"Замын-Үүдээс ирсэн бараануудын зарим нь эвдэрч, гэмтсэн"

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

"Замын-Үүдээс ирсэн бараануудын зарим нь эвдэрч, гэмтсэн"

"Замын-Үүдээс ирсэн бараануудын зарим нь эвдэрч, гэмтсэн"

Эрээнээс Улаанбаатар хотод ирж буй ачаа бараа олон хоног саатсанаар Хятад болон бусад улс орнуудаас захиалгаар бараа бүтээгдэхүүн импортолж нийлүүлдэг  хувь хүн, аж ахуйн нэгжүүд багагүй хохирол амсах болжээ. Тухайлбал, 2020 оны арваннэгдүг, арванхоёрдугаар сард захиалсан шинэ жилийн холбогдолтой бараанууд  нэгдүгээр сарын эхээр ирсэн учраас худалдан авагчдын зүгээс захиалгаа цуцлан, мөнгөө буцаан авч эхэлсэн байна. Цаашлаад карго, онлайн дэлгүүрийн эздийг  “залилагч” хэмээн цагдаагийн байгууллагад өгсөн 2-3 тохиолдол гарсан гэдгийг энэ төрлийн бизнес эрхлэгчид хэлж байна.  Цагдаагийн байгууллагад хандсан иргэдийг нэг талаас буруутгах аргагүй, нөгөө талаас карго ажиллуулдаг хүмүүс ачаа бараагаа авч чадалгүй хоёр сар болсныг дурдах нь зөв байх.

1-2 сар хүлээсний эцэст каргонууд захиалсан бараагаа автал хадгалалтын горим нь зөрчигдсөний улмаас гоо сайхны бараа хөлдөх, шилэн эдлэл хагарч цуурах, гэр ахуйн бараанууд гэмтэлтэй ирэх болжээ.  

2020 онд  Эрээн боомтын хилийн дундын бүсэд 18 жолооч ажиллаж байсан бол 2021 он гарснаас хойш Эрээний талд  50 монгол жолоочийг  байршуулан  ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, жолооч нар машинаа дундын бүсэд  хүргээд Эрээнд ажиллаж буй жолооч машиныг нь цааш авч явж ачаа ачуулаад, эргээд  дундын бүсэд хүргэж ирэх юм.  Ингэхдээ хоёр сарын хугацаанд дундын бүсэд овоорсон ачаа барааг  оруулж ирэхийн тулд 70-80 машин тээвэрт явж байсныг нэмж 100-120 болгосон талаар албаныхан дуулгасан. Гэтэл дээрх асуудал шийдэгдэхгүй хэвээр байгаа талаар “Mix” Каргоны захирал Б.Халиун ярьж байна.

"ЗАМЫН-ҮҮДЭД АЧАА БАРААГ БУУЛГАХ ҮЕД Л УНАГААЖ ГЭМТЭЭСЭН БАЙХ"

Тэрбээр “Манай карго 70-80 хүмүүстэй хамтарч ажилладаг. Тэр дунд хувь хүн болон албан байгууллага ч бий. Харилцагчид маань ихэвчлэн гэр ахуйн том оврын тавилга, хөргөгч, зурагт зэргийг захиалдаг.  Гэтэл удтал хүлээсэн  гэр ахуйн бараанууд эхнээсээ  эвдрэл гэмдэлтэй ирэх боллоо. Тухайлбал, чулуун хавтан бүхий зурагтын тавиурын хавтан нь хагарч, цуурч, ирсэн бол өөр нэг буйдангийн хөл нь хугарсан ирсэн. Үйлчлүүлэгчид  “Би энэ барааг авахгүй. Та нар ачаа барааг эвдрэл гэмтэлгүй оруулж ирэх үүрэгтэй. Миний хохирлыг барагдуулж өг” гэж байна.

Дээрх хоёр үйлчлүүлэгчийн гомдлыг барагдуулснаар хоёр сая төгрөгийн алдагдалд орсон. Энэ байдлаараа цаашид том оврын бараанууд эвдрэл гэмтэлтэй ирэх юм бол эргэлтэд оруулах мөнгөгүйн улмаас  хаалгаа барихад ойрхон болчхоод байна.

Жижиг оврын бараанууд  ч бага зэргийн гэмтэлтэй ирж байна. Эрээн хот дахь агуулахаас бараануудыг шалгаж аваад хэрэв гэмтэлтэй байх юм бол үйлдвэр рүү буцаадаг. Тиймээс Замын-Үүдэд ачаа барааг буулгах үед л унагааж гэмтээсэн юм болов уу гэж хардаж байна. Үүнээс гадна  Замын-Үүдэд ачааны машины татварыг нэмсэн. Нэг бараан дээр 20-30 мянган төгрөг илүү төлж бараагаа авчирч байгаа учраас бусад каргонууд үнээ нэмсэн. Манайх харилцагчдаа  авч үлдэхийн тулд каргоныхоо үнийг  нэмэлгүйгээр эрсдлийг өөрсдөө үүрч байна. Тиймээс нэмэлт захиалга авахаа зогсоосон. Саяхан 10 том багц ачаа авсан ахиад тэр хавьцаа бараанууд ирнэ.  Тэдгээр бараануудын   хэд нь гэмтэлтэй ирэхийг ёстой хэлж мэдэхгүй юм. Би хувьдаа Засгийн газар, Улсын Онцгой комиссын  зохион байгуулалтын тал дээр муу дүн тавина. Гэхдээ дундын бүсэд байгаа 50 жолооч Эрээнд бөөгнөрсөн ачаа барааг  оруулж ирэхэд хүрэлцэж  байгаа юу гэдэг бас эргэлзээтэй. Учир нь арваннэгдүгээр сард захиалсан бараа энэ сарын эхээр ирэх жишээний. Бүхэл бүтэн хоёр сарын хугацаанд ачаа бараанууд Эрээнд гацлаа. Өмнө нь жолооч Замын-Үүдээс Улаанбаатарт  ирж ачаа бараагаа буулгачхаад тэр машинаараа эргээд ачаа бараагаа зөөдөг байсан. Харин одоо  жолоочид  Замын-Үүдээс Эрээн рүү  орохын тулд PCR шинжилгээ өгч, тусгаарлалтад орж, тусгаарлалтаас гарсан жолооч нарт цаанаас нь томилгоо хийн машин олгож байна.  Дундын бүсэд зарим бараа гадаа байгаа талаар сонссон. Тэдгээр  дунд хөлдөх, хагарах,магадлалтай маш  олон бараа бий. Үүн дээр ямар нэгэн зохицуулалт хийхгүй бол энэ төрлийн бизнес эрхэлдэг хүмүүс өрөнд ороод, өрөө төлөх боломжгүй нь шоронд ороход ойрхон байна” гэлээ.

Яг ийм гомдол, саналтай маш олон ачаа, бараа хүргэлтийн компаниуд бий. Тэдний хувьд ачаа нь удаан хугацаагаар саатна, дээрээс нь эвдрэл, гэмтэлтэй ирж байгаа нь маш том асуудал болоод буйг дурдаж байгаа юм. Ялангуяа урд хөршөөс ирүүлж байгаа ачаа барааг шалгаж ачуулдаг бөгөөд хэрэв гэмтэлтэй, эвдэрсэн бол шууд үйлдвэрт нь буцаах боломжтой байдаг гэнэ. Тиймээс барааг ачих үеэр горим алдах, буруу тээвэрлэх зэрэг нь алдагдал хүлээхэд хүргэж буйг сануулж байгаа юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж