"Хамгийн том ажил олгогч бизнесүүдээ дэмжсэн цогц бодлого хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

"Хамгийн том ажил олгогч бизнесүүдээ дэмжсэн цогц бодлого хэрэгтэй"

"Хамгийн том ажил олгогч бизнесүүдээ дэмжсэн цогц бодлого хэрэгтэй"

Covid-19” цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн байдал өдөр ирэх тусам дордож байна.  Ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчдэд энэ байдал илүүтэй мэдрэгдэж байгааг эдийн засагчид онцолж байгаа билээ.  Энэ бэрхшээлтэй цаг  үед эдийн засагт хамгийн түрүүнд хэрэгжүүлбэл зохих бодлого, гарц гаргалгааны талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.


-Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн судалгаагаар Монгол Улс хөгжлийн хурдаар удаан буюу 63 улсаас 62 дугаарт эрэмбэлэгдсэн. Харин энэ жил сүүл мушгих нь тодорхой болоод байх шиг байна?

-Ер нь бол сүүлийн жилүүдэд байнга ухарч ирсэн.

-Шалтгаан нь юу вэ?

-Хамгийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл гэвэл засаглалын үзүүлэлтүүд болон дэд бүтэц. Дэд бүтэц дотроо хатуу, зөөлөн гэж ялгадаг. Зөөлөн дэд бүтэц гэдэгт интернет зэрэг асуудлууд орж байгаа юм.

Ер нь өрсөлдөх чадвар гэж яг юуг хэлдэг юм бэ. Санхүүгийн боломжтой байхад өрсөлдөх чадвар сайн гэж ойлгож болох уу?

-Өрсөлдөх чадварыг энгийнээр тайлбарлавал аливаа улс орны төр засаг нь аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг хэрхэн дэмжиж байгааг судалдаг. Тэгэхээр улс орнууд өөрсдийн орондоо бизнесийн үйл ажиллагаа явуулах аль болох таатай орчин бүрдүүлэх гэж хичээдэг. Дэлхийд хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Аль болох өөрийн орондоо тэр хөрөнгө оруулалтыг татах, байлгах гэж оролдох хэрэгтэй. Зөвхөн санхүүгийн боломжтой байхад өрсөлдөх чадвартай гэж ойлгох нь өрөөсгөл. Тэр санхүүгээ хэрхэн оновчтой зарцуулж үр өгөөжийг нь нэмэгдүүлж мөн эцсийн дүндээ ажлын байр бий болгож, төсвийн мөнгийг оновчтой зарцуулж ард иргэдээ аль болох ая тухтай амьдрах орчин бүрдүүлэхийг өрсөлдөх чадвар сайтай орон гэж дүгнэнэ. Санхүүгийн боломжтой орон мөртлөө эрүүл мэндийн үйлчилгээ муу, татвар өндөр, ажилгүйдэл ихтэй бол энэ нь өрсөлдөх чадвартай биш.

-Хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын үед эдийн засгийн хувьд хамгийн их хохирол амсч байгаа нь аж ахуйн нэгжүүд. Өндөржүүлсэн бэлэн байдал, хорио цээр цаашид хэр удаан үргэлжлэхийг хэн ч урьдчилан хэлж чадахгүй байна. Хорио цээр суларлаа ч зогсонги байдалд орсон манай эдийн засгийн эргэлт олигтой хөдөлж өгөхгүй байна. Ийм үед л өрсөлдөх чадвар маш чухал шүү дээ. Тэгэхээр бидэнд ямар бодлого хэрэгтэй байна вэ, өрсөлдөх чадварын хувьд гэсэн утгаар нь асууж байгаа юм шүү?

-Улс орон болгон өрсөлдөх давуу талтай байдаг. Монгол Улсын хувьд эдийн засгаа төрөлжүүлэх маш олон боломжууд байсан. Харамсалтай нь бид өөрсдийн боломжоо ашиглаагүйгээс өнөөдрийн ийм хүндрэлтэй нөхцөл байдалд орчихлоо. Өнөөдрийн үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг covid-19-тэй л холбож тайлбарлана. Гэхдээ үүнээс өмнө нь хийгээгүй олон ажлуудын нийлбэр гэдгийг ойлгох хэрэгтэй. Сovid-19 гарсантай холбоотойгоор аж ахуйн нэгж, бизнесүүддээ бодитой дэмжсэн бодлого хэрэгжүүлж чадаагүй. Өнгөрсөн онд буюу 2020 оны эхэнд хол хорио эрт тогтоосноор дотооддоо халдвар алдаагүй нь сайн хэрэг болсон. Харамсалтай нь бид нар богино хугацааны амжилтандаа ташуурч байнга ийм байх юм шиг бодсон.

Сovid-19 дотооддоо гарах нь цаг хугацааны асуудал байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсыг эрсдэлтэй орны нэг гээд сануулаад байхад бид тэрийг нь олигтой авч хэлэлцээгүй.

Одоогоор бидний олон жил ад үзээд байгаа уул уурхайн салбар л аминд орохоор байна. Тийм болохоор хамгийн түрүүнд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нь аль болохоор дэмжиж, хэвийн явуулах байна. Тэгснээр мөнгө санхүү валют орж ирнэ. Одоогийн байдлаар өөр дорвитой экспортлох бараа бүтээгдэхүүн байхгүй байна. Мөн түүнчлэн хилээ хаачихсан болохоор өөр бүтээгдэхүүн экспортлохоор байсан ч боломж нь байхгүй байна. Дараагийн ээлжинд ядахдаа бараа бүтээгдэхүүний чөлөөт урсгалд хилээ нээж өгөх хэрэгтэй. Монгол Улсад үйлдвэрлэж байгаа аль ч бүтээгдэхүүний түүхий эд нь бүрэн дотоодоосоо хангагдсан байдаггүй юм. Энгийн жишээ л гэхэд даавуу. Ажлын хувцас оёход гаднаас даавуугаа худалдаж авна, тавилга хийхэд модоо гаднаас авна, сав баглаа боодол гээд маш олон жишээ байна.

Хөдөө аж ахуйн салбараа жинхэн утгаар нь кластераар хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд үе шаттай татварын дэмжлэг, хөнгөлөлттэй урт хугацааны зээл хэрэгтэй.

-Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн тодорхой хөнгөлөлтийн арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгааг үгүйсгэж болохгүй байх. Гэсэн ч аж ахуйн нэгжүүд дахин сэргэхэд их хэцүү болоод байна. Гаднын орнууд энэ тал дээр их анхаарч байх шиг байна. Тэд яг ямар бодлого баримталж байна вэ. Та жишээ дурдаж яривал уншигчдад сонирхолтой байх болов уу?

-Бүх л орны төр засаг нь аж ахуйн нэгж, ард иргэдээ дэмжихэд их хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Ингэхдээ аж ахуйн нэгж болон хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаа. Жишээ нь ХБНГУ-ын төр засаг нь 75 хувийн орлогыг нь өгч байна. Ингэхдээ өмнөх оных буюу 2019 оны дүйцэхүйц сарых нь орлогыг суурь болгож тооцолж байна.Тэгэхээр 2019 оны арванхоёрдугаар сард олсон орлогых нь 75 хувийг 2020 оны арванхоёрдугаар сард авна гэсэн үг. Мөн түүнчлэн шинээр компани байгуулвал санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.

Английн Засгийн газар ресторан хоолны газар, дэлгүүр, зочид буудал, спорт клуб болон зарим газруудыг татвараас чөлөөлж эргэн олгож байна. Японы Засгийн газар жижиг дунд үйлдвэрүүддээ Засгийн газрын баталгаатай хүүгүй зээл олгож байгаа бөгөөд зарим аж ахуйн нэгжүүд энэхүү зээлийг авч үйлдвэрээ засах сайжруулах зэрэг ажлуудыг хийсэн.

Гол нь бизнесийнхнээ дэмжих цогц бодлогоо ил тод нээлттэй мэдээлэл авах боломжийг бүрдүүлж, цахим хуудас дээр тавьсан байна.  Ингэхдээ тухайн орны засгийн газар болгон эргэн олголтыг тооцолох аргачлал, дэмжлэгүүдийн төрөл, хаана өргөдөл тавьж авах боломж мөн өөрсдөө хичнээн хэмжээний санхүүгийн дэмжлэг авах боломжтойг тооцоолж болох зэрэг бүх мэдээлэл нь ил тод байна.

-Мэдээж Монгол бол Америк, Япон шиг хөрөнгө санхүүгийн бололцоотой биш. Мөнгө тараах боломж үгүй. Гэхдээ бидэнд бас давуу тал бий. Манай эдийн засаг өөрөө жижиг учир сэргэх боломж нь хурдан байж болох. Тэгэхээр яг өнөөгийн нөхцөлд Монголын онцлогт тохирсон ямар бодлого хэрэгтэй вэ. Эдийн засагчдын зүгээс ямар бодлого санал болгох вэ?

-Хамгийн түрүүнд мэдээлэлээ авах боломжийг бүрдүүлж цахим хуудсандаа байршуулах хэрэгтэй байна. Заавал тусдаа цахим хуудас хэрэггүй, зүгээр л аль нэг яамны эсвэл Засгийн газрын цахим хуудас дээр. Ерөнхий сайд эрчим хүч, халаалт, усны үнийг чөлөөлсөн гэдэг мэдэгдэл гаргасны дараа ихэнх түрээслэгчид түрээсээ хөнгөлүүлье гэхээр манайд хөнгөлөлт өгөөгүй зэрэг тодорхой бус байдал үүссэн. Заримыг нь хөнгөлөөд, заримыг нь хөнгөлөхгүй байгаа юм шиг тодорхойгүй байдал байсаар байна.

Бизнесүүд бол хамгийн том ажил олгогч. Тиймээс бизнесийхнийг дэмжих цогц бодлого хэрэгтэй байна. Бичил, жижиг дунд, том гээд салбар салбараар нь дэмжих бодлогууд хэрэгтэй. Салбар салбарт covid-19-ийн нөлөө өөрөөр тусч байгаа болохоор салбарт нь зориулсан бодлогууд хэрэгтэй. Аялал жуулчлалын салбар бол нилээн хүнд цохилт авсан байгаа.

-Ийм цаг үед Засгийн газар гаднаас зээл авах нь хэр зөв бэ. Зарим эдийн засагч, зээлийг одоо л авах хэрэгтэй гэдэг?

-Төсвийн алдагдал жил ирэх тусам нэмэгдсээр байна. Өнгөрсөн жилийн буюу 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь -4.539.1 тэрбум төг байна. Мөн гадны өр нэмэгдсээр байна, гаднаас зээл ав гэдэг боловчиг тэр мөнгийг хэзээ нэгэн цагт эргэн төлөх учиртай. Бид өнөөдөр болтол өрөө өрөөр солисоор ирсэн. Эдийн засаг маань хангалттай хэмжээнд өсч байхад гаднаас зээл авахад том асуудал байхгүй. Харин Монголын эдийн засаг бол уул уурхайгаас бусад салбар нь бараг хөгжөөгүй гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Тэгэхээр дэлхийн түүхий эдийн үнэ өсч байгаа цагт том асуудал үүсэхгүй. Харамсалтай нь дэлхийн түүхий эдийн үнэ байнга өндөр байна гэж байхгүй, үүнийг ч бид харсан мэдэрсэн. Гаднаас авсан зээлийг бид валютаар авдаг. Тийм болохоор гадагшаа экспортолж хангалттай хэмжээний валютын орлого орж ирэхгүй бол эрсдэлтэй. Тэртээ 2013 оны эхээр авсан бондуудаас ханшны зөрүүнээс хичнээн хэмжээний алдагдалд орсоныг хэн ч тооцоогүй.

Төсөв алдагдалтай, эдийн засаг ийм хүндэрсэн байгаа үед гаднаас зээл авах  нь л зөв болов уу. Бид ч байнга л зээл авах сэтгэхүйтэй болчихсон байна. Уг нь зээл авахын оронд гадны хөрөнгө оруулалт татах дээр хүчин чармайлт гаргаж ажиллавал илүү дээр. Мөн бизнесийн орчноо сайжруулах хэрэгтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж