АНУ Уханийн лабораторийн ажилтнаас анх covid-19 илэрсэн гэв

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

АНУ Уханийн лабораторийн ажилтнаас анх covid-19 илэрсэн гэв

АНУ Уханийн лабораторийн ажилтнаас анх covid-19 илэрсэн гэв

АНУ-ын судлаач нар өчигдөр/2021.01.16/ БНХАУ-ын Ухань хотод цар тахал дэгдэхээс хэдэн сарын өмнө буюу 2019 оны намар вирус судлалын лабораторийн ажилтанд Covid-19 өвчнийхтэй ижил шинж тэмдгүүд илэрч байсан хэмээн мэдээлжээ. Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсны дагуу АНУ-ын төрийн департмент цар тахлыг үүсгэгч SARS-CoV2 вирус лабораторийн бүтээл байх боломжтой эсэхийг мөрдөн шалгаж эхэлсэн билээ. Харин өдгөө ийнхүү удаан хүлээлгэсний эцэст мөрдөн шалгалтын дүгнэлтийг төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео танилцуулсан аж.

Төрийн департмент мэдээлэхдээ “Албан ёсоор батлагдаагүй ч Уханийн вирус судлалын лабораторийн хэд хэдэн ажилтанд 2019 оны намар улирлын томуу болон Covid-19 өвчний нийтлэг шинж тэмдгүүд илэрч байсан гэх нотолгоо олдсон” хэмээжээ.

Тэгэхдээ Майк Помпео тус лабораторийг SARS-CoV2 вирустэй нэлээд төстэй, сарьсан багваахайн тээдэг өөр нэгэн коронавирусийн судалгаан дээр ажиллаж байсан бөгөөд тэр мэт нууц, олны анхаарлаас далд төслүүд дээр цэргүүд хамтран ажилладаг байсан хэмээн онцолсон байна.

Гэвч зарим мэргэжилтнүүд дээрх мэдэгдлийг нарийн судалгаа муутай, нотлох баримт дутмаг хэмээн дүгнэж байгаа аж. Жишээлбэл, Scripps судалгааны хүрээлэнгийн дархлаа судлаач Кристиан Андерсен дээрх мэдээлэлд “муу дүн тавьж” байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Ухань хот цар тахлын голомт болохоосоо өмнө коронавирус судлалаараа дэлхийд тэргүүлж байсан нь энэ мэт таамаг олноор гарах болсны шалтгаан хэмээн үзэж байгаа аж. Мөн АНУ-ын төрийн департмент, тэр дундаа Ерөнхийлөгч Дональд Трамп болон төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар эртнээс ямар ч нотлох баримтгүйгээр цар тахалд Хятадын Коммунист намыг буруутгасаар ирсэн нь дээрх мэдээлэлд итгэхэд бэрх болгож багаа юм. Помпео мэдэгдэл хийхдээ “Хятадын Коммунист нам цар тахлын талаар мэдээлж байсан маш олон сайн дурын болон мэргэжлийн сэтгүүлч, эрэн сурвалжлагчдыг шийтгэсэн. Мөн Ухань хотын вирус судлалын лабораторийг хүн бүхний анхаарлаас ангид байлгахын тулд ажилтнуудыг нь хүнтэй ярихыг хориглож байсан” хэмээн тайлбарлажээ.

Иймд энэ долоо хоногт вирусийн үүслийг судлахаар Ухань хотод очсон ДЭМБ-ын судалгааны баг хоёр талын суртал ухуулгын аль талд нь "орохоо" сонгох хэцүүхэн асуудалтай тулгараад байна хэмээн ажиглагчид үзэж байгаа аж. Тухайлбал, багийнхны цаашид гаргах тайлангууд Хятадын засгийн газар цар тахалтай хэрхэн амжилттай тэмцэж, дарж чадсан талаар байх уу эсвэл АНУ-ын үзэл баримтлалтай төстэйгөөр цар тахал олон улсад дэгдсэн асуудалд Хятадын засгийн газрыг буруутгах уу гэдгийг олон хүмүүс хүлээж байна.

ДЭМБ-ын эрдэмтэд Ухань хотод очиж, вирусийн үүсэл гарлыг судлах хүсэлтэй байгаагаа эртнээс илэрхийлж, Хятадын засгийн газраас зөвшөөрөл хүсч байсан ч Бээжин тодорхойгүй шалтгаанаар тус ажлыг сунжруулж, хэдэн сарын турш судалгааны багийг хүлээлгэсэн билээ. Эцэст нь багийн ихэнх гишүүд буюу 13 хүнд Ухань хотод очих зөвшөөрөл олдож, хоёр гишүүн эсрэг биетийн шинжилгээний асуудлаас болоод Сингапурт гацсан юм. Уханьд очсон эрдэмтэд 14 хоног тусгаарлагдсаны дараа ажилдаа орох аж.

Хятадын Коммунист нам цар тахлын аюулыг олон улсад зарлахаасаа өмнө эрдэмтэн, эмч нараас тодорхой мэдээлэл авсан байсан ч дор хаяж зургаан хоног хав дарсан нь вирус олон улсад тархах шалтгаан болсон хэмээн зарим мэргэжилтнүүд буруутгадаг билээ. Ялангуяа Дональд Трамп Хятадын эрх баригчдыг дэлхий даяар үхлийн вирус тараасныхаа хариуцлагыг хүлээх ёстой хэмээн үздэг ч олон хүн Трампыг өөрийн улсдаа цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадалгүй байсаар хяналтандаа авч чадаагүй хэмээн шүүмжилдэг юм.

Бээжингийн талаас цар тахал дэгдсэн эхний өдрүүдээс эхлээд вирусийн үүслийг гадаад орнуудтай холбон тайлбарлахыг оролдсоор ирсэн билээ. Тухайлбал, анх Хятадын эрх баригчид цар тахлын эхний тохиолдол АНУ-ын цэргүүдээр зөөвөрлөгдөн Уханьд ирсэн хэмээж байсан бөгөөд хожим Хятадад цар тахал бүртгэгдэхээс өмнө Европ, тэр дундаа Милан хотод Covid-19 үүссэн гэх мэтээр мэдээлж байсан юм. тэр ч байтугай Хятадын зарим мэргэжилтнүүд цар тахал бол АНУ-ын биологийн зэвсэг хэмээн үздэгээ илэрхийлж буй.

ДЭМБ-ын судалгааны баг тусгаарлалтаас гарч, ажилдаа орж эхлэхэд Дональд Трамп хэдийн Ерөнхийлөгч байхаа больсон байх тул тэдэнд учрах дарамт хаьцангуй хөнгөрөх бололтой. Хэдий тийм ч судалгааны явц болон үр дүнд Хятадын засгийн газрын нөлөө хэр байх асуудалд олон ажиглагч санаа зовж байгаагаа илэрхийлж байна.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж