Хөгжлийн төлөөх судалгааны байгууллага болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн covid-19 цар тахлын үеийн бизнесийн нөхцөл байдал” санал асуулгын судалгааг үндэсний хэмжээнд хийснээ тайлагналаа. Энэ судалгаа нь ЖДҮ эрхлэгчдээс covid-19 цар тахлын үеийн бизнесийн нөхцөл байдлыг тодруулахаар үндэсний хэмжээнд хийгдснээрээ онцлог байсныг судалгааг гүйцэтгэгчид онцолж байна.
Судалгааг цар тахлын хөл хорионы ид үе буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 8-наас 28-ны хооронд хийсэн нь судалгааны үр дүнг улам ач холбогдолтой болгож байна.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ЖДҮ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд covid-19 цар тахал хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох, цар тахлын үед ЖДҮ эрхлэгчдэд хамгийн их тулгарч буй хүндрэл бэрхшээл, Засгийн газраас covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаануудын үр дүнг судлах, бодлогын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэхэд судалгааны зорилго оршиж байжээ.
Судалгаанд нийт 2000 ЖДҮ эрхлэгч хамрагдсан бөгөөд газар зүйн байршлаар нь харвал 74.0 хувь нь (1480) Улаанбаатар хотоос, 26.0 хувь (520) нь орон нутгаас хамрагджээ. Говьсүмбэрээс бусад 20 аймгийн ЖДҮ эрхлэгчид хамрагдсан байна. Судалгаанд хамрагдагсдын 30 хувь нь үйлчилгээний салбарынхан, 25 хувь дотоодод худалдаа эрхлэгчид, эдгээр ЖДҮ эрхлэгчдийн 70 гаруй хувь нь 1-5 хүртэлх тооны ажиллагсадтай байжээ. Орлогын байдлыг харвал ЖДҮ эрхлэгчдийн 77 хувь нь 1-100 сая хүртэл орлоготой, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 95.6 хувь нь 1-100 хүртэлх сая төгрөгийн орлоготой гэжээ. ЖДҮ эрхлэгчдийн 98.6 хувь нь covid-19 цар тахал “бидний бизнест хүндээр нөлөөлж, олон сорилт бэрхшээлийг үүсгэж байна” хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Ялангуяа хатуу хөл хорионы үед хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөр эрхлэлт, бизнесийн үйл ажиллагаа болон үйлчилгээ, хүнсний бус боловсруулах үйлдвэрлэл, боловсрол, соёл урлаг, дотоодын тээвэр, гадаад худалдааны салбаруудад ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байна.
Судалгаанаас харахад хоёр ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь хатуу хөл хорионы үед үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, гурван ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулсан байна.
Хатуу хөл хорионы үед үйлчилгээ, барилга, зам, дэд бүтэц, хүнсний бус боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын салбаруудыг бусад салбартай харьцуулахад бүрэн зогсолт хийсэн хувь хэмжээ нь өндөр байна. Мөн хатуу хөл хорионы үед хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 55.8 хувь бүрэн зогсолт хийж, 33.9 хувь хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан байна. ЖДҮ эрхлэгчид хатуу хөл хорионы үед ч халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд сахиж үйл ажиллагаагаа бүрэн явуулах боломжтой хэмээн үзсэн ч үйлчилгээний салбарт ЖДҮ эрхлэгчдийн 41.1 хувь нь халдвар хамгааллын дэглэмийг сахиж үйл ажиллагаагаа явуулахыг зөв эсэхийг хэлж мэдэхгүй байгаа нь цар тахлын үеийн нөхцөл байдлыг бодитоор үнэлж, бизнесийн үйл жиллагаагаа нарийн төлөвлөх боломжгүй, амаргүй цаг үеийг даван туулж байгааг илтгэж байна.
Гурван ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь одоогийн ажлын байраа нэг сар хүртэлх хугацаанд, мөн гурван ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь одоогийн ажлын байраа гурван сар хүртэлх хугацаанд хадгалж үлдэх боломжтой гэж хариулжээ. Хүнсний чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн салбараас бусад бүх салбарт ажлын байрыг урт хугацаанд хадгалах боломж хомс байна.
Ажлын байраа цөөлсөн ЖДҮ эрхлэгч АНН-үүд ажилчдаа дийлэнх тохиолдолд тодорхойгүй хугацаагаар цалингүй амраасан байна. Хатуу хөл хорионы өмнө болон хөл хорионы үед ажилгүй болсон ажиллагсдын 12 хувь ажлаасаа халагдсан байна. Өөрөөр хэлбэл, ажил, орлогогүй болж буй арван хүн тутмын нэг нь ажлаасаа халагдсан байна. Цаашид ажилгүй бологсдын тоо нэмэгдэх хандлагатай байна. Сovid-19 цар тахал дэгдэж, онцгой нөхцөл байдалд шилжсэн цагаас хойш ЖДҮ эрхлэгч АНН-үүд нийт 9065 хөдөлмөр эрхлэгчдийг ямар нэгэн байдлаар ажил, орлогогүй болгож, сул зогсолт хийх, цомхотгол хийх, ажилчдаа амраах, халах гэх мэт хэлбэрүүдээр ажлын байраа цөөлжээ.
Сovid-19 цар тахлаас үүдэж ЖДҮ, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг нэг байгууллага тутамд 8 хүн ажлын байраа алдсан байна. Covid-19 цар тахлаас үүдэж ЖДҮ эрхлэгчдийн 55.6 хувь нь ажилчдадаа цалин олгож чадаагүй байна. Мөн түүнчлэн 22 хувь ажилчдаа сул зогсолтоор цалинжуулсан байна.
ЖДҮ эрхлэгчийн 73.9 хувь нь ямар нэгэн зээлтэй байна. Зээлтэй ЖДҮ эрхлэгчдийн 52.8 хувь нь арилжааны банкны (бизнесийн) зээлтэй, 29.8 хувь нь ББСБ-ын зээлтэй, 28 хувь нь ломбардны зээлтэй, 23.8 хувь түүхий эд, материалын зээлтэй байна. Эдгээр зээлийн төрлүүд, эзлэх хувь хэмжээнээс харвал ЖДҮ эрхлэгч нарын дийлэнх нь давхар зээлтэй байна. Зээлийн хэмжээг харвал 56 хувь нь 1-20 сая хүртэлх, 19 хувь нь 21-50 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байна. Өөрөөр хэлбэл, нийт зээлтэй ЖДҮ нарын 75 хувь нь 50 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байна. Түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 80.6 хувьнь 1-20 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байна.
Covid-19 цар тахлаас үүдэж ЖДҮ эрхлэгч нарын 94 хувь нь борлуулалтын орлого буурсан гэж үзсэн байна. Хатуу хөл хорионы үед ЖДҮ эрхлэгч нарын борлуулалтын орлого 50 хувиар бүрэн тасалдсан байна.
ЖДҮ эрхлэгч нарын 36 хувь нь энэ сардаа хүрэлцэх бэлэн мөнгөний нөөцтэй, 31 хувь нь огт бэлэн мөнгөний нөөцгүй болсон байна. Цаашид бараа, үйлчилгээний борлуулалтаа идэвхжүүлэх (41.6 хувь), банк санхүүгийн байгууллагаас зээл авах (21.4 хувь) замаар бэлэн мөнгөний нөөцөө бүрдүүлэхээр төлөвлөж байна.
ЖДҮ эрхлэгч нарт ажлын байраа хадгалах, цалин тавих, зээлээ төлөх, эргэлтийн хөрөнгөгүй байх, түүхий эд, бараа материалын хомсдолд орох зэрэг томоохон сорилт, хүндрэл бэрхшээлүүд хамгийн ихээр тулгарч байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 64.5 хувьд зээлийн эргэн төлөлт хамгийн том сорилт, бэрхшээл болж байна.
Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 тоот тогтоолд дурдсан арга хэмжээнүүдээс банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацаанд өөрчлөлт оруулах (44.1 хувь), импортын оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх (34.6 хувь), хүнсний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, савлалт, хүргэлт, түгээлт, борлуулалтын үйлчилгээг хэвийн явуулахад чиглэсэн арга хэмжээ (17.8%) зэргээс бусад дэмжлэг нь ЖДҮ эрхлэгч нарт төдийлөн сайн дэмжлэг болж чадахгүй байна гэжээ.
Хатуу хөл хорионы үед хөл хорионы дэглэмийг тодорхой салбаруудад сулруулах замаар ЖДҮ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, үйл ажиллагаагаа явуулах боломж олгох, зээлийн хүүг бууруулах, хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, татвар (НӨАТ)-ын хөнгөлөлт, чөлөөлөлт олгох, төрийн шийдвэр, тогтоомжийг тодорхой гаргах, уялдаа холбоог сайжруулах зэрэг бодитой дэмжлэгүүдийг нэн тэргүүнд шаардлагатай байгааг судалгаанд хамрагдагчид онцолсон байна. Цаашилбал covid-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор төр засаг, бодлого шийдвэр гаргагчид хөл хорионы дараа ЖДҮ эрхлэгч нарын үйл ажиллагааг дэмжих, бизнесийг сэргээхэд төрийн шийдвэр, тогтоомжийг тодорхой гаргах, уялдаа холбоог сайжруулах, зээлийн хүүг бууруулах, хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд буцалтгүй тусламж үзүүлэх, арилжааны бус хөрөнгө оруулалтын банкнаас бага хүүтэй, уян хатан нөхцөлтэй зээл олгох зэрэг дэмжлэгүүдийг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсч байна.
Мөн Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн Коронавируст халдвар (covid-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай 211 тоот тогтоолоор зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2021 оны долдугаар 1-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар болсон шийдвэр нь тодорхой хэмжээд дэмжлэг болж чадсан гэж хариулжээ.
Холбоотой мэдээ