Н.Эрдманны “Амиа хорлогч” бол намын хэнээтнүүдэд өгсөн салаавч юм | News.MN

Н.Эрдманны “Амиа хорлогч” бол намын хэнээтнүүдэд өгсөн салаавч юм

Н.Эрдманны “Амиа хорлогч” бол намын хэнээтнүүдэд өгсөн салаавч юм

Н.Эрдманны “Амиа хорлогч” бол намын хэнээтнүүдэд өгсөн салаавч юм

Урлаг бол оюун санааны түүчээ хэмээн итгэчихсэн төрийн албан хаагч урлагийнхан өдөр бүр телевизээр хаа нэгтэйгээс цээжилсэн зүйлээ ярьж, үзүүлж иргэдээ гэгээрүүлнэ, ялархана. Төрөхдөө л баруун гартаа Монголын хөгжлийн хөтөлбөр барьж төрсөн гэлтэй улстөрчид, намчид тайзан дээрээс иргэдээ хуваана, ялархана.  Өөрөөс нь дор боловсролгүй хэсэгтээ удирдуулж яваадаа бухимдсан бэртэгчин дундаж анги сошиалд уураа гаргаж ард түмнээ доромжлоно, ялархана.  Нийгмийн хэт цөөнх болтлоо баяжиж тасарсан олигархи гэр бүлүүд, уурхайн эзэд та нарыг тэжээж байна хэмээн ажилчдаа загнана бас нийгэмдээ ялархана. Эцэст нь энэ нийгмийн олонх болсон Дорж, Должин хоёрыг бүгд л боолчилно. Туслах дүрээрээ томилно. Манай нийгэм бол галзуурсан бас тамирдсан нийгэм юм.

Хүний амьдрал далайн түрлэг, оддын хөдөлгөөн, буян нүгэл, төр иргэн, хууль ёс суртахуун, гэр бүл хайр гэх тогтсон жам ёсны мэт тойрогт  хувь заяа нь шийдэгдэж бид зөвхөн дасан зохицож л амьдардаг уу. Эсвэл дасан зохицсон нь илүү удаан оршиж, олонх болсноор нийгмийн үнэт зүйлсээ тогтоож түүнийгээ цаг үе гэж нэрлэдэг үү. Өөрөөр байх гэсэн нь цөөнх болж, нийгмийн үнэт зүйлсийн дайснаар нэрлэгдэн амьдралыг хэтэрхий өндөр өртөгтэйгөөр туулдаг уу. Их тэсрэлтийн онол шиг хожим нь бүрэлдэх цоо шинэ цаг хугацааг бүтээдэг үү.  Нэг бол өөрийн зөв гэж явсаар юу ч үгүй сарнин үрэгддэг үү.

Аль нь ч байсан гэсэн хүн бүрт эрх чөлөөнд тэмүүлэх, түүнийгээ илэрхийлэх, нийгмийн үнэт зүйлсийн эсрэг өөрийнхөө оршин буйг илэрхийлэх далд хүсэл бий. Энэхүү атгаг гэмээр хүслээ хууль ёсоор илэрхийлэх “эрх чөлөө”  ганцхан урлагт нээлттэй оршдог учраас хүмүүс шунан дурладаг байх. Тийм нэгэн агуу зохиолчийн тэрслүү зохиолын тухай хөндөх гэж нэлээд урт өгүүлбэрүүд биччихлээ. Өршөө. Уучил.

Орос Зөвлөлтийн кино зохиолч, жүжгийн зохиолч, яруу найрагч Николай Эрдманны амьдралыг аз жаргалтай байсан гэвэл хэтрүүлсэн хэрэг болно. Түүний амьдралыг товчхондоо Амадеус буюу өөрийнхөө цаг үед ойлгогдоогүй суутан хэмээн хэлж болохоор… түүний амьдарч байсан цаг үе Орос орны түүхэнд октябрийн хувьсгал,сталины цөллөг, дэлхийн II дайн, Хрушёвын дулаарал энэ бүгдийг тэр даван туулсан. Гайхамшигтай эсвэл ороо бусгаа цаг үе болоод ч тэрүү, шижир авъяастанууд бас адгийн новшнуудтай хамт нэгэн тэнгэр дор тэрбээр өөрийн хувь заяаг туулсан билээ.

Дэлхийн театрын урлагт XIX зууны сүүл XX зууны эхээр “найруулагчийн театр” гэх цоо шинэ концепци ойлголт түгэн дэлгэрч эхэлсэн байдаг. Тэр үед уламжлалт театрт жүжгийн зохиолч, жүжигчин хоёр голлох үүрэг гүйцэтгэж байсан бол юун түрүүнд Их Британи, Франц, Орос, Германд театрын голлох хүнээр найруулагчын мэргэжил, найруулагч хүн тодорч тайзан дахь драмын үзүүлбэр урлагийн цогц бүтээл болох эхийг тавьсан гэдэг. Найруулагчийн театрын эрин эртнээс дадал болсон уламжлалт олон зүйлийг эвдэж, театрын бүтцийг  тэр чигт нь өөрчилсөн агуу ноён оргилууд Константин Станиславский, Всеволод Мейерхольд нар номлолоо боловсруулсан байдаг. Харин энэ дунд “Найруулагчаас дутахгүй зохиолч илүү чухал юм. Анхны үндсэн идей буюу гол санааг ямар ч найруулагч олж чадахгүй” гэдгийг тэдгээр суутнуудад хүлээн зөвшөөрүүлж чадсан зохиолч бол Н.Эрдманн байлаа.

Түүний 1928 онд бичсэн алдарт  “Амиа хорлогч” жүжгийг С.Есенин, О.Мандельштам, А.Платанов төдийгүй А. Эйнштейн ч шагшран магтаж байсан төдийгүй К.Станиславский гэхэд “Амиа хорлогч” жүжгийг сонсоод “Гоголь! Манайд шинэ Гоголь төрлөө” хэмээн баярлан орилсон гэдэг. Ингэж ЗХУ-ын хоёр тэргүүлэгч театр жүжгийг тайзнаа тавихаар бэлдсэн ч театрын ертөнцөд цензур тогтоож хянадаг гол байгууллага болох Главрепертеком-ын түшмэдүүдэд таалагдаагүйн улмаас олонд үзүүлэхийг зөвшөөрөхгүй байв. М.Горький дэмжээд ч тусыг эс олсон тул К.Станиславский сүүлчийн аргаа хэрэглэхээр шийдэж, шууд И.Сталинд хандан захидал бичихдээ, “Манай цаг үеийн томоохон бүтээлийн нэгийг тайзнаа гаргах зөвшөөрөл олгоно уу” гэжээ.

Үүний дараа К.Станиславскийд “Амиа хорлогч”-ийг тавихыг зөвшөөрсөн ч нээлт болохын өмнөхөн И.Сталины даалгавраар хоригложээ. И.Сталин 1931 оны арваннэгдүгээр сарын 9-нд К.Станиславскийд бичсэн захидалдаа гаргасан шийдвэрээ тайлбарлахдаа, “Би “Амиа хорлогч” жүжгийг өндрөөр үнэлмээргүй байна. Үүнээс гадна намын нөхөд уг жүжгийг хөндий хоосон, олон нийтэд хортой бүтээл гэж үзсэн” гэжээ. Агуу найруулагч Мейерхольд өөрийн театрт тавихаар “Ард түмний эцэгт” захиа бичиж байсан ч бүтсэнгүй. Эрдмантай нэг байранд амьдардаг байсан түүний шүтэн бишрэгч, тэр үеийн Гэгээрлийн яамны сайд А.Луначарский “Амиа хорлогч”-ийг тайзанд тавихаар И.Сталинг ятгаад, ятгаад дийлээгүй гэдэг. Угаасаа коммунистууд, социалистууд урлагт дургүй. Харин үзэл сурталд л дуртай.

Түүний “Амиа хорлогч” жүжиг нь олон жил хориотой байсны эцэст ЗХУ-д 1987 онд л “Орчин үеийн драматург” сэтгүүлд хэвлэгджээ. Анхны хэвлэл нь түүнээс бүр урд жүжиг бичигдсэнээсээ 41 жилийн дараа буюу 1969 онд ХБНГУ-д орос хэл дээр хэвлэгдсэн бөгөөд тэр жилдээ Шведийн Гётебэргийн театрт Ю.Фалькны найруулгаар театрт маш амжилттай тавигджээ. Дараа жил нь Германд Цюрихийн театрт тавьсан бөгөөд 1980 онд Канадын Торонтогийн театрт А.Ричардсоны найруулгаар анх удаа англи хэл дээр тавигдсан юм. Үүнээс хойш дэлхийн олон орны театрт тавигдсан боловч өөрийн төрөлх Орос орондоо  1982 онд л Москвагийн Академик Сатирын Театрын тайзнаа тавигджээ.

“Амиа хорлогч” жүжгийг Оросын суут яруу найрагч О. Мандельштамын гэргий, утга зохиол судлаач Н.Я.Мандельштам  “Жүжиг анхныхаа үзэл баримтлалын дагуу хуурамч, зэвүүн багаар өөрсдийгөө халхалсан өрөвдөлтэй сэхээтэнцэрүүдийн цуглуулга, амиа хорлохоор төлөвлөсөн нэг хүнийг шахаанд оруулж байна. Тэд түүний үхлийг зөвхөн хувийн ашиг сонирхолд л ашиглахыг оролдоно… Эрдманн жинхэнэ уран бүтээлчийн хувиар тэдний хуурамч багийг хуулж өөрийн мэдэлгүй манай үеийн эмгэнэлт дүр зургийг харуулсан. Энэ нь зөвхөн биднийх гэлгүй хүн төрөлхтөний гол сэдэвт нэвтэрч чадсан. Гол баатар амиа хорлохоос татгалзсан нь амьдрал жигшүүртэй тэсвэрлэх хэцүү ч хүн амьдрах ёстой. Яагаад гэвэл амьдрал бол амьдрал гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Энэ бол бүх зүйл биднийг амиа хорлох явдал руу түлхдэг ч бид юуны учир үргэлжлүүлэн амьдарч буй тухай жүжиг юм” гэж хэлсэн байдаг.

Дэлхийн олон тайзнаа хожмоо хутгийг олж тавигдсан “Амиа хорлогч” жүжгийг нэрт театр судлаачид, шүүмжлэгчид санал нэгтэйгээр сайшаадаг бөгөөд Ф.М.Достоевскийн “Ад зэтгэрүүд” Н. Гоголийн “Байцаагч түшмэл” -тэй энэ тэнцүүд тооцдог. Тэрээр чимээгүйхэн 1970 оны 8 сарын 10-нд таалал төгсжээ.

Сонгодог бүтээл өөрийн үеэс гадна ирээдүйн цаг үе бүрт үнэ цэн орж, өгүүлэмж нь тодорч байх гэсэн үндсэн шалгууртай. Өнөөдөр ч Монголын нийгэмд Н.Эрдманны “Амиа хорлогч” бүтээл үнэ цэнтэй, өгүүлэмжтэй байна. Бид чөлөөт нийгмийн нээлттэй тайзан дээр хүн бүр гол дүр болж тоглохын төлөө зүтгэхдээ бусдыгаа үргэлж өөрийн тайзны туслах дүр хэлбэрээр ашиглаж амьдардаг. Хэрвээ урлагийн бурхан Орфей эсвэл Янжинлхам монгол орныг дээрээс тольддог бол нэг тайзнаас нөгөө тайз нь залган байрласан асар том хуаран, тамирдсан нийгмийг л харж байгаа нь лавтай.

Гэвч хүний цаад мөн чанар болох өөрийн оршин байхыг мэдрүүлэх, өөрөө шийдвэр гаргах ёстой, эрх чөлөөнд дурлах тэр хүсэл нэг л өдөр дэлбэрч Дорж, Должингууд амиа хорлохоо зарлана. Энэ бол бэртэгчин сэхээтнүүд, намын хэнээтнүүд, ялархсан олгирхиудад өгч буй эрүүл хүний салаавч юм. Чухам энэ үйлдэл яаж өрнөх талаар хэсэг монгол залуус нэгдэн “Амиа хорлогч” гэх инээдмийн кино төсөл эхлүүлээд байна. Мэдээж Н.Эрдманны “Амиа хорлогч” зохиолоос сэдэвлэн монгол хувилбараар гарна. Нийгэм энэ тэрээ соён гэгээрүүлэх гэсэнгүй, зааж зааварлах гэсэнгүй, хэдэн төгрөг хийх гэсэнгүй. Зүгээр л кино хиймээр санагдсан хэсэг монголчууд.

Амьд хүн бүхэн амиа хорлох тухай амьдралдаа нэг удаа бодсон байдаг. Шалтгаан л биднийг ялгадаг. Ахдаа нэг хийчих.

                                                                  Хамт уусан 40 мянгатын ах.

 

О.ЧУЛУУНБИЛЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-17 80.92.245.24

Германд Цюрихийн театрт тавьсан germand eem hotiin eemnertei tetr haa baidag be
Swittserland anduursan bololtoi

Avatar

Зочин 2021-01-17 202.9.46.83

тэгээд юм л бол нэг хошин байдлаар хийх гэдгээ больмоор юм

Avatar

Зочин 2021-01-17 192.82.77.15

Коммунизм, Либерализ хоёр хоёуланд нь улаан өнгө байдаг. Улаан тэнэгүүд нь ихсэхээр улс орон суйрдэг

Avatar

Либертари ирргэн 2021-01-17 192.82.69.66

Уг нь зөв, сайхан зүйл сэдэж. Даан ч энэ залуу өөрөө намын туг болж намираад байдаг залуу мөн үү. Ингэж үг, үйл хэрэг, үзэл бодол зөрөх нь онцгүй юм даа.

Avatar

Зочин 2021-01-17 178.17.174.13

!!!!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Иргэн 2021-01-17 66.181.186.116

хүн бүр хүн бүр гол дүр болж тоглохын төлөө зүтгэхдээ бусдыгаа үргэлж өөрийн тайзны туслах дүр хэлбэрээр ашиглаж амьдардаггол дүр болж тоглохын төлөө зүтгэхдээ бусдыгаа үргэлж өөрийн тайзны туслах дүр хэлбэрээр ашиглаж амьдардаг энэ хэсэг яг шүү

Avatar

Мөнхөө 2021-01-17 202.9.40.26

Таалагдлаа О.Чулуунбаатар

Avatar

партизан 2021-01-17 192.82.68.176

ККК.АМИА ХОРЛОХОО БОЛИЛОО АХДАА НЭГ ХИЙЧИХ ГОЁ

Avatar

ха ха 2021-01-17 66.181.179.179

Гоё шаасан ха ха. Кино нь хэзээ гарах юм бэ

Avatar

гоо 2021-01-17 192.82.68.128

мэдлэгтэй мэдрэмжтэй залуу бна

Avatar

Намчин 2021-01-17 202.9.46.191

Өөрөө нэг намын хэнээт байж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж