зогсоосон түүхтэй.

Тоглолтын дараа Арсенал багийн ахлах дасгалжуулагч Арсен Венгер “Руни бол миний Англид ирснээсээ хойш харсан хамгийн авьяастай залуу. Энд менежер болж ирснээсээ хойш түүн шиг 20 нас хүрээгүй тоглогчийг харсангүй” хэмээжээ.

Уэйн Руни Эвертонд байхдаа Арсеналын 30 тоглолт дараалан ялагдаагүй байсан цувралыг зогсоосон бол Манчестер Юнайтедэд байхдаа мөн Арсеналын 49 тоглолт дараалан ялагдаагүй байсан цувралыг зогсооход эцсийн цэгийг нь тавьж байлаа. Ингэхээр яахын аргагүй Арсеналынханы хамгийн дургүй тоглогч бол Уэйн Руни.

Bleacherreport сайтаас гаргасан Арсеналын хөгжөөн дэмжигчдийн хамгийн их үзэн яддаг тоглогчдоор Патрис Эвра болон Уэйн Руни нар тодорч байжээ.

“РУНИГ ХУДАЛДАЖ АВААРАЙ”

Эвертонд хөлөө олчихсон, дэлхийд бага багаар өөрийгөө таниулж байсан Англи шар хүүг Ньюкасл, Манчестер Юнайтед, Челси зэрэг тухайн үедээ Премьер лигийн топ гэсэн багууд сонирхож эхлэв. Эвертон ч 18 настай залуу авьяастнаа том багуудад алдахгүйн тулд гэрээг нь сунгаж, цалинг нь нэмсэн ч удаан торгоосонгүй. Агуу Сэр Алекс Фергюсон багийн удирдлагууддаа Руниг авчрахыг шаардаж, шахалт үзүүлэх болов. Тэр ч бүү хэл 11 настай Жо Руане гэх хүү Олд Траффордод явагдсан УЕФА Аваргуудын лигийн Манчестер Юнайтед болон Динамо Бухарест багуудын тоглолтын үеэр “Руниг худалдаж аваарай” гэсэн баннер барьж, олны анхаарлыг татжээ.

Дэлхийн шилдэг залуу хөлбөмбөгчинд олгодог "Алтан жаал" шагналын 2004 оны эзнээр Уэйн Руни тодорч байлаа.

Ийнхүү 2004 оны наймдугаар сарын сүүлээр Манчестер Юнайтед баг 25.6 сая фунтээр 18 настай Уэйн Руниг Эвертоноос худалдав авав. Энэхүү наймааны дараа Юнайтедын домог Дэнис Лоу “Руни их зүйл хийж чадна. Эцэст нь тэр Юнайтедын бүх рекордыг эвдэх болно” хэмээн ярьж байжээ. Түүний энэхүү яриа Рунигийн дебют тоглолтоос эхлэж биеллээ олсон. Манчестер Юнайтедын найм дугаартай хүү шинэ багийнхаа төлөөх анхны тоглолтоо УЕФА Аваргуудын лигийн хүрээнд Туркийн Фенербахче багийн эсрэг хийж, хет-трик буюу гурван гоол толилуулав.

Руни УЕФА Аваргуудын лигт хамгийн залуудаа буюу 18 нас 335 хоногтойдоо хет-трик толилуулсан тоглогч. Мөн тэрбээр Манчестер Юнайтедын төлөө 253 гоол оруулсан амжилтаараа тус багийн түүхэн дэх мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлдэг.

УЛААН ЧӨТГӨРҮҮДИЙН АМИН СҮНС

2007 оны зургадугаар сард Уэйн Руни албан ёсоор 10 дугаарын эзэн болов. Учир нь 10 дугаарын өмнөх эзэмшигч Нидерланд довтлогч Руд Ван Нистелрой нарлаг Испанийн Реал Мадридыг зорьсон юм. 10 дугаарын шинэхэн эзэн маань улирлыг баруун хөлний гэмтлийн улмаас тааруу эхлүүлж, улирлын дундуур дахин шагайндаа гэмтэл аван 10 тоглогт өнжсөн нь таагүй. Гэвч тэрбээр 2007-2008 оны УЕФА Аваргуудын лигийн финалд Челсигийн эсрэг гараанд нэрлэгдэж, анхныхаа Европын цомыг хүртсэн. “Москвагийн бороотой үдэш” гэдгээрээ алдартай энэхүү тоглолтонд Английн хоёр баг учраа тааран тоглож, Юнайтедаас Кристиано Роналдо эхний гоолыг оруулсан бол хариуг нь ижийгээ алдаад удаагүй байсан Фрэнк Лампард барив. Ийнхүү тоглолтын үндсэн цаг 1-1 гэсэн харьцаатайгаар өндөрлөж, торгуулийн цохилтоор аваргыг тодруулахад Челсигийн ахлагч Жон Терри хальтирч, торгуулийн цохилтоо алдан Манчестер Юнайтедын Европын аварга болох замыг нь засч байсан түүхтэй.

Тэр үеийн Манчестер Юнайтед багийн довтолгоог Кристиано Роналдо, Карлос Тевез, Уэйн Руни гэх дэлхийн шилдэг гурван довтлогч хариуцаж байлаа. Улаан чөтгөрүүд энэ бүрэлдэхүүнээ дараа жилийнх нь УЕФА Аваргуудын лигийн финалд дахин шалгарсан боловч Лионель Месси, Тьерри Анри, Самуэль Это нарын Барселонад тахим буулгаж байв.

Ромд Барселонад ялагдсаныхаа дараа Кристиано Роналдо Юнайтед дахь замналаа өндөрлүүлж, Реал Мадридыг зорьсон бол Карлос Тевез Манчестерийн цэнхэр баг руу буурь сэлгэв. Ийнхүү Уэйн Руни дээр довтолгооны бүхий л ачаалал, гоолын бороо оруулах үүрэг хариуцлага оногдлоо. Мерсисайдын унаган хүү ч Манчестерийн улаан багийн төлөө 2009-2010 оны улиралд бүх тэмцээнийг оролцуулаад 44 тоглолтонд 34 гоол оруулж, Улаан чөтгөрүүдийн амин сүнс болсноо харуулсан.

"WAZZA"

Клубын түвшинд хүртэж болох бүхий л цомуудыг хүртсэн Рунигийн хувьд алтан үеийн андуудтайгаа хамт тив дэлхийн томоохон тэмцээнд түрүүлж чадаагүй гэсэн бараан намтартай. Рунигийн Английн шигшээ багтайгаа оролцсон анхны тив дэлхийн томоохон тэмцээн бол 2004 оны Португалд зохион байгуулагдсан Европын аварга. 18 настай Мерсисайдын шар хүү тэрхүү Европын аваргад жинхэнэ галзуурч "Wazza" хэмээх хочтой болов. Түүний энэхүү хочийг Английн алдарт довтлогч Пол Гаскойны “Gazza” хочноос санаа аван нэрлэжээ. Учир нь Пол Гаскойн 1996 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд Английн гол итгэл найдвар байсан бол 2004 оны Европын аваргад 18 настай Руни хүү Английн итгэл найдвар байлаа. Англи хэсгийн шатны эхний тоглолтоо дэлхий, европын аварга Францын шигшээ багийн эсрэг хийж, шүүгчийн мэдлийн нэмэлт цаг оруулсан Зинедин Зиданы хоёр гоолоор хожигдсон бол Швейцарь, Хорваттай хийсэн дараагийн хоёр тоглолтонд нь Руни тус бүр хоёр гоол нийтдээ дөрвөн оруулж, тэртээ 1958 онд 18 настайдаа Бразилын шигшээ багаа дэлхийн аварга болгож байсан Пелетэй харьцуулагдаж эхлэв.

Тухайн үед Португалийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан, Бразил мэргэжилтэн Луйз Фельпе Сколари Рунигийн талаар ярихдаа “Руни гайхалтай тоглогч гэхдээ Пеле бол энэ дэлхийд ганц заяагдах хүн. Пеле шиг тоглогчийг та нар 1000 мянган жилд олж харахгүй. Бүр видео тоглоомонд ч бүтээж чадахгүй. Тэр бол онцгой” хэмээж байжээ.

Пол Гаскойн Руниг 100 сая фунтын үнэ хүрэх анхны тоглогч гэж онцолж байв.

Харин тухайн үед Английн шигшээн ахлах дасгалжуулагч байсан, Швед мэргэжилтэн Свен-Горан Эрикссон “Уэйн магадгүй дахиад хэдэн гоол оруулвал бид түүнийг Пелетэй харьцуулж болох юм” хэмээн Португалтай хийх хасагдах шатны чухал тоглолтын өмнө ярьж байжээ. Гэвч Португалтай хийсэн тоглолтын эхний үеийн 27 дахь минутанд Руни хөлөндөө бэртэл аван, талбайг чөлөөлөв. Ийнхүү гол довтлогчоо алдсан Англи тэргүүллээ алдаж, эцэст нь торгуулийн цохилтоор Португалд хожигдон 2004 оны Европын аваргыг өндөрлүүлсэн билээ. Үүнээс хойш 2008, 2012, 2016 оны Европын аваргууд болон 2006, 2010, 2014 оны дэлхийн аваргуудад Руни тэргүүтэй түүний алтан үеийн нөхөд болох Фрэнк Лампард, Стивен Жерард, Дэвид Бекхэм, Майкл Оуэн, Жон Терри, Рио Фердинанд, Гари Невилл, Эшли Коул, Пол Скоулз нар багаараа тааруу оролцож, цом хүртэж чадаагүй. Одоог хүртэл хөлбөмбөг сонирхогчид, мэргэжилтнүүд яагаад ийм хүчирхэг бүрэлдэхүүнтэй баг амжилт үзүүлээгүйг гайхдаг.

Уэйн Руни Английн шигшээн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг 53 гоол оруулсан үзүүлэлтээрээ тэргүүлдэг.

ГЭРТЭЭ ЭРГЭЖ ИРСЭН НЬ

Үлгэр бүхэнд гайхалтай төгсгөл байдгийн адил Руни ч Манчестерт өнгөрүүлсэн гайхалтай 13 жилийн замналаа эцэслэж, Мерсисайд руу буцахаар болов. Домогт дасгалжуулагч Сэр Алекс Фергюсон их спортоосоо зодог тайлсны дараа Юнайтедын удирдлагууд багтаа шинэчлэлт хийж, шинэ залуу тоглогчдыг олноор нэгтгэж эхэлсэн. Руни ч байдлыг ухаарч, 2017 оны долдугаар сарын 9-ний өдөр төрөлх Эвертон багтайгаа хоёр жилийн гэрээ хийн эхэлсэн цэгтээ эргэн ирсэн. Гэвч 40 тоглолтонд 11 гоол оруулж, ердөө ганц улирлыг Эвертонд өнгөрүүлснийхээ эцэст шинэ адал явдал хайхаар АНУ-ыг зорив. Вашингтон хотын ДС Юнайтедын төлөө 52 тоглолтонд 25 гоол оруулж, энэ дэлхийн хаана ч гоолын бороо асгаруулна гэдгээ дахин батлав. Энэ үедээ Руни 33 настай байлаа. Америкт жил хагасыг өнгөрүүлсэн Руни төрөлх будант албиондоо эргэн ирж, Чампионшип дивизоны Дерби Каунти багтай эхлээд тоглогч-дасгалжуулагч гэсэн гэрээг хийж, өнгөрсөн долоо хоногоос эхлэн тус багийн үндсэн ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхлэв.

Сонирхуулахад, Уэйн Руни ахлах дасгалжуулагчийн хувиар анхны тоглолтоо өнгөрөгч Бямба гаригт хийж, баг нь Ротерхэмд 1-0 гэсэн харьцаатайгаар хожигджээ.

"Wazza" Манчестер Юнайтедын долоо, Английн шигшээн тав, Премьер лигийн гурван рекордыг эзэмшдэг. Мөн түүнтэй нэг үеийн Английн хөлбөмбөгийн одууд болох Уэйн Руни, Стивен Жерард, Фрэнк Лампард, Пол Скоулз, Гари Невилл нар хэдийнэ дасгалжуулагчийн замналаа эхлүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-18 51.195.103.249

!!!!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-01-18 103.212.118.176

анх бацаан хөлбөмбөг сонирхож эхэлж байхад роналдино, райн гигс ,тэрий анри, дэвид бэкхэм, жон тэрий, фрэнк лампард, майкл овин, итал руу кака, сийдорф, андрей швеченко, женара гатузо, испани руу раул гонзалис, зидан, фиго, роналдо гээд домгууд тоглож байсан арай хойхно к роналдо, рүүний, дрогба, самуэл этү, нани, карлос тэвэс, фернандо торес, гээд зүгээр хүний сонирхдог спортоор хүний амьдралын нэг үе нөгөөгөөр солигдох юм саяхан юм шиг байсан ч эдгээр суперүүд маань зодог тайлах нь тайлаад..

Avatar

Зочин 2021-01-18 103.212.118.176

Гоё нийтлэл байна. Рүүний анд минь баяртай чамаар олон жил тоглолоо доо пс 2,3,4 дээр хэхэ плэйштэйшн 5 андаараа тоглохгүй нь дээ. ер нь англи хөлбөмбөгчид бразилийн тоглогчид шиг бүжиглээд байхгүй ч яг л хийх ёстойгой хийдэг хол хол оновчтой алсын дамжуулалтыг өгдөг гоё тоглодог шүү. хүний амьдралаын нэг үе өнгөрч байна даа. бүх юм түүх болон үлдэх юм даа.

Avatar

Zochin 2021-01-18 57.73.48.37

Saihan medee baina. Bayarlalaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж